



















АНУ-аас эхлүүлээд дэлхийн 14 улс БНХАУ-ын “Huawei” компанид бүхэлд нь болон хэсэгчилж хориг тавиад буй. Тэд тухайн компанийг үндэсний аюулгүй байдалд заналхийлсан гэх шалтгаанаар буруутгасан.
Асуудал анх Австрали улсаас эхлэлтэй. Одоогоос 12 жилийн өмнө буюу 2012 онд Австралийн харилцаа холбооны сүлжээ халдлагад өртөж, тэдний ашигладаг “Huawei” брэндийн төхөөрөмжид хортой код бүхий программ суулгасан гэх шуугиан хөндөгдсөн юм. Энэ үеэс л Япон, Канад, Их Британи, Австрали, Герман, Итали, Франц, Португал, Швед, Румын, Эстони, Дани, Шинэ Зеланд, АНУ зэрэг улсуудын тагнуулын агентлагууд “Huawei” компанийг БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй олон улсад үйл ажиллагаа явуулахдаа ТАГНУУЛ хийдэг гэж дүгнэх болсон юм.
Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө гүйж очоод европын орнуудыг тагнасан гэгдэх “Huawei” компанитай хамтран ажиллахаар тохиролцов. Ингэхдээ “Huawei” компанитай 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллахаар хоёр талын хамтарсан Ажлын хэсгийг байгуулсан байна.
Үндэсний аюулгүй байдлын гишүүн нь Үндэсний Аюулгүй байдал болон Гадаад бодлогын үзэл баримтлалд шууд өөрөө халдлаа. Хатуугаар хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ Монголыг Хятадад шууд БЭЛЭГЛЭВ. Гэхдээ тэр өнөөдөр айлчлалаа амжилттай болсноо “гайхан” эх орондоо бууна.
Боловсролтой, туршлагатай улс төрч, Засгийн газрын тэргүүнээс гарах үйлдэл биш гэж технологийн салбарынхан шүүмжилж эхэллээ. Арга ч үгүй биз. УИХ-ын гишүүн Ч.Анар “Үндэсний Аюулгүй байдал болон гадаад бодлогын үзэл баримтлалд халдсан санаачилга. Иргэний болон Дэд бүтцийн мэдээллийн аюулгүй байдал бол Тусгаар тогтнолын баталгаа” гэж тайлбарласан юм.
Хэдийгээр БНХАУ "Huawei" компанийн бүтээгдэхүүнийг ашиглан улс орнуудыг тагнаж, чагнасан гэх баттай нотолгоо гараагүй ч, европын орнуудын тагнуулын байгууллагууд үндэсний аюулгүй байдал, их өгөгдлөө хамгаалахын тулд тухайн компанид хориг тавьж, хар жагсаалтдаа оруулсаар байна. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын тэргүүн ирээдүйд хийх цахим шилжилтийг “эрсдэлтэй” болсон компанитай хийнэ гэж “хөөрч” явна. Түүний энэ шийдвэр бол Үндэсний Аюулгүй байдлаа хорлосон, улсынхаа дотоод мэдээллийг шууд БНХАУ-д “бэлэг” болгосон хорлонтой бас аюултай үйлдэл байж болзошгүй боллоо.
Хамгийн сүүлийн баримтуудаас дурдахад,
2018 оноос АНУ-ын тагнуулын байгууллага иргэдээ "Huawei", "ZTE" компаниудын аливаа бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэйг анхааруулж эхэлсэн. Дараа нь, 2019 оны тавдугаар сард АНУ БНХАУ-ын "Huawei", "ZTE" зэрэг компаниудад хориг тавьж холбооны тоног төхөөрөмж худалдах, импортлохыг хориглосон юм.
2022 оны тавдугаар сард Канад Улс “Huawei” компанийн 5G сүлжээг хориглосон ч, утас, чихэвч зэрэг бусад бүтээгдэхүүнийг борлуулах нь нээлттэй байхаар шийдвэрлэсэн байдаг. Энэ нь “Huawei” компанийн 5G сүлжээг тодорхой хэмжээнд үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй гэж үзсээр байна.










