



















LVMH нь Louis Vuitton Moёt Hennessy гэсэн товчлол бөгөөд Францын тансаг зэрэглэлийн брэндүүдийн хамгийн том конгломерат компани юм. Тус компани нь загвар, үнэртэн, гоо сайхан, дарс, коньяк, үнэт эдлэл, цаг зэрэг олон төрлийн тансаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
LVMH нь Louis Vuitton, Dior, Fendi, Givenchy, Bulgari, Tiffany & Co., Moлt & Chandon, Hennessy зэрэг 75 гаруй нэр хүндтэй брэндийг эзэмшдэг. Гүйцэтгэх захирал нь Бернар Арно бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг юм.
"LVMH" группийн гүйцэтгэх захирал Бернар Арно (Тансаг зэрэглэлийн барааны хаан, дэлхийн тэргүүн баяны нэг) гэр бүлийнхээ зарим гишүүний хамт АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон нь олон хүний хувьд гэнэтийн явдал байв. Тэр өдөр тэнд байсан цорын ганц францчууд нь тэд байлаа. Бернар Арно Дональд Трамптай удаан хугацааны турш харилцаатай байсан бөгөөд энэ харилцааны үүсэл, тэдний бизнесийн стратеги хэрхэн нийцдэг талаар авч үзье.
Анхны уулзалт
Дональд Трамп, Бернар Арно нар анх 1980-аад онд танилцсан бөгөөд тухайн үед Арно Францын ерөнхийлөгч Франсуа Миттераны социалист бодлогоос зайлсхийж, Нью-Йоркт нүүж ирсэн байв. Арно тэр үед үл хөдлөх хөрөнгийн салбарт хүч сорих хүсэлтэй байсан ба Трамптай энэ салбарт ижил зорилготой байлаа. Тэд анх "Plaza" зочид буудалд болсон буяны хүлээн авалтын үеэр танилцсан бөгөөд энэ уулзалт нь олон жилийн харилцааны эхлэл болсон юм.
Өргөжилтийн стратеги, хөрөнгө оруулалт
"LVMH"-ийн гүйцэтгэх захирлын хувьд Бернар Арно АНУ-ын зах зээлийг үргэлж чухал гэж үздэг байв. Трампын засаг захиргаанаас ногдуулсан гаалийн татварын дарамтыг даван гарахын тулд Арно "LVMH"-ийн зарим үйлдвэрлэлийг АНУ-д шилжүүлэх арга замыг сонгожээ. Үүний тод жишээ нь 2019 онд Техаст нээгдсэн "Louis Vuitton" үйлдвэрийн нээлтийн ёслолд Трамп өөрийн биеэр оролцсон явдал байв. 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий энэ үйлдвэр 1,000 ажлын байр бий болгосон нь АНУ-ын эдийн засагт "LVMH" чухал тоглогч болохыг харуулсан юм. Гэхдээ компанийн 200,000 ажилтантай харьцуулахад энэ тоо төдийлөн өндөр биш байлаа.
Улс төрийн нөлөө, лобби
Арно, Трамп нарын харилцаа зөвхөн бизнесээр хязгаарлагдахгүй. Арно Европын тансаг хэрэглээний барааны салбарыг хамгаалахын тулд Вашингтонд лобби бүлгүүдийг ашиглаж, Трампын засаг захиргааны татварын бодлогыг өөрчлөх оролдлого хийж байв. Үүний үр дүнд, АНУ-Европын худалдааны маргаан хурцадсан үед ч шампан дарс, коньяк зэрэг "LVMH"-ийн гол бүтээгдэхүүнүүд гаалийн татварын нөлөөнд өртөөгүй нь Арногийн хувьд том амжилт болсон юм.
Томоохон хөрөнгө оруулалт, худалдан авалт
LVMH 2021 онд Tiffany-ийг урьд өмнө байгаагүй өндөр дүнгээр худалдан авсан нь Арно, Трамп нарын бизнесийн харилцаа хэрхэн ашигтай үр дүн авчирч болохыг харуулсан нэг жишээ юм. Энэхүү худалдан авалтаар LVMH АНУ-ын зах зээл дэх байр сууриа бэхжүүлж, Нью-Йорк дахь чухал байршлуудыг хяналтдаа авсан. Тиффанигийн төв дэлгүүрийг шинэчлэх явцад LVMH Трампын эзэмшлийн барилгыг түрээсэлсэн нь тэдний бизнесийн холбоог улам бэхжүүлсэн явдал болсон.
АНУ-ын зах зээлийн ач холбогдол
Сүүлийн 10 жилийн хугацаанд (2015-2024) LVMH-ийн АНУ дахь борлуулалт хоёр дахин өсөж, 9.35 тэрбум еврогоос 21.55 тэрбум евро болж, нийт борлуулалтын 25%-ийг бүрдүүлэх болсон. Америкчууд Европын хэрэглэгчдээс илүү их зарцуулдаг бөгөөд дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс АНУ-д төвлөрдөг нь тус компанийн хувьд энэ зах зээлд анхаарлаа хандуулах гол шалтгаан болж байна.
Трампын бодлогод дасан зохицох нь
Арно Трампын удирдлагын үед АНУ-ын улс төрийн орчинд уян хатан хандаж чадсан нь онцгой амжилт. Худалдааны дайны аюул заналхийлж байсан ч Арно "LVMH"-ийн стратегийг өөрчилж, Трампын хамгаалалтын бодлогын сөрөг нөлөөг багасгах арга хэмжээ авсан. АНУ-д үйлдвэрлэлээ өргөжүүлж, Трампын засаг захиргаатай харилцаагаа бэхжүүлснээр "LVMH"-ийн ашиг сонирхлыг хамгаалж чадсан юм.
Шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд Арно, Трамп нарын харилцаа "LVMH"-ийн АНУ дахь стратегийн чухал хэсэг хэвээр байх магадлалтай. Тус группийн Moёt Hennessy зэрэг брэндүүдээр дамжуулан АНУ-ын зах зээлд оруулж буй хөрөнгө оруулалт энэ харилцаа үргэлжлэхийг харуулж байна. Мөн Бернар Арногийн хүү Александар Арно АНУ дахь бизнесийн үйл ажиллагааг хариуцаж, Трамптай холбоогоо үргэлжлүүлэн хөгжүүлж байгаа нь ирээдүйд энэ хамтын ажиллагаа улам бэхжих магадлалтайг илтгэнэ.
Валютын нөлөө, татварын бодлого
Трампын бодлого нь хөрөнгийн зах зээл болон чинээлэг хүмүүсийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг тул энэ нь тансаг хэрэглээний зах зээлд эергээр тусах хандлагатай байдаг. Гэхдээ Европт үйлдвэрлэдэг дарс, коньяк зэрэг бүтээгдэхүүн АНУ-ын татварын бодлогын нөлөөнд өртөх эрсдэлтэй хэвээр байна. Харин АНУ-д байрладаг арьс шир, загварын үйлдвэрүүдийн ¾ нь Америкийн эрэлт хэрэгцээг хангах чадвартай учраас энэ салбар татварын дарамтад бага өртөх магадлалтай.
LVMH-ийн сүүлийн улирлын тайлангийн үеэр Арно АНУ-ын татварын талаар асуусан нэгэн шинжээчид хандан:
"АНУ-д өнгөрөөсөн хэдэн өдрөөсөө эргэн ирэхэд Франц дахь уур амьсгал огт өөр санагдаж байна. Америкчууд таныг нээлттэй сэтгэлээр хүлээж авдаг. Татварын хувь хэмжээ 15% болж буурна. АНУ-д барих үйлдвэрүүдийн зардлын тодорхой хувийг муж улсууд санхүүжүүлдэг. Ерөнхийлөгч ч энэ бодлогыг дэмждэг." гэж хариулсан юм.
Арно ухаалаг хөрөнгө оруулалт, үр дүнтэй лобби, улс төрийн өөрчлөлтөд дасан зохицох чадвараараа "LVMH"-ийн дэлхий дахин дахь байр суурийг бэхжүүлж чадсан. Эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран энэ харилцаа ирээдүйд улам чухал үүрэг гүйцэтгэх магадлалтай.










