



















БНСУ-д улс төрийн байдал тогтворгүй байна. Эрх баригч нам болон Ерөнхийлөгч Юн Сок Ёлын унасан нэр хүнд улам уруудаж байна. Урьд шөнө БНСУ-ын иргэд Үндэсний ассемблейн төв байрны гадаа лаатай жагсаал хийж, Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцрохыг шаардав. БНСУ-ын иргэд Ардчилал, үнэт зүйлсээ хамгаалахаар сөрөг хүчинтэйгээ нэгдэж байна.
Сөрөг хүчин гэдэг үгний үндсэн мөн чанар нь эрх баригчдийн эсрэг сөрж чадах хүч юм.
Сөрөг хүчний 6 нам нэгдэж Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах импичментыг зарлах үйл явцыг эхлүүлэв. Тус улсын 300 хууль тогтоогчоос 192 нь зөвшөөрч гарын үсэг зураад байна. Хэрэв одоо эрх баригч намын хагарал сөрөг эффект үзүүлж дахин 8 гишүүн гарын үсэг зурвал Ерөнхийлөгчийг огцруулах импичмент болно гэсэн үг. Хуульд зааснаар Үндэсний ассемблейн гишүүдийн гуравны хоёр нь зөвшөөрвөл импичмент зарлана гэж заажээ. Баасан гаригт Үндэсний ассемблейд санал хураалт явуулах төлөвтэй байна. Харин гол сөрөг хүчин болох Ардчилсан намын зүгээс Ерөнхийлөгч Юн Сок Ёл, болон Батлан хамгаалах, Ким Ён Хён нарыг эх орноосоо урвасан гэж үзэж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах эсэргүүцлийн жагсаал өмнөх саруудад хэд хэдэн удаа болсон. Харин цэргийн онц байдал зарлагдсан нь Солонгосын иргэдийг улам ихээр бухимдуулж, өнгөрсөн үеийн гашуун дурсамжуудыг нь хөнджээ.
Учир нь 1980 онд зарлагдсан онц байдлын үеийн хар бараан дурсамж сэргэлээ хэмээн жагсагчдын төлөөллүүд онцолсон юм.
1979 оны 12-р сарын 12 нд Солонгосын армийн хошууч генерал Чун Ду-хван төрийн эргэлт хийж, цэргийн онц байдал зарлав. Онц байдал зарлагдснаар хүмүүс хорио цээрийн дэглэмд орж, хөл хоригдож эхэлжээ. Гадагш гарсан хүн бүрийг баривчилж “Самчонг” хэмээх дахин хүмүүжүүлэх хуаранд аваачдаг байв. Жирийн иргэн тамхи татахаар гарсан ч баригдаад Самчонг руу ачигдана. Иргэний үнэмлэхгүй гадуур явж байгаа хүмүүсийг саатуулна. Энгийн хувцастай офицерууд хаа сайгүй эргүүл хийж, гудамжинд яваа хүмүүсийг баривчилдаг байлаа.
Чун Ду-хван генерал төрийн эргэлт хийснээр дарангуйллын засаглал "харанхуй үеийг" авчрав. Түүний засаглалын үед эсэргүүцэн дуугарсан хэнийг ч болов баривчилж, их дээд сургуулиудыг хааж, улс төрийн аливаа үйл ажиллагааг таслан зогсоож, хэвлэлүүдийг боомилж байлаа.
1980 оны дунд үед Чун Ду-хваны засаглалыг эсэргүүцсэн оюутнуудын жагсаал боллоо. Ардчиллыг хүссэн олон мянган оюутнуудын жагсаалыг хүч хэрэглэн дарж авахаар Чун Ду Хван арми хөдөлгөж, 200 орчим оюутан амиа алдсан гашуун түүхтэй.
Өчигдөр орой лаатай жагсаалд оролцож буй 55 настай Кён Сү хэмээх багш Кванжу хотын их сургуулийн ойролцоо амьдардаг гэжээ. Тэрээр 1980 оны оюутны бослогод Канжугийн их сургуулийн олон оюутан амиа алдсаныг онцолж байв. Юн Сок Ёлын зарласан цэргийн онц дэглэм яг тэр үеийг санагдуулам хүнд байлаа хэмээж байсан юм. Мөн тэрээр, “Би айдас дүүрэн орчинд өссөн". Дайны үеийн хууль, “Онц байдал” миний хувьд гүнзгий дурсамж үлдээсэн. Өчигдөр ч гэсэн би Үндэсний ассемблэйд буун дуу гарч магадгүй гэж айж байлаа, энэ бол холын дурсамж биш шүү дээ гэсэн юм.
БНСУ-ын энгийн иргэд оролцож байгаа уг жагсаал оролцогчид бүгд өөр өөрийн итгэл үнэмшилтэй аж. Онц байдал зарлана гэдэг бол Ардчилалд аюул заналхийлж байна гэсэн үг хэмээн хүн бүр санал нэгтэй байна.
Ганцхан жишээ дурдахад дөнгөж 15 настай Мүн Со Ён гэх охин жагсаалд оролцож онц байдлыг буруутгаж байгаагаа илэрхийлэв. Юн Сок Ёл Ерөнхийлөгчийн засаглалд ахиц дэвшил байгаагүй харин ч ухарсан. Учир нь 150 гаруй хүний амийг авч одсон "Халловины баярын эмгэнэлт явдалд хариу арга хэмжээг маш удаан авсан” энэ бол маш муу удирдагч хэмээн жагсаалд оролцсон 15 настай жагсагч хэлжээ.
Юн Сок Ёлын хувьд улс төрийн хүрээнд ч ард иргэдийнхээ ч эсэргүүцэлтэй тулгарч, хүнд байдалд оржээ. Гэвч Юн Сок Ёл Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хамгаалахаа мэдэгдээд байна.
Түүнийг огцруулах шахалт улам бүр эрчээ авч байна. БНСУ-ын иргэд 12-р сарын 4-ний өдөр Сөүл хотын Гванхвамун талбайд Ерөнхийлөгч Юн Сок Ёлын огцрохыг шаардахдаа, Бид Юн Сок Ёлын цэргийн онц дэглэм зарласныг буруушааж байна" гэсэн лоозонг барьцгаажээ.
Чун Ду-хван
1979 оны 12-р сарын 12-нд Чун Ду-Хван Сөүлд цэргийн эргэлт хийж, 1980 оны 4-р сараас 7-р сар хүртэл Өмнөд Солонгосын Тагнуулын төв газрыг толгойлж байв. Чой Кю Ха огцорч, 1980 оны 8-р сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд цорын ганц нэр дэвшигч Чун Дун-Хван ялалт байгуулж Ерөнхийлөгчөөр сонгогдов.
Ингээд Чун Ду-хван 1980-1988 онд БНСУ-ын Ерөнхийлөгчөөр ажилласан байдаг. Тэрээр Ерөнхийлөгчийн суудлаасаа огцорсныхоо Буддын шашны Паэктамса хийдэд сууж хоёр жилийг өнгөрөөжээ. 1995 онд Ерөнхийлөгч асан Чон Ду-Хван, авлигын хэрэгт буруутгагдан цаазын ял сонссон ч, шинэ Ерөнхийлөгч Ким Дэ Жүний шийдвэрээр ялыг нь бүх насаар нь хорих ялаар сольсон байдаг. Үүний дараа өршөөлд хамруулсан ч түүний гэр бүл улсын төсвөөс хулгайлсан 370 сая долларын өрөө өнөөг хүртэл төлсөөр байна.
Дарангуйлагч асан Чун Ду-Хван 2021 оны 11-р сарын 23-нд таалал төгссөн бөгөөд БНСУ-ын Засгийн газар төрийн оршуулга хийхээс татгалзаж, Чон Дү Хваны гэр бүлд оршуулгын зардал болон дэмжлэг үзүүлэхээс татгалзсан юм.










