2024.12.29.09.05. 181 зорчигчоос 179 нь нас барав. Гурван настайгаас 60 нас хүртэлх зорчигч тээвэрлэж явсан Jeju air-ийн онгоцны ослын шалтгаан эцэслэгдээгүй. Онгоцны хар хайрцагны бичлэгт дүн, шинжилгээ хийх хугацаа хамгийн багадаа нэг сар үргэлжилнэ.
Ирэх жил хуримаа хийхээр төлөвлөсөн залуу
Онгоцны үйлчлэгч болох мөрөөдөлтэй 21 настай Тайланд охин Солонгосд ээжтэйгээ уулзахаар явсан
Эмээ, өвөөтэйгөө уулзахаар яарсан гурван настай зээ
Тайландад Зул сарын баяраа тэмдэглэж буцаж явсан Солонгос гэр бүл....
Тайландын Бангкок хотоос БНСУ-ын Муан олон улсын нисэх онгоцны буудалд газардсан JEJU AIR 7С2216 онгоцны ослын шалтгаан эцэслэгдээгүй ч урьдчилсан таамаглалаар онгоц газардах явцдаа шувуутай мөргөлдөж, улмаар моторын гэмтлээс үүдэж дугуй нь гарч ирээгүй ослын буулт хийсэн гэж таамаглаж буй.
Онгоц осолдохоос өмнө юу болов?
08 цаг 54 минут онгоц шувуутай мөргөлдлөө гэсэн мэдээлэл ирсэн
08 цаг 59 минут онгоцны ахмад онгоцны аюулын дохиог илгээсэн
09 цагийн орчимд хянах цамхагаас онгоцонд буух зөвшөөрөл олгосон
Үүнээс хойш гурван минутын дараа онгоц дугуй нь гарч ирээгүй чигтээ ослын буулт хийсэн
2 минутын дараа цементэн хана мөргөж, онгоцны түлшний банк гэмтэж, дэлбэрсэн
ХАМГИЙН ХАЧИРХАЛТАЙ НЬ
Онгоц ослын буултыг хоёр дахь удаагаа хийхдээ маршрутын дагуу газардаагүй, хэрвээ маршрутын дагуу онгоц газардсан бол нисэх онгоцны буудлыг нэг бүтэн тойрч зурвасны дагуу газардах байсан боловч буух ёстой замынхаа эсрэг тал руу газарджээ. Ямар шалтгааны улмаас эсрэг тал руу буух зөвшөөрөл олгож, онгоцны нисгэгч эсрэг тал руу газардсан бэ? гэдэг нь тодорхойгүй хэвээрээ байна.
Ослын шалтгааныг Jeju air компанийн онгоцны аюулгүй байдал , шувуунд буруу өгөхөөс илүүтэйгээр Муан олон улсын нисэх онгоцны буудлыг буруутгаж байна. Муан олон улсын нисэх онгоцны буудал эрхээ аваад нэг сарын хугацаа ч өнгөрөөгүй байжээ. БНСУ-ын өмнөх Ерөнхийлөгч уг байршилд нисэх онгоцны буудал барихад хэтэрхий жижигхэн гэдэг шалтгаанаар зөвшөөрөл олгоогүй байна. Гэсэн ч зөвшөөрлөө аваад 2024 оны 12-р сарын 7-оос нислэг үйлджээ. Анхнаасаа газар зүйн хувьд маш буруу байршилтай Муан нисэх онгоцны буудлыг Шар тэнгисийн орчимд буюу нүүдлийн шувууд ихтэй газар байгуулжээ.
БНСУ-ын Инчеон нисэх онгоцны буудлын зурвасын урт 3.7 км бол Муан нисэх онгоцны буудлын зурвасын урт 2.8 км. Хэрвээ осолдсон онгоц Инчеонд газардсан бол 179 хүн амьд байх боломжтой байсан тухай хүчтэй шүүмжлэл БНСУ- даяар өрнөж буй. Муаны зурвас хэтэрхий богино байснаас ослын буулт хийсэн онгоц цементэн ханыг мөргөсөн бөгөөд үүнийг нисгэгч тооцоолоогүй байх магадлалтай гэж үзээд байгаа юм. Ослын шалтгаан нь шувуу, дугуй гарч ирээгүй гэдгийг Солонгосын хэвлэл мэдээлэл дамжуулж буй ч цементэн ханыг мөргөж осолдсон тухай дуурсахгүй байгааг иргэд шүүмжилж буй.
Localizer буюу байршил чиглүүлэгч төхөөрөмжийг уг цементэн ханан дээр суурилуулжээ. Хоёроос гурван метрийн өндөр шороон овоон дээр цементэн хана барьж түүн дээрээ уг төхөөрөмжийг байршуулсан .Байршил чиглүүлэгч төхөөрөмж нь онгоц газардах үед нисэх зурвасын мэдээллийг хянан, аюулгүй газардуулах үүрэгтэй юм. Байршил чиглүүлэгч нь 7.5 метрийн өндөртэй, хугарахад хялбар материалаар хийгдсэн байх дүрэмтэй. Энэ нь онгоц байршил чиглүүлэгчийг мөргөлөө гэхэд онгоцонд аюул учруулахааргүй байх ёстой. Гэтэл Муан олон улсын нисэх онгоцны байршил чиглүүлэгч нь энэ стандарт, дүрмийг хэрэгжүүлээгүй гэж шүүмжлэгдэж буй.
Ухаан орсон онгоцны үйлчлэгчийн биеийн байдал тогтворгүй, ухаан санаа нь орон гаран байгаа бөгөөд яг юу болсоныг ойлгохгүй байгаа тухай эмч нар мэдээлсэн.
Онгоцны ослын тухайн үеийн бичлэгийг нисэх онгоцны буудалтай ойрхон байдаг нэгэн цайны газрын захирал хийсэн. Тэрээр онгоцны сонин дуу гарч , нэг талын мотороос утаа гарч байсан. Тиймээс нэг л хэвийн бус зүйл болж буйг таамаглан бичлэг хийжээ. Түүний хийсэн бичлэгээр Муан нисэх онгоцны буудал стандарт бус, газар зүйн маш буруу байршилд баригдсаныг олон нийт мэдэж авахад тус болсон гэж үзэж байгаа.
Jeju air-ийн осолдсон онгоц 2009 онд үйлдвэрлэгдсэн, 15 жил болсон ч шинэ онгоцны тоонд орно. Уг онгоц осол гарахаас өмнө 48 цагийн турш 13 удаагийн нислэг үйлдэж, сүүлийн 24 цагийн хугацаанд дөрвөн орон руу аялаж, ердөө 28 минут л онгоцны хөдөлгүүрийг амраажээ.
БНСУ-д хамгийн их хүн нас барсан онгоцны осол:
1983 онд korain air 007 онгоц буудуулан 269 хүн нас барсан
1997 онд Korain air 205 хүн нас барсан
2024 онд Jeju air 179 хүн нас барсан
Уг осолтой холбогдуулан БНСУ даяар долоон хоногийн гашуудал зарласан нь нэгдүгээр сарын 4 хүртэл үргэлжилнэ.