



















УИХ-ын даргын өндөр сэнтийгээс бүтэн арван мандаттай тойрогт нэр дэвшин өвдөг шороодсон Г.Занданшатарыг “тооноор” оруулан Ерөнхий сайдын суудалд залахын горыг монголчууд нийтээрээ амсаж байна.

Албан тушаалд туйлын дуртай, легитим шинжээ ард түмний сонголтоор аль хэдийн алдсан тэрээр дахин дахин төрийн дээд суудалд зүтгэснийхээ төлөөсийг өдий хүргэсэн 100 жилийн түүхт МАН-ынхаа нэр хүндээр, ард түмэн бензин шатахууны хомсдол, сургууль цэцэрлэгийн жагсаалаар сольж байна.
МАН-ын даргын төлөөх сонгуульд ялагдсан Г.Занданшатар тахимаа өгөхийн оронд өрсөлдөгчөө харлуулах кампанит ажиллагааг эхлүүлж, хуульгүй, дүрэмгүй, худлаа ярьж эхэлсэн. Үүний үр дүнд парламентын 126 гишүүний 71 нь буюу үнэмлэхүй олонх нь түүний тэргүүлсэн Засгийн газрыг огцруулсан билээ. Гэвч хариуцлагаа хүлээх бус, “тооноор” эргэн ноцож Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг ашиглан дахин Ерөнхий сайдын суудалд “хууль бус”-аар суугаад буй нь Г.Занданшатарын улс төрийн гурав дахь уналт.
Хэрвээ тэр үнэхээр төрт ёсоо хүндэлдэг, хууль ёс сахиулагч байсан бол анхны бүдрэлтээ хүлээн зөвшөөрөх байв. Гэвч тэр “улайран зүтгэгч, өс хонзогногч, албан тушаалд шунагч” болж хувирсан.
Ерөнхий сайд Г.Занданшатартай холбоотой хууль бус, ашиг сонирхлын зөрчил бүхий олон асуудлаар хуульч Б.Гүнбилэг АТГ-т албан ёсоор хандсан. Хэрвээ тэр бусдыг хэрэг үүсгэн шалгуулж чаддаг бол, өөрөө ч мөн адил шалгуулах учиртай. Монгол Улсад шударга ёс, хууль хүн бүрт тэгш үйлчилдэг бол “гахайны эрх мэдэл” гэж тусдаа байх учиргүй.
Ерөнхий сайд Г.Занданшатар ямар асуудлуудад нэр холбогдоод байна вэ?
• “Эрдэнэс Тавантолгой”-н тендер: Онцгой дэглэм тогтоосныхоо дараа тэрээр найз, зөвлөх Ц.Анандбазарын “Сод Монгол” ХХК-д 322 тэрбум төгрөгийн тендер олгосон гэх мэдээлэл бий. Энэ нь Ашиг сонирхлын тухай хуулийг илт зөрчсөн гэж хуульч Б.Гүнбилэг үзэж, АТГ-т хандсан. Ц.Анандбазар нь Ерөнхий сайдын зөвлөх төдийгүй олон жилийн хувийн найз бөгөөд тэд “Монголын Силикон Вэлли” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид юм.
• Баянхонгор–Шаргалжуутын автозам: 54.1 км замын 66.4 тэрбум төгрөгийг Г.Занданшатар өөртөө зориулсан гэж үзэх үндэслэлтэй хэмээн мөн хуульч Б.Гүнбилэг хуулийн байгууллагад ханджээ.
• “Бриж бюлдинг” компанийн тендер: Тэмээтэй хөшөөнөөс Хан-Уул дүүргийн И-Март хүртэлх замын бордюрын 7.3 тэрбум төгрөгийн ажилд Г.Занданшатарын хамаарал бүхий уг компани шалгарсан гэх мэдээлэл цахим орчинд удаа дараа гарчээ.
• Зээлийн асуудал: Тэрээр УИХ-ын дарга байхдаа өөрөө болон дүү, хүүхдүүдийнхээ нэр дээр нийт 444 сая төгрөгийн тэнцэх хэмжээний сургалтын зээл авч, эргэн төлөөгүй гэх мэдээлэл хоёр жилийн өмнө нийтлэгдсэн. Хамаарал бүхий дөрвөн хүн нэг сангаас нийт 128,971 ам.долларын зээл авчээ.
• Салхитын мөнгөний орд: Энэ хэрэг ч мөн түүний нэртэй холбогдож ирсэн.
Хэрвээ Монголд шударга ёс үнэхээр үйлчилдэг бол Г.Занданшатар эдгээр асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, өөрийн нэрийг цэвэрлэх учиртай. Төрийн өндөр сэнтийд суух эрх нь хууль, ёс зүй, шударга байдлын шалгуурыг давсан хүнд л ногддог байх нь зүй.
Иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэж бид итгэдэг. Тэгвэл энэ зарчим Ерөнхий сайдад ч үйлчлэх үү?
Д.Амарбаясгаланг гаднын сайтуудад төлбөртэй гүтгэлэгт өртүүлж, “нэрээ цэвэрлэж байж төрийн албан тушаалд суу” гэж шахаж байсан бол одоо тэрээр энэ жишгийг өөртөө ч адил мөрдөх үү?
Монголын ард түмэн шударга ёсыг хүсэж байна. Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар та нэр холбогдсон бүх асуудлаа хууль ёсны дагуу шалгуулж, үнэнээ ил болгох уу ?










