Хулгай луйвраар, ард түмний баялаг, нийтийн өмчийг тонож томорсон компаниудад нийтлэг ажиглагддаг нэг зүйл бий. Энэ бол хууль бус хөрөнгөө хамгаалж, хувийн өмчид халдлаа гэж Ардчилсан Монголын эмзэг цэг рүү хатгах үзэгдэл. Албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж хүртсэн бүхнээ “хувийнх”, “минийх” гэж итгээд хүний эрх хувийн өмчийг дээдлэх үзлээр хулгайгаа халхавчлах гэж зүтгэсээр. Татвар төлснөөрөө, ажлын байр бий болгосноороо хулгай луйвраа цагаатгаж болдог ямар улсыг та нэрлэх вэ?
Чөлөөт зах зээлтэй ардчилсан орнууд хулгайг хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ч том компани хэчнээн том бүлэглэл байгаад ч хуулийн хайчнаас зайлдаггүйн жишээг Солонгос, Японоос харж байна.
Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээ, Монголросцветмет нэгдлийн 49, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохой, Ачит ихтийн цаана тэр чигтээ луйврын схем зурагдсан. Монголын нөөцийг цөөн бүлэглэл хуваан халаасалж, хилийн чанад дахь хэтэвчээ дүүргээд эцэст хувийн өмчийг дээрэмдлээ гэх манипуляц хийсэн. Монголын төр хэлэлцээрийн ширээний ард зөвхөн Монголын ирээдүй, иргэдийн эрх ашигт нийцүүлэн шийдэх ёстой.
МАК тэргүүтэй уул уурхайн хэдэн компаниуд стратегийн оруудыг эзэмшиж Монголын баялгийг суурь хөрөнгө болгон дэвсчхээд зах зээлийн олон салбарт хүч түрч томорсон.
Гацуурт тэргүүтнүүд жижиг дундын орон зай, цаашлаад жижиглэн худалдаа руу орох шахав.
Жижиг дундыг зах зээлээс шахах марафонд түрүүлсэн нь ч бий... Тэрийг нь Таванбогд гэнэ.
Зэрлэг капитализмыг1 шүтэж моралийг мартсан мөнгөний хөгшчүүл, учраа мэдэхгүй төөрөлдсөн залуу фанатууд нь “татвар төлж, түмэн олноо ажлын байраар хангаж буй та нартаа баярлалаа”, “Ийм компаниуд Монголд олон болтугай” гэж алгаа хорстол ташицгаана. Хэлбэр хөөсөн, мөнгөний боолууд шударга ёс нэхсэн Монголчуудыг Маркист, Маосист, Ленинист, өнгөрсөн нийгмийн хог шаарнууд гэж цоллож дүүжилнэ. Алгаа хорстол ташиж, нүдээ цавчилгүй Монополуудыг магтан дуулах нь Ким Жон Уныг хараад баярлан уйлалдах муу хэлдэг коммунистуудаасаа ялгарахгүй ижил.
Тэс хөндлөнгөөс харж, шударга ёсыг нэхэж буй Ардчилсан Монголын иргэдийг тэдний индивидуал төвтэй үзэл баримтлал шүүх болоогүй.
Өнөөдөр Монголын толгой компаниуд жижигхэн орон зайд луйвардаж тоглосноос өөрөөр гавьсангүй. Тэд баялаг бүтээж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийд өрсөлдсөнгүй. Инновац нэвтрүүлж, эргээд экспорт хийж аль нэг улсын зах зээлд амжилттай тоглосонгүй. Монголдоо л баялаг бүтээгч гэж нэрлэгдэж, өч төчнөөн сургууль, цэцэрлэг барих мөнгө төсөвт тушаасан гэж улайхгүй бахархаж, түүндээ бахардах нь... Баялаг олборлох, үйлдвэрлэх, худалдаа наймаа эрхлэх, үйл ажиллагаа явуулах, жирийн иргэн үндсэндээ бүгд ижил хууль заасан ёсоор татвар төлөгдөх л ёстой. Хэнбугай ч төлсөн татвараараа сайрхах ёсгүй. Татвар төлөх, үхэх, зул сараар “All i want for christmas is you” дууг сонсох нь үнэн гэх яриа Британичуудын дунд бий.
Монголын нөөцөд дангаар хяналт тавихаар улайрах Монополуудын дэргэд төрийн нүдэнд шоовдор хүүхэд шиг үзэгдэх жижиг дунд бизнесийнхэн харин жинхэнэ баялаг бүтээгчид. Тэд төртэй орооцолддоггүй. Татвар төлж “төдөн” сургууль цэцэрлэг бариулах мөнгө төсөвт тушаалаа гэж онгирдоггүй, хариуцлагаа ухамсарлаж, хүнд нийгэмд импортын хамраалгүй Монголыг бүтээх гэж зүтгэж яваа. Тэднийг л дэмжиж буруу замнагчдыг байранд нь буцаах ёстой.
Savage capitalism-Зэрлэг капитализм- Эд баялагт ямар ч хамаагүй аргаар хүрч, хэт төвлөрүүлж, нийтийн санаа бодлыг мунхруулдаг цөөнхийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог хэлнэ. Бид Ардчилал, хүний эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шударга ёс, хэвлэн нийтлэх эрх чөлөө, чөлөөлт зах зээл, нийгмийн ёс суртахуун, хувь хүний ёс зүйд суралцаж, бүтээх гэж 30 жил чармайж ирснээс зэрлэг капитализмыг бүтээхийг хүсээгүй.