



















BBC тэмдэглэл: -ВВС агентлагт Хятадын Ганьсу муж дахь Жиучуань хиймэл дагуул хөөргөх төв рүү нэвтрэх "ховорхон" боломж олдсон юм. Хятад дэлхийн сансар судлалын салбарт тэргүүлж 2030 он гэхэд нисгэгчдээ саран дээр буулгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бүүр цаашлаад сансрын их гүрэн болно гэх амбицтай АНУ-тай өрсөлдөж байна. Өнөөдөр (2024-10-30) энэ амбицдаа ойртох зорилгоо дахин нэг шатаар ахиуллаа.
Тиймээ. БНХАУ тун удахгүй сансрын их гүрэн болох нь. Ганьсу мужийн элсэн говиос Хятадын хамгийн залуу сансрын нисгэгч хөөрлөө.
Бүх тооцоолол дуусаж, сансрын хөлөг тэнгэрийн гүн рүү харвах үед газар чичрэн их чимээ доргиолоо. Элсэн говийг гэрэлтүүлэн хөөрөх пуужингаас их дөл бадарч, чих дүлийрэм сүр бараатай.
"Шэнжоу 19" сансрын хөлөг хөөрч буй агшин 2024-10-30.
Бид лхагва гарагийн үүрээр "Шэнжоу 19" сансрын хөлгөөс ердөө нэг километрийн зайтай зогсож энэ гайхамшгийг нүдээр үзсэн юм. “Шэнжоу 19” хөлөгт Хятадын хамгийн залуу сансрын нисгэгчид яваа бөгөөд тэд өөрсдийн сансар судлалын станц Тянгонгийг зорьж байна. Тянгонг нь "Тэнгэрийн ордон" гэсэн утгатай.
Одоогоос хоёрхон жилийн өмнө Ши Жиньпин, Хятад улс Хязгааргүй уудам сансар огторгуйг судалж, сансрын судлалын хөгжилд шинэ нээлт хийнэ. Хятад улс сансрын их гүрэн болох нь бидний мөнхийн мөрөөдөл хэмээн тунхаглаж байлаа. Сансар судлалын салбарт АНУ-тай эн зэрэгцэх амбицтай Хятад мөрөөдлийг Америкчууд эрс үгүйсгэж байв. Бүтлээ гэхэд сансар судлалд ийм хурдан ахиц дэвшил гаргах нь бодит аюул болох ч магадлалтай гэв.
Энэ оны эхээр НАСА-гийн тэргүүн Билл Нелсон Америк, Хятад хоёр сар луу нисэх гэж "уралдаад" байна. Гэхдээ Хятадын сансрын хөтөлбөрийг би цэргийн хөтөлбөр гэж үзнэ гэжээ.
"АЛДРЫН ОДЫГ БАДРААВ”
Дунфэн сансрын хотыг Хятадын сансрын хөтөлбөрийг дэмжих зорилгоор барьжээ. Гудамжны гэрэл бүрийг төрийн далбаагаар чимсэн харагдана. Хүүхэлдэйн кинон дээр л гардаг шиг сансрын нисгэгчдийн баримлууд, цэцэрлэгт хүрээлэнгийн төвд урлан хийсэн тоглоомон пуужингууд хотыг чимнэ. Нисгэгчид сансрын хөлөг хөөргөх талбай руу шөнө дунд хөдөлж харин тэднийг дэмжихээр олон зуун хүн цугларч, туг далбаагаараа даллан байлаа.
Сансрын нисгэгчид (зүүнээс баруун тийш) Ван Хаозэ, Сүн Линдонг, Цай Сюжэ нар
Үлээвэр найрал хөгжимчид төрийн дууллаа эгшиглүүлж, бага насны хүүхдүүд хацартаа төрийн далбаагаа зуруулжээ. Баяр ёслолын байдалтай энэ үйл явдлыг харахад бахархаж огшмоор. Учир нь Хятад ч бай Америк ч бай, хүн төрөлхтөн сансрыг судалж хязгааргүй огторгуйн нууцад нэвтрэхээр тэмүүлнэ. Энэ бол яах аргагүй бахархал. Бас Хятад үндэсний бахархалт мөч билээ.
Хөлгийн ахмад нь Цай Сюже. Тэрээр 1990 онд төрсөн залуу үеийн нисгэгчдээ туршлага заахаар сансарт гарав.
Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Сансрын нисгэгч, хөлгийн ахмад.
Мөн аяллын бүрэлдэхүүнд Хятадын анхны эмэгтэй сансрын инженер Ван Хаозэ багтжээ. Гайхалтай анхны гэх тодотголтой бүрэлдэхүүн.
Хятадын анхны эмэгтэй сансрын инженер Ван Хаозэ.
Сүн Линдонгний залуу нас, эрч хүч, хүсэл тэмүүлэл намайг эргээд залуу болсон мэдрэмж төрүүлж, өөртөө итгэх итгэлийг минь нэмэгдүүллээ хэмээн ахмад нисгэгч Цай Сюжэ бид өгсөн ярилцлагадаа дурдав.
Алдрын очийг бадраах хүсэл мөрөөдөл, шинэ мөрөөдлийг биелүүлэх энэ үйл явдлаар бид урам зориг авч, эрхэм зорилгодоо хүрнэ. Сансар судлал Хятадыг дархлах үйлсэд бид үнэнчээр зүтгэж, зүрх сэтгэл, оюун ухаанаа бүрэн дайчилна гэдгээ намдаа, ард түмэндээ амлаж байна. Бид Хятадын судлалын хөтөлбөрт шинэ амжилт гаргахын төлөө чармайх болно.
Сансрын залуу нисгэгч Сүн Линдонг 13 настайдаа Хятадын сансрын анхны нислэгүүдийн нэгийн үзжээ. Ийм гайхамшиг харсан тэрээр сэтгэл догдлон, биширч энэ салбарт хөл тавихаар эргэлт буцалтгүй шийдэв. Ингэж л эх орондоо үйлчилнэ хэмээн зорисон гурван нисгэгч ийнхүү үндэсний бахархлаа гүн гүнзгий мэдрэмжээр илэрхийлэв. Хамгийн залуу нисгэгч сансарт хөөрч байгаа нь шинэ үе, шинэ зам сансарт судлал ирж байгаагийн илрэл юм.
Сансрын залуу нисгэгч Сүн Линдонг 1990 онд төржээ.
Хятад улс дараагийн ээлжийн сансрын нисгэгчдээ аль хэдийн сонгож, бэлтгэж байна. Яг одоо дараагийн сансарт ажиллах баг сансрын станцад ажиллах туршлага судлан суралцаж байгаа.
BBC/ Пуужингийн суурь 2024-10-30
2021 онд Хятад улс Ангараг гариг дээр сансрын хөлгөө аюулгүй газардуулж, “Журонг ровер”-ийг байршуулсан хоёр дахь улс болсон юм. Тэгвэл энэ оны эхээр түүхэнд анх удаа сарны алслагдсан хэсгээс чулуу, хөрсний дээж авчирч судалсан байна. Харин ойрын ирээдүйд олон тооны хиймэл дагуулын хөөргөх төлөвлөгөөтэй байна. 8-р сард интернэтийн өргөн зурвасыг хамрах нам орбитын анхны 18 хиймэл дагуулыг хөөргөсөн юм. Үүгээрээ тун удахгүй "SpaceX"-ийн "Starlink" хөтөлбөртэй өрсөлдөх болно гэжээ.
Энэ үйл явдлын дараа "SpaceX"-ийн "Starlink" -ийн үүсгэн байгуулагч Элон Маск өөрийн X хуудаснаа,
Хятадын сансар судлалын хөтөлбөр төсөөлж байснаас илүү байна. Бидний төсөөллөөс ч давсан сансрын хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөхөөс ч аргагүй гэсэн байдаг.
Элон Макс ч Хятадыг хүлээж зөвшөөрлөө. Гэвч АНУ Хятадаас эмээжээ. Хятадын сансрын хөгжил цэрэг зэвсэглэлд ашиглагдах вий гэж...
АНУ-ын Сансрын командлалын тэргүүн, генерал Стивен Уайтинг өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон сансрын симпозиум дээр хэлэхдээ,
Хятад, Орос хоёр "амьсгаа авах"-аас ч хурднаар сансарын хөтөлбөрт асар их хөрөнгө оруулалт хийж байна.
Учир нь 2018 оноос хойш Хятад улс сансрын тойрог замд байгаа тагнуулын, тандалтын дагуулынхаа тоог гурав дахин нэмэгдүүлж, Номхон далай дээгүүр АНУ болон холбоотны цэргийн хүчин чадлыг хянах үйл ажиллагааг явуулж байна гэжээ.
"САНСРЫН УУДАМ ДАХЬ ШИНЭ УРАЛДААН"
Cансрын агентлагийн технологийн төвийн захирал Ли Инлян хэлэхдээ, Хятадын сансрын судалгаа бол "хүн төрөлхтний хамтын даалгавар", АНУ-ын санаа зовних "шаардлагагүй" гэж мэдэгджээ.
Үүнийг өрсөлдөөн гэх нь тохиромжгүй. Хятад улс сансрын технологийг энх тайвнаар ашиглана. Ингэж ч ирсэн. Цаашид бид сансар огторгуйг энх тайвнаар зэрэгцэн ашиглах ёстой. Хамтран ажиллаж, харилцан туршлага судалж, сансрын технологийн янз бүрийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх болно гэсэн юм.
Яг үнэндээ сансарт нисэх шинэ уралдаан бол саран дээр очих ч биш, одон орон судлах бүр ч биш, харин баялгийг хэн хянах вэ? гэх өрсөлдөөн болсон гэж судлаачид үзэж байна. Учир нь манай дэлхийн дагуул сар бол ашигт малтмалаар баялаг. Түүний дотор газрын ховор элемент, төмөр, титан зэрэг металлаас авхуулаад эмнэлгийн тоног төхөөрөмжид ашигладаг гелигээр баялаг гэдэг нь тогтоогдсон байдаг.
"Шэнжоу 19" сансрын хөлгийг хөөргөхөд бэлтгэж буй агшин 2024-10-30
Үнэ цэн нь хичнээн тэрбумаас эхлээд квадриллион хүртэлх доллораар хэмжигдэнэ. Сарны баялагийг судалж тооцоолоход маш урт хугацааны хөрөнгө оруулалт орох ч нөөцийг олборлож, дэлхий дээр зөөж ирэхэд шаардагдах технологийн хүн төрөлхтөн ашиглахад хэтэрхий хол байна. Гэхдээ эхлэлийг нь тавьсан, эзэмших эрх нь байхад Америк Хятадын дараа үе их баялаг дээр хөлбөрөн амьдрах боломж бий хэмээн BBC-ийн шинжлэх ухааны редактор Ребекка Морелле бичжээ.
Пуужин хөөргөх төвийн Хятад мэргэжилтнүүд тус улсын сансрын станцын туршилтын ашиг тусыг онцлон тэмдэглэхийг хүсчээ.
Хятадын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн Жан Вэй,
Бид яс, булчин, мэдрэлийн эсүүд болон бичил таталцлын нөлөөг судалдаг. Энэхүү судалгаагаар бид дэлхий дээрх ясны сийрэгжилт нь сансарт нисэх үед болдог ясны сийрэгжилттэй төстэй болохыг олж нээсэн. Хэрэв бид сансар огторгуйд гарах үед яагаад тийм зүйл тохиолддогийг олж мэдвэл анагаах ухаанд нээлт хийж, ясны сийрэгжилт булчингийн хатингаршилаас сэргийлэх тусгай эм боловсруулна хэмээн мэдэгджээ. Мэдээж туршилтын дийлэнх хэсэг нь дэлхийн хүмүүсийн эрүүл мэндэд үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болох юм.
"Эдгээр туршилтын үр дүнгийн ихэнхийг дэлхий дээр ашиглах боломжтой."
Хятад, Жиучуань, Хиймэл дагуул хөөргөх төв
Хятад улс зарим ололт амжилтаа нуухыг оролддог...
Гайхмаар нь Хятад улс сансар судлалд гаргасан амжилтаа "дарж" ярьдаг. Тухайлбал саран дээр сансар судалгааны станц байгуулах, Сугар гаригийн агаар мандлын дээжийг судлах, энэ зууны дунд үе гэхэд 30 гаруй сансрын нислэг үйлдэх зэрэг зорилтыг танилцуулах үеэр Шинжлэх ухааны академийн ажилтан Дин Чибиао, хөгжилтэй орнуудтай харьцуулахад "тийм ч их амжилт олоогүй" гэжээ. Мөн нисгэгчдээ хөөргөхөөс эхлээд буулгах явц Хятадын хувьд "чухал сорилт" хэвээр байна гэжээ. Хятадын нисэгчтэй сансрын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Лин Шицян,
Сансрын технологи хөгжүүлэх нь нарийн төвөгтэй, нарийн хуваарьтай, маш олон сорилттой хэмээн бидэнд ярилаа.
Хэдийгээр Хятадын эдийн засгийн өсөлт Ковидоос хойш удаашралтай байгаа ч Ши Жиньпин дарга сансар судлалын хөтөлбөрийг нэн тэргүүнд тавьж байна. Мөн Хятад улс сансар судлалд гарсан ахиц дэвшлээ гэрчлүүлэхээр бидэнд нэвтрэх боломж олгосон ч олон амжилт дэвшил нь нууц хэвээр байна.
Хөөргөх талбайгаас "Шэнжоу 19" хөлөг сансар хөөрсний дараа биднийг гурван цаг зочид буудалд байлгаж, автобусаар буцаасан юм. Мэдээж нутгийн иргэд гайхалтай найрсаг, ресторан, үйлчилгээ, хамгаалалтын ажилтнууд бүгд төгс ажиллаж байв.
"ХЯТАДЫН САНСАР СУДЛАЛЫН НУУЦ"
Тус хотод “Нууц задруулах нь гэмт хэрэг” гэх хатуу анхааруулга үйлчилнэ. Хэрэв та нууц задруулсан бол шоронд орно. Та нууцыг хадгалах нь эрхэм үүрэгт тооцогдоно. Харин эрхэм үүргээ биелүүлэхгүй Хятадын сансрын нууцыг худалдвал шууд буудуулна гэж бидэнд хэлж байв.
Хятад улс Америктай зөвхөн дэлхий дээр өрсөлдөхөө больжээ. Тэдний өрсөлдөөн дэлхийгээс хальж сансар огторгуйд үргэлжилж байна. Ирээдүйд хоёр их гүрэн дэлхий дээрх маргаанаа сансарт үргэлжлүүлж, сансрын уудамд чухам юу эдний маргааныг шийдэж өгөхийг бурхан л мэдэх байх...










