



















МАН-ын амлалт, бодлого, шийдвэр “Эсрэг ертөнцөд”...
АБСТРАКТ: Зураач, уран бүтээлчдийн “эсрэг ертөнцөд” гэх хөгжилтэй ч гүн утга санаа агуулсан бүтээлүүдийг та харж байсан биз ээ. Монголыг хөгжүүлэхээр амласан эрхбаригч МАН-ын намын амлалт “бүгдийг бүтээнэ” гэсэн ч бодит амьдрал дээр “бүгдийг сөнөөж” байна. Эрхбаригч МАН-ын амлалт урвуу утгаар биеллээ олж байгааг харахад бид ер нь “эсрэг ертөнцөд” амьдраад байна уу гэмээр хачин жигтэй бодлыг төрүүлэх аж...
Үндэсний аюулгүй байдлаа хангаж, хүнсээ дотооддоо үйлдвэрлэх зорилт тавьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний хувьсгал хөдөлгөөнийг сүржин эхлүүлсэн ч даржин төгсөх нь. Намын барилдлагат дүү нарынх нь бодлого эсрэгцэж Евразийн эдийн засгийн холбоо (ЕЭЗХ)-д элсэж, чөлөөт худалдааны гэрээ байгуулаад Оросоос хүнс оруулж ирэх юм байна. Дөнгөж босож ирэхээр дэнжгэнэж байгаа Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих биш дэгээдэж унагадаг Засгийн газрыг та эсрэг ертөнцөд л харах боломжтой...
Өчигдөрхөн... Улаанбаатар хотын зам, гүүрний төслийг хэрэгжүүлэхэд Хятадын Тяньхао компани цементээр хангана гэх мэдээ ikon.mn сайтад гарч олны нүдийг орой дээр нь гаргав. Улаанбаатар хот БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тяньхао компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Монгол улсын цемент үйлдвэрлэгч 7 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, дотоодын хэрэгцээгээ гурав нугалах хэмжээнд хүрээд буй. Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад ард нь дотоодын хэрэгцээнээс ч давсан үйлдвэрлэл байхад Хятадын компанийн цементээр зам гүүрний төсөл хэрэгжүүлнэ гэх Нийслэлийн бодлого үндэсний эрх ашгийн эсрэг чиглэж байна. Ганц байгаа босоо тэнхлэгийн төмөр зам нь ачаа барааныхаа хажуугаар зам гүүрний төсөлд зарцуулах тэр их цементийг Хятадаас зөөж барна гэдэг ч хүнд даваа.
Дэлхийн улс орнуудын баримтлах "протекционизм" бол үндэсний аюулгүй байдлынх нь гол зарчим, хар хайрцагны бодлого болдог. Протекционизм гэдэг нь аливаа улс үндэсний үйлдвэрлэлээ хамгаалахын тулд гол нэрийн бүтээгдэхүүнд импортын татвар нэмэх бодлого юм.
Сонгуулийн өмнө эрхбаригч МАН мөн л импортын гурилын татварыг тэглэж үндэсний гурил үйлдвэрлэгчдийг дайрч унагав. Татаас авдаг гурилын үйлдвэрүүд үндэслэлгүй үнээ нэмсэн гэх шалтгаанаар Монгол улсын стратегийн бүтээгдэхүүн гурил үйлдвэрлэгчдийг улсынхаа ирээдүйтэй хясан боосон эх оронч бус шийдвэр гаргасан. Үр дүнд нь үндэсний үйлдвэрлэгчид нь хямарч, иргэд нь ч хямд гурил идсэн юмгүй. Үндэсний үйлдвэрлэгчид өнөөдөр хөлөө олохоор тэмцэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн танд борлуулж байгаа ч, маргааш үр хүүхдийн тань идэх баталгаат хүнсийг залгуулах биш үү? Үндэсний үйлдвэрлэл босоод ирвэл дэлхий биднийг тойроод дайтсан ч Монгол өлсөхгүй, ажрахгүй бус уу?
Засгийн газрын популист шийдвэрүүд Монголд өстэй мэт гашуун үр дүнг үзүүлсээр буй.
Улаанбаатар хотын утааг бууруулах төсөв томрохын хэрээр хорт утаа нэмэгдсээр байхын зовлонг хичнээн жил үүрцгээв. Өнөөдрийн утаанд тэмтчих Улаанбаатарчууд 1952 оны Лондонгийн хар өвлийг давтах тун ойрхон иржээ. Нэг шөнийн дотор 4000 хүнээ угаарын хордлогоор алдаж байж сэхээрэх, бараан түүхийг давтаж байж огцрох Засгийн газар уу?
Өнгөрсөн жилүүдэд алдсан хүмүүсийнхээ алтан амийг нэхэж тооцвоос аль хэдийн Лондонгийн гамшигтай зэрэгцэж иржээ. Утаа бууруулах элдэв амлалт, төсөл хөтөлбөр, эрхбаригчдын мөнгөний гол эх үүсвэр болж томорсоор Улаанбаатарчуудын голыг гогдож байна.
Утаан дээр түгжрэл ч цүнх баригчдын гол төсөл болоод удаж буй. Замын түгжрэл нь хуультай, нэмээд бүр сайдтай болсон ч “тэг зогсолт” руу гулгаж явна. Зарцуулсан мөнгийг нь задлаад тоочвол замбараагаа алдана.
Ирэх онд нийслэлчүүд биднийг бүр ч олон эсрэг шийдвэрүүд угтана.
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад 345 тэрбум, судлах сайн туршлага нэвтрүүлэх ажилд 12 тэрбум төгрөг төсөвлөөд байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээнд 60 тэрбум 460 сая төгрөгийг тусгаж. Энэ төсвийг нь бид татвар торгуулиар бүрдүүлж өгнө. Бүрдүүлж өгөх нь ч яах вэ... Төсөв нэмэгдэх тусам дагаад утаа түгжрэл нь дааж давшгүй болж эсрэг үр дүнд хүрээд байгаа нь нийслэлчүүд биднийг айлгаж байна.
Эрхбаригчид ядуурлыг бууруулж, нийгэмд дундаж давхаргын эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэж амласан ч он гараад эсрэг үйлчилнэ. Дундаж давхарга нийтээрээ ядуурна.
Шинэ он гараад машины элдэв татвар, төлбөр, хураамжууд нэмэгдэнэ. Эрчим хүчний реформ хийнэ гэсэн ч эрчим хүчний үнэ л нэмсэн. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Дундаж давхарга, ААН-үүдээ татвар торгуульд яллаж, нийтээр нь ядууруулах системтэй бодлого хэрэгжиж байна. Нам дагасан баячуудаа, нам дагасан ядуустай нь цуг тэжээж чирдэг бүлэг “улаан номд” орох нь.
Бид ардчилсан Монголын иргэд боловч, шил дараалан гарах коммунист шийдвэрүүдийн золиос болж байна.
Бид эсрэг ертөнцөд амьдраад байна уу?...










