



















Урд хөршид албан ёсны айлчлалтай яваа Ерөнхий сайдын эзгүйд Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх оны төсөвт хориг тавьж магадгүй гэх мэдээлэл гарч эхлээд байна. Ерөнхийлөгч төсөвт хориг тавьж магадгүй гэх нь олон нийтийн шаардлага гэхээсээ, үгэнд нь орохгүй Ерөнхий сайддаа өгч буй сануулга гэвэл илүү ононо. Үндсэн хуульд өөрчлөлт хийх замаар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэл МАН-ыг хуваагдалд хүргээд буй. Эцэстээ МАН-ын хуваагдал Монголын зовлон болж, арай гэж урагшилахаар яригдсан төслүүд гацаж мэдэхээр байна. Тэдгээр төслийн нэг нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холбосон гүүр.
ХИЛ ХОЛБОСОН ТӨМӨР ЗАМ УЛС ТӨРИЙН ХАЙЧИНД ҮРЭГДЭЖ МЭДНЭ
МАН дотор өрнөж буй чимээгүй хагарал эцэстээ Монголд л уршигтай. Царигаас болоод Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд барьсан 233.6 км төмөр зам хил хүрээд зогссон. Товчхондоо манай төмөр зам өргөн царигтай, гол экспорт хийдэг урд хөрш маань нарийн царигтай. БНХАУ-ын нарийн царигтай өргөн царигаа тааруулж чадаагүйгээс эндээс тээвэрлэсэн эрдэс баялагаа хил хүрээд гараараа зөөж буй. Гашуунсухайт боомтоор урд хөрш рүү нүүрсээ саадгүй гаргаж, хоёр улсын хооронд холбосон төмөр замын гүүр ашиглалтад орвол манай хоёр улсын хоёр дахь том гарц болох юм. Гэтэл одоо боомт хүртэл явсан бүтээгдэхүүнийг төмөр замаас авто зам руу шилжүүлэн ачих терминалаар жилийн 12.5 сая тонн ачаа л дамжуулж дөнгөж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүр баригдсан тохиолдолд эдийн засагт хохиролтой механик ажиллагаа зогсож, нүүрсээ саадгүй экспортолно. Арай гэж урд хөршөө царай алдаж, тэднээс нааштай хариу сонстол эндэх улс төрийн зовлонгийн хайчинд үрэгдэж мэдэхээр байна. Төсвөө ч батлуулж чадахгүй эцэстээ Ерөнхийлөгчийн хоригт орж мэдэх ийм байдалтай Засгийн газрын 14 мега төсөл хөдөлнө гэдэг хэцүүхэн. Улс төрийн энэ зодоон сөрөг хүчингүй энэ парламентыг дуустал үргэлжилж Л.Оюун-Эрдэнийн ‘’шүдний өвчин’’ болно.
БНХАУ-ын ‘’China energy’’ группийн ТУЗ-ийн дарга Люй Гуоютэй байгуулсан хэлэлцээрээр Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хоёр улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын тулгуур, бусад объектын барилга угсралтын ажлуудыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулсан.
Хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт хоёр дахин өсөж, нүүрс тээвэрлэлтийн өртөг хоёр дахин буурч Тавантолгойн уурхайгаас Ганцмод боомт хүртэлх экспортын ачаа тээврийн зардал дөрөв дахин буурна. Мөн Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хүчин чадал 2-3 дахин нэмэгдэгдэх төдийгүй тээвэрлэлт жигдэрсний дараа ачаа тээврийн хүчин чадал 10-50 сая тонн хүртэл нэмэгдэнэ. Экологийн хохирол 70 гаруй хувиар буурна гээд нийгэм, эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой.
Шинэ Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт эрэмбэлэгдсэн. Монгол Улсын ДНБ-ийг 2-3 дахин тэлэх боломжтой төслийг тийчлээд ч хамаагүй явуулах ёстой. Гэтэл 10 гаруй жил гацааж чадсан манай улс төрийн дотоод тэмцэл өнөө ч үргэлжлэхийг МАН-ын хагарал улам бүр харуулах боллоо.
Хил холбосон төмөр замын бүтээн байгуулалтыг Монголын талаас ‘’Тавантолгой төмөр зам’’ компани, БНХАУ-ын талаас ‘’China energy’’ групп гүйцэтгэнэ.










