



















Ойрын ирээдүйд махыг үйлдвэрийн аргаар гарган авч хүнсэнд хэрэглэх боломжтой болж байна. Их Британийн Оксфордын их сургуулийн стартап компани махны эсийг ургуулж стейк хийх шинэ үйлдвэрлэлийг нэвтрүүлж байна.
Энэхүү стартап компани бол “Ivy Farm Technologies” бөгөөд Оксфордын захад байрлана. 2019 онд Оксфордын их сургуулийн эрдэмтдийн үүсгэн байгуулсан тус компани нь лабораторид ургуулсан мах үйлдвэрлэж эхэлжээ.
Лабаорторид ургуулсан махыг амьтны эсээс гаргаж авна. Ингэхдээ амьтны эсийг тусгай биореакторт хийснээр тухайн эс ургаж, үрждэг байна.
“Ivy Farm Technologies” компани зөвхөн үхрийн махыг лаборторид ургуулж байгаа бөгөөд нядалгаанд орсон үхрээс эсээ гаргаж авдаг байна.
Энэ технологиор жилд гурван тонн мах үйлдвэрлэх боломжтой. Эцсийн бүтээгдэхүүн нухаш шиг гарч ирэх бөгөөд жинхэнэ мах болон ургамлын уурагтай хольж бургер эсвэл бусад төрлийн хоолонд хэрэглэж болно гэж “Ivy Farm Technologies” –ийн мэргэжилтнүүд хэлж байна. CNBC-ийн сурвалжлах баг 10 хувь нь мах, 90 хувь нь ургамлын уургатай төстэй лаборторид ургуулсан жижиг стейкийг нүдээр үзэж, үйлдвэрлэлтэй танилцжээ.
“Ivy Farm Technologies”-ийн эрдэмтэн Кэйтлин Доран хэлэхдээ, “Ирээдүйд бид нядалгаанд орсон малаас биш амьд малын эсээс мах үйлдвэрлэнэ” гэжээ.
“Ivy Farm Technologies” компани энэ онд Финландын “Synbio Powerlabs” фирмтэй хамтран лаборторид ургуулсан махны үйлдвэрлэлийг өргөжүүлэхээр тохиролцсон байна. Ингэснээр“Ivy Farm Technologies” компани 2025 онд бүтээгдэхүүнээ зах зээлд гаргана гэсэн зорилтыг тавьжээ.
Их Британи улсад лабораторид ургуулсан махыг хүний хүнсэнд бус гэрийн тэжээвэр амьтдын хоолонд хэрэглэхийг зөвшөөрдөг. Харин Сингапур, АНУ-ын зарим мужид лаборторид ургуулсан махыг хүнсний хэрэглээнд ашиглахыг зөвшөөрчээ.
Лабориторид ургуулсан махыг их хэмжээгээр үйлдвэрлэх нь “Ivy Farm Technologies” болон энэ төрлийн бусад компаниудад учирч буй сорилт мөн ч судалгаанууд хийгдэж байгаа гэв.
Мөн “Ivy Farm Technologies” -ийн гүйцэтгэх захирал Харш Амин хэлэхдээ, лаборторид ургуулсан мах бол жинхэнэ махнаас ялгаагүй гэжээ.










