



















Өнгөрсөн бямба гарагт Ватикан хот улсад Ромын Пап Францискийг оршуулах ёслол боллоо. Дэлхийд хамгийн олон 2.4 тэрбум шүтэгчтэй Христийн шашны гурван гол урсгалын хамгийн том нь болох Католик шашныг 1.4 тэрбум хүн шүтдэг гэхээр бөмбөрцөг дээрх 400 гаруй шашны тэргүүнд бичигддэг. Католик шашны тэргүүнийг сүүлчийн замд үдэх ёслолд дэлхийн олон орны төр засгийн тэргүүн, ерөнхий сайд нар, хаад, ноёд, угсаа залгамжилсан ханхүү, хунтайж тэргүүн, гадаад хэргийн сайд нар оролцлоо.
Тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гэргийн хамт, Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям, Украйны Ерөнхийлөгч Володимир Зелелнский, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон гээд нэрлэвэл урт жагсаалт гарна. Харин Монгол улсаас Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг, ерөнхийдөө "манай" Б.Батцэцэг улсаа төлөөлөн оролцлоо. "Манай" Б.Батцэцэг хээнцэр ганган, чамин, өнгөтэй, өөдтэй, тансаг байсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй. 2021 оноос хойш Монгол Улсын Гадаад Харилцааны сайдын албыг залгуулж байгаа түүний ганган дэгжин байдлыг “бахдахгүй” орхигдуулбал хэзээнээс дипломат ёсыг үүсгэсэн хэмжээнд яригддаг Монголчууд бидний хувьд алдас болно.
Сүүлийн 4 жил Монгол улсын алтан аргамжийг аргамжиж буй сайд.
Бид хэзээнээсээ дипломат ёсыг “Төр төмбөгөр ёс ёмбогор” хэмээн тодорхойлсоор ирсэн. Гэтэл "манай" Б.Батцэцэгийн ганган дэгжин байдал Итали Улсын дотор бие даан оршдог Ватиканы хот улсын гашуудалд үнэхээр зохицсонгүй, цаг үеэ олсонгүй.
Аль ч улсын тэргүүн, дээд албан тушаалтнууд хурал цуглаан, найр наадам, хурим, цэнгүүн, гашуудалд юу өмсөх, яаж явах, ямар байдалтай харагдах вэ гэдгийг цаанаасаа тодорхой заасан, дэг жаяг гэж бий. Түүнийг хүндэтгэл хийгээд хүн ёсны зөрчилгүй дагах нь дипломатчийн түүн дундаа улсын нэгдүгээр дипломатчийн журамт үүрэг бүүр тодруулбал хатуу хариуцлага. Гэтэл Гэгээн Ширээт Улсын тэргүүн, бүүр тодруулбал Ромын Папыг оршуулах ёслолд "манай" Б.Батцэцэгийн ганган дэгжин байдал тэргүүн дипломатчийн нэрийг бүү хэл Монгол улсын нэрийг “ чимхэв”.
Гэгээн Ширээт Улсын тэргүүн, Ромын папын оршуулга буюу Католик шашинтнуудын гашуудлын ёслолд оролцохдоо юу өмсөх талаар нарийн дэг, ёс жаягтай. Тухайлбал
Хэт тод өнгө, чамин загвар, анхаарал татах хувцас өмсөхгүй байх.
Хар өнгө давамгайлах. Ихэнхдээ хар, эсвэл маш бараан цул өнгийн хувцас (хар, хар хөх, бараан саарал) өмсөх. Хар өнгө нь уй гашуу эмгэнэлийг илэрхийлнэ.
Энгийн хослол, даашинз өмсөх. Ингэхдээ эрэгтэйчүүд хар эсвэл бараан хослол цагаан эсвэл даруухан өнгийн цамц, хар зангиа зангидна. Эмэгтэйчүүд даруухан, урт ханцуйтай даашинз эсвэл банзал-цамцны хослол өмсөх нь зохимжтой.
Зарим тохиолдолд эмэгтэйчүүд уламжлалаараа толгойгоо даруухан алчуураар бүтээхийг зөвлөдөг. Энэ нь хүндэтгэл, даруу байдлыг илтгэнэ.
Минимализмыг түлхүү ашиглахыг хичээдэг. Тодруулбал их хэмжээний гоёл чимэглэл, хэт чамин хэрэглэл, үнэт эдлэл, тод нүүр будалт зэргээс зайлсхийнэ гээд оршуулгын зан үйл бүгд нарийн дэг, ёс, жаягтай.
"Манай" Б.Батцэцэгтэй хамт АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп Пап Францискийн оршуулгын ёслолд оролцсон. Тэргүүн хатагтай Меланиа Трампын оршуулгын ёслолд өмссөн хувцас дэг ёсыг ягштал дагасан байгааг гэрэл зураг нотолно. Үүнийг дипломат ёс, хүн ёсны хүндэтгэл гэнэ. Манай “тендерчин” шошготой сайдаас бага хөрөнгөтэйдөө даруу хувцаслаагүй нь тодорхой болов уу.
"Манай" Б.Батцэцэгээс ялгаатай нь Мелиниа Трамп Словени Улсад Католик гэр бүлд төрж өссөн. Тэрээр Католик шашинтай бөгөөд түүний шашин шүтлэг хувийн амьдралд нь зохих байр суурийг эзэлдэг. Харин манай Б.Батцэцэг Баянхонгор аймагт төрсөн, магадгүй буддын шашинтай байж мэднэ.
"Манай" Б.Батцэцэгийн өмссөн хувцас чамин ганган, гоё дэгжин, монгол дээлээ моод болгосон, уламжлалаа хүндэтгэсэн гэж шагшин магтагчид цөөн биш байгаа нь даанч гачлантай. Эрх мэдэл, мөнгө, өнгөнд өр зүрхээ сугалаад өгөх хэмжээний ёс зүйтэй гэдгээ өмөөрөгчид нь ил тод гайхуулах нь тун харамсалтай. “Би билэг танхай хөдөөний хүн” гэх гүндүүгүй монгол зангаараа 1.5 сая км дотор сэтгээд байвал, гадаад харилцааны алдааг хувь хандлагаар зөвтгөөд байвал олон улсад улсаараа “шившиг” болж мэднэ.
Ер нь ч дипломат ёсонд алдаагаа залруулах боломж хомс, залрууллаа ч том төлөөстэй байдаг гэдгээ мэддэг хүний хувьд "манай" Б.Батцэцэг сайд алдаагаа сайтар тунгаан, “хэн” гэдгээ санахад гэмгүй. 1206 оноос аргамжиж ирсэн алтан аргамжийг "манай" хүн тасдаад хаячих гээд байгаа тухай яриа Гадаад Харилцааны Яам, Төрийн ордны хэмжээнд ч бус бүс нутгийн хэмжээнээс ч хальсан гэдгийг сануулахад илүүдэхгүй биз.
Жич сонирхуулахад Америкийн тэргүүн хатагтай Меланиа Трампын 55 насны төрсөн өдөр папын оршуулга, гашуудлын өдрүүдэд тохиосон бөгөөд түүнд төрсөн өдрийн мэнд хүргэсэн хүмүүст тэрээр "Төрсөн өдрийн баярын мэнд хүргэсэн та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнөөдөр би Ромын Пап Францискын оршуулгын ёслолд оролцох хүндэт боломж олдож, зовж шаналж буй хүмүүсийн эдгэрэл, дэлхий ертөнцийн энхийн төлөө залбирлаа" гэж бичсэнийг сануулъя. Хүндэтгэл, хүн ёсны хандлага ямар утга учиртайг ойлгож болох жишээ.
Харин "манай" Б.Батцэцэг тухайн оршуулгын талаар жуумалзангүйгаар хэвлэлд яриа өгч, өөрийнхөө нэр хүндийг өсгөх гэж зүдэх нь, өмөөрөгчдийн “амьд тролл" армитай байгаа нь даанч гунигтай бас харамсалтай. Танд эмгэнэл илэрхийлье "манай" сайдаа.










