



















Монголчууд бид бичгийн өндөр соёлтой ард түмэн. Үүнийг ч түүхчид бахархалтайгаар онцлон тэмдэглэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд энэ соёлоо алдаж, үгийн урлаг, найруулга, бичгийн дархлаагаа орхиж эхэлснийг анзаарахгүй өнгөрч болохгүй.
Тэр тусмаа төрийн тэргүүнээр сонгогдсон эрхмүүдийн хэл найруулга, албан ёсны мэдэгдэл маш чухал. Тэд зөвхөн өөрсдийгөө төлөөлөх биш, төр улсын нүүр царай, ард түмний нэр төрийг давхар илэрхийлж байдаг. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч хэл найруулга, бичгийн соёлдоо алдах эрхгүй.
Амин хувийн хуудсаар Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Үүнээс улбаалан нэг асуулт гарч ирэв. Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн албан ёсны мэдэгдлээ хувь хүнийхээ нийгмийн сүлжээний хаягаараа илэрхийлж болох уу?
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп шиг нийгмийн сүлжээг улс төрийн гол тавцан болгох жишиг Монголд тохирох уу? АНУ-д 340 сая хүн англи хэлээр ярьдаг бол Монголд 3.5 сая хүн монгол хэлээр, бүр тодруулбал 98.7 хувь нь крилл бичиг мэддэг. Монгол хэл бол бидний үндэсний оршихуйн тулгуур. Бид “Монголын Нууц Товчоо”-оос эхлүүлээд өнөөг хүртэл бичгийн соёлоор түүхээ бүтээж ирсэн ард түмэн.
Гэтэл албан мэдэгдлийг хувь хүнийхээ нийгмийн сүлжээнд, түүн дотор хэл найруулгын алдаатай, төгс бус байдлаар тавих нь хэл соёлоо үл хүндэндэтгэсэнтэй дүйх биш үү? Ийм мэдэгдэл төрийн тэргүүний албан ёсны сайтад эхлээд нийтлэгдэж, тэндээс олон нийтэд буюу ард түмэнд түгэх ёстой биш үү?
Харамсалтай нь Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас эхлэн энэ жишиг замхарч, одоогийн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн үед бүр ч замбараагүй болж байна. Яруу найрагч Ш.Нацагдоржийн “Өсөхөөс сурсан Үндэсний хэл Мартаж болшгүй соёл” хэмээх шүлэг санаанд бууж, хэлний дархлаагаа алдаж буйд эмзэглэхэд хүргэлээ.
Монголчууд “Төр төмбөгөр, ёс ёмбогор” гэдэг. Төрийн тэргүүний үг, бичиг, хэл найруулга бол дэг ёсны илэрхийлэл байх ёстой. Цаг үеэ дагасан нэрийдлээр үндэсний бичгийн соёлоо орхиж болохгүй. Хувийн сүлжээтэй байж болно, харин төрийн асуудал бол төрийн албан ёсны сувгаар явж, төрийн хэл найруулгатай байх учиртай.
Угтаа Ерөнхийлөгчийн Тамгын Газар Монгол хэлний мэргэжилтэн, хэл шинжээч, найруулгын редактор ажиллуулж байх ёстой газар. Ард түмний татварын мөнгөөр ажиллаж буй Ерөнхийлөгчийн Тамгын Газраас гарах нэг ч мэдэгдэл, нэг ч бичиг зөрчилтэй байж болохгүй.
Яруу найрагч Зундуйн Доржийн бичсэнээр “Хэл хил мал гуравтайгаа байхад Хэн баян Монгол баян” гэдэг үгийг санаж байх нь зүй. Монгол хэлний баялаг сан, үнэт дархлаа зөвхөн ардын үгэнд биш, төрийн тэргүүний үгэнд ч хадгалагдах ёстой.
Эцэст нь:
Ерөнхийлөгч албан мэдэгдлээ хувь хүний сүлжээгээр бус, төрийн сувгаар нийтэлдэг журам мөрдөх хэрэгтэй болов уу. Монгол хэлний дархлааг төрийн түвшинд хамгаалах бодлого ч үгүйлэгдэж байна.
Өнөөдөр тоолгүй өнгөрвөл, маргааш Монгол хэлний мөхлийн зам эхэлнэ.










