



















Улс төрийн хоёр сонгууль дараалан Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгогдон ажиллах тохиол төдийлөн хүн болгонд тохиохгүй. Харин Л.Оюун-Эрдэнэ хувьтай улстөрч юм. Гэхдээ түүний улс төрийн карьер "бүдгэрэх тийшээ хандсан" гэж эргэн тойрных нь шивнэлдэж эхлэх.
Арга ядахдаа үзэн ядаж, өнгөрсөн сонгуулийнхаа пи ар-ын “гол хөзрөө” болгож байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой гар барьж, нутгийн ах Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эсрэг улс төрийг хийхээр болсон гэгдэх. 2025 оны төсөв болоод түүнийг тойрсон улс төрийн шийдвэрүүдийг харахад Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалан нарын дөрөө салж, УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазар нартай нийлж, фракц байгуулах тохироо хөшигний ард эхэлсэн бололтой. Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай бол найруулагч ах Б.Баатараараа дамжуулан холбогддог гэдэг.
Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой эвлэлдсэнийг нь “Бодь” группийн Д.Баясгалангийн гардсан төслүүд урагшилж, хамгийн сүүлд гэхэд Хавдар судлалын үндэсний төвийн шинэ барилгын зураг төслийг “Бодь” групп гурван тэрбум төгрөгөөр хийхээр шалгарснаас харж болно. Улсын төсвийн 3 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх энэхүү тендерийг Эрүүл мэндийн яам өнгөрсөн наймдугаар сар болон есдүгээр сард хоёр удаа зарлаж, “Бодь” группийг шаардлага хангасан гэж үзэн ийнхүү шалгаруулжээ.
Саяхандаа “Арилжааны банк төмөр зам бариад байж болохгүй” хэмээн Голомтын Д.Баясгаланг хатуухан шүүмжилж явсан хотын дарга Х.Нямбаатар өдгөө нөгөөх “Арилжааны банк”-аараа цахилгаан станц бариулаад сууж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үеэл, тэрээр Улаанбаатар хотын бонд гаргаж 300 тэрбум төгрөгийг нь ”Бодь” группийн барьж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилгын ажилд хөрөнгө оруулсан. Тэд хүссэн болохоор “цан цохилоо, арилжаа дууслаа” гэх зарчмаар Улаанбаатар бондыг түргэн хугацаанд босгосон юм.
Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн 5 ш ажиллагааны хүрээнд шалгасан нүүрсний гэгдэх хэргийг Д.Баясгалан руу ч холбож үзсэн удаатай. Тухайн үед нүүрсний хэрэг шууд утгаараа “Тавантолгой” төмөр замтай очиж холбогдож байсан. Тиймдээ ч, сандарсан “Бодь” групп, Д.Баясгалан дарга нь өөрөө гарч ирэн, хэвлэлийнхэнд тайлбар мэдээлэл өгч байлаа. Учир нь, Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр "Бодь" групп ажилласан билээ.
Үндсэндээ “Голомт”-ын гэдгээрээ танигдсан Д.Баясгалан мухар төмөр зам, нүүрсний оффтейк гэрээний хэргээс эхлээд уул уурхай, эрчим хүч, банк, төмөр зам гээд оролцоогүй салбар үгүй болсон. Нүүрсний мафийн хэлхээг тасална, МАНАН бүлэглэлтэй тэмцэнэ гэж сүржин эхэлсэн ч, дундаасаа өөрсдөө ийнхүү сүлэлдэж эхэлснийг Л.Оюун-Эрдэнэ болоод түүний танхимын гаргасан шийдвэрүүдээс “уншигдах” боллоо.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нам дахь байр суурь нь сүнсгүй болж, сүлд нь одсондоо өмнө нь эсэргүүцээд, шүүмжлээд байсан улстөрчидтэйгөө сүлэлдэх болсон гэжээ. Эрх баригч нам өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулиар олонх болсон ч, яг намын зүгээсээ парламентын суудлаа хорогдуулж, хуучин байсан амжилтаа бууруулсан “сандралдаж” суугааг саяны 2025 оны төсөв батлахад гаргасан чуулганы уур амьсгал, гишүүдийн гаргасан үг, үйлдлээр нотолж болох юм.
Л.Оюун-Эрдэнэ өөрөө тодотгол оруулна гэх чиглэл өгч байж, 2025 оны төсвийн алдагдлыг бууруул гэсэн “гал” чуулганы танхимд намжсан. Төсөв тойрсон шүүмжлэл намжиж амжаагүй байтал Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор оруулсан. Ирэх УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр тов нь гарчээ. Уран олборлох төслийг гишүүдээр дэмжүүлэх нь чухал ч, эх орны эрх ашгаас урьтаж, өөрийн эрх ашгаа тавих гишүүн цөөнгүй бий. Энэ мэт эсэргүүцэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд их гарах болсон.
Нөгөө талдаа ч, Л.Оюун-Эрдэнэ өөрөө УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон түүний хамаарал бүхий хүмүүсийн хөрөнгө орлогын мэдүүлэг, эзэмшдэг компаниудын нэр, тэдгээр нь ямар ямар банкнаас зээлтэй эсэх. Мөн МАН тэр дундаа спикерийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн цөм "Шинэ хоршоо"-ны санхүүжилтээй холбоотой мэдээллийг үе үе цацаж, спикерээр “оролдох” болсон юм. Эндээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын зам хэдийнээ салаалсан гэж дүгнэгдэхээр байна.
Ногоон автобусны хэрэгт буруутгаж, албан тушаалаас нь буулгасан хотын дарга асан Д.Сумъяабазартай одоогийн хотын дарга Х.Нямбаатар их эвтэй байгаа. Түүний гэгдэх А.Баярыг НИТХ-ын даргаар сонгосон. Ингээд харвал Л.Оюун-Эрдэнийг Д.Сумъяабазарын баг дэмжихээр тохирсон бололтой. 2025 оны төсөв батлах үеэр хамгийн их “шүүмжлэл” хэлэх ёстой Б.Энхбаяр гишүүн хүртэл нам гүмхэн байв. Арга ч үгүй биз, Б.Энхбаяр гишүүн бол Д.Сумъяабазартай нэг тал.
2025 оны төсөвтэй зэрэгцээд зарим хэвлэлээр "Трафигура" групп Монгол дахь үйл ажиллагаанаасаа луйвар илрүүлж, 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээх шинжтэй болсон тухай мэдээлэл цацагдсан. Хуурамч шатахуун үйлдвэрлэх боломжийг “Трафигура” групп буюу эзэн Э.Жононбаярт олгосон хүн нь Д.Сумъяабазар нарын улс төрчид гэдэг. Тиймдээ ч, монголд нэг сенсаацыг нөгөөгөөр дарах технологио хэрэгжүүлж Засгийн газар “Трафигура” группийн Монгол дахь салбарынхны луйврын хэргийг энэ зарчмаар шүдэнз зурах төдий дүрсхийгээд л өнгөрөх бололтой.
Анзаарч харвал, нэр бүхий дуучин СU сүлжээ дэлгүүрийн ажилтаныг зодсон тул 100 мянган төгрөгөөр торгуулав, жүжигчин Б.Амарсайхан лифтэнд хүүхдүүд зодов гэхчлэн гэмт хэргийн шинжтэй мэдээгээр улс төрийн аливаа сенсацийг дардаг жишиг тогтсоныг хэрсүү иргэд хэдийнээ мэддэг болжээ.
Эцэст нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн карьер хүчгүйдэн, бүдгэрч хамтарсан Засгийн газар тарах асуудал улстөрийн хөшигний ард хөндөгдөж эхэлсэн байна. Сонгуулийн ерөнхий хороо гэдийвэл, улс төрийн намынханыг хуулийн хугацаанд нь буюу 2025 оноос урьтаж намын дүрмээ батлуулж, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Ингэхийн тулд намууд 2024 ондоо багтаж их хурлаа заавал хийх зохицуулалттай. Энэ байдлаараа Л.Оюун-Эрдэнэ дарга намын их хуралдаа орвол “хөөгдөөд” гарах магадлал тун өндөр байх шиг.










