



















Америкийн бөмбөгдөгч онгоцууд Фордоугийн цөмийн байгууламжийг бөмбөгдсөн ч энэ цохилтын гол хөдөлгөгч хүч нь Израилийн Ерөнхий сайд байлаа. Беньямин Нетаньяхугийн хувьд Фордоуг бөмбөгдөж, Ираны цөмийн хөтөлбөрийг устгасан нь түүний амьдралын хамгийн чухал үйл явдлуудын нэг бөгөөд Израилийн төлөө амласан амлалтаа биелүүлсэн үйлдэл болсон.
Ираны теократ (төрийн эрх мэдэл засаглал шашны удирдлагад байдаг) дэглэм нь Бибигийн (Нетаньяхугийн хоч) бараг 40 жилийн туршид хөөцөлдсөн гол асуудал байсан бөгөөд Ираны цөмийн байгууламжийг устгасныг өөр хэн нэгний ялалт гэж харах хүн цөөхөн.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Израиль анхны агаарын цохилтоо хийсний дараа тэрээр ард түмэндээ хандаж
“Би энэ аюулыг 40 гаруй жилийн турш ажигласан. 1982 онд би өөрийн номондоо – Аятоллагийн дэглэм байгуулагдсанаас ердөө 3 жилийн дараа – хүн төрөлхтөн болон манай улсад тулгарч буй хамгийн том аюул бол энэ террорист дэглэм байх болно гэж бичсэн” гэсэн юм.
Ням гарагийн өглөө тэрээр олон улсын тавцанд Америкийн ажиллагааг магтан сайшааж “Танаар бахархаж байна, Ерөнхийлөгч Доналд Трамп. Ираны цөмийн байгууламжуудыг АНУ-ын сүр хүчээр онилох зоригтой шийдвэр тань түүхийг өөрчиллөө” гэжээ.
Гэвч Нетаньяху энэ үгийг хэлэхдээ өөртөө итгэлтэй байсан. Учир нь дотооддоо түүний нэр ерөнхийлөгч Трампын дараа биш, харин Бурхны дараа дурдагдаж байв.
Израилийн сангийн сайд, мессиян (аврагч) үзэлтэй Бецалель Смотрич “Өнөө өглөө дэлхий илүү сайн, илүү аюулгүй болж байна. Бурханд талархъя. Ерөнхий сайд Нетаньяхуд талархъя… (бас) Ерөнхийлөгч Доналд Трампад талархъя.” гэжээ.
Израильчуудын ихэнх нь өглөө 7:30-д агаарын түгшүүр дуугарахад л энэ мэдээг мэдэв. Тел-Авивын төв хоргодох байранд хүмүүс баяр хөөрөөр биш, харин утсаа асаахдаа тайвширсан инээмсэглэлтэй угтав.
Сүүлийн долоо хоногт Израильчууд эцэст нь Трамп ухарч, Израилийг орхино гэсэн бодолд автаж байв. Хоёр долоо хоногийн өмнө өгсөн Ерөнхийлөгч Доналд Трампын анхааруулга нь Израилийг хамгаалах гэсэн зорилгоосоо буцах нь гэх дохиог олон хүнд өгч байсан.
Харин өнөөдөр энэ уур амьсгал орвонгоороо өөрчлөгдсөн байна.
“Надад бол энэ үйл явдал нэг л зүйлийг хэлж байна. Хэн ч бидэнтэй тоглож зүрхэлдэггүй” гэж Өмнөд Африк гаралтай Израиль залуу хэлсэн.
Израилийн генералууд сүүлийн өдрүүдэд өглөө бүрийн мэдэгдэлдээ Иран Израилийг заналхийлэх аюул нь нэг биш гурван чиглэлтэй болохыг онцолсоор байв:
Цөмийн зэвсэг
Баллистик пуужин
2023 оны 10-р сарын 7-ны өдрийн дайралттай төстэй алан хядах ажиллагаа гэж.
Гэхдээ Израильд ээлжит сонгууль 2026 оны 10-р сараас өмнө явагдах учиртай. Энэ агаарын цохилтын өмнөх өдөр хийсэн санал асуулгаар Нетаньяху хойно хоцорч байсан.
Тэрээр цөмийн байгууламжийг устгасныг ашиглан нэр хүндээ өсгөхийг оролдох нь тодорхой. Гэхдээ – Дэлхийн II дайны дараа Черчилль дахин сонгогдоогүйтэй адил – Израильчууд энхийн цагт өөр удирдагчийг сонгож болох юм.
Нетаньяху ийм үр дүнд хэрхэн хандахыг хэлэхэд хэцүү. Черчилль будаг түрхэж, ном бичдэг байсан бол Биби огт өөр хүн. Түүнийг авлигын хэрэг, мөн зарим нэг дайнтай холбоотой гэмт хэрэгт буруутгаж байгаа. Тэгэхээр түүний хувьд сонгуулийн дараа ч завгүй өдрүүд үргэлжилнэ
Нэгэн Израиль шинжээч түүнийг “Ираны мангасыг хядаж хүн төрөлхтнийг аврах цагаан хуягт баатар гэж өөрийгөө төсөөлдөг” гэж бичжээ.
Түүний эцэг нь түүхч бөгөөд үзэл бодлын хувьд шинэчлэгч нэгэн байсан. Нетаньяху түүгээр хүмүүжсэн гэдэг.
Хэрэв түүнийг “Ираны мангасыг хядаж” түүхэнд үлдсэн хүн гэж үзвэл, тэр өөрийгөө бүхнийг хийж дуусгасан гэж үзэн— өөр юутай ч нүүр тулах ёстой байсан ч гэсэн- тайвнаар тэтгэвэрт гарах биз ээ.










