



















Францад хувьсгал гарч өлсгөлөнд нэрвэгдсэн тариачид, ард олон үймээн самуун дэгдээжээ. Мария Антуанетт юу болоод байгааг асуухад тариачид талхгүй өлссөн учраас гэж. Мария Антуанетт: Тэгвэл тэдэнд бялуу өг л дөө.
Мария Антуанетт тэгж хэлсэн үү? үгүй юу? эсэхийг энд нотлох гэсэнгүй. Магад Францын хувьсгалыг хүчтэй өрнүүлэх гэсэн үзэл суртал байсан биз.
Гэвч амьдралаас алсарч, хэт харалган болсон Монголын төр яг “ийм” хариуг иргэддээ барьж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаахдаа хаалттай хэлэлцэх юм гэнэ. МАН, АН, ХҮН гурван нам төсөв танана гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан нь яав? МАН улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл бууруулна гэж амлачихаад 37.7 хувьтай тэнцүү болгож оруулж ирж байгаа нь доромжлол. Хууран мэхэлж, тохуурхан доромжилж буй МАН-д сүнсээ худалдсан сөрөг хүчин ч иргэдийг итгэлээр нь тонгорчихлоо. Худалч сайдууд, хулгайч гишүүдтэй Монголын төрд эмгэнэл илэрхийлье. Ийм басамжлал дор ямар ч “засаг”, “их хурал”, “дарангуйлал”, “power” удаан тэсэхгүй.
Соёлын яаманд төсөвлөсөн 598.3 тэрбум салхинд хийсэх нь. Үзвэр ваучерт төсөвлөсөн 18.3 тэрбум төгрөг бол дөнгөж үзүүр төдий. Улс орнуудад соёлын яам нь урлаг соёлоо экспортолж, улсынхаа зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлдэг болохоос улаан булан барьдаггүй юм. Үндсэндээ зөөлөн хүчний дипломат бодлого буюу “Soft power” хэрэгжүүлдэг болохоос биш, үзвэр үйлчилгээгээр үнэ төлбөргүй үйлчилнэ гэвэл соёлын яам биш соёлын төв болно. Сумдад барих мэдээллийн төвийн байранд 33.9 тэрбум. Жижиг тойргоос сонгогддог байсан гишүүдийн сумандаа барьж өгсөн соёлын төвүүдэд нь хүн очиж соёлжиж байна уу? Мэдээллийн төвийн байранд зориулах 33.9 тэрбум бол ДЦС-3-т засвар орох хэмжээний мөнгө.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: "Өсвөр үеийнхэнд мөнгө тарааж бэлэнчлэх сэтгэлгээнд сургах гэж байна. Эцэг эхийх нь ажил орлогыг нэмэгдүүлж, ажлын байртай болгоё. Өөрсдөө орлого олоод, мөнгөө төлөөд үзвэр үйлчилгээ авах ажлыг хийе. Дөнгөж 18 нас хүрэх гэж байгаа хүүхдүүдийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, соёлжуулах биш улам соёлгүй болгож байна. Өсвөр насныхныг гэгээрүүлэх нэрийн дор сонгуульд бэлдэх ажиллагааг болих хэрэгтэй. Төсвийг хэмнэнэ, үр ашигтай зарцуулна гэж ярьчихаад цагаа тулахаар үнэгүй ваучер тараана гэж байна. 18.3 тэрбум төгрөг бага мөнгө биш. Энэ мөнгийг цэцэрлэг, сургууль, хавдрын эмнэлэгтээ зарцуулъя. Жил болгон 7000 хүн хавдраар өвдөж байна. Гэтэл хавдрын эмнэлэг байхгүй. Энэ 18.3 төгрөгийг эмнэлэгт зориулъя.
Ядаж ийм үг хэлэх гишүүн байгаа нь Монголчуудын зол заяа.
... 2025 оны төсөвт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны урсгал зардлыг 101.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 432.2 тэрбум төгрөгөөр төлөвлөжээ. Үүнд цалин, хөлс болон нэмэгдэл урамшууллын зардлыг 31.1 тэрбум төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлыг 1.9 тэрбум төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хураамжийг 6.3 тэрбум төгрөг, хувийн хэвшлийн байгууллагад олгох татаасыг 33.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төлөвлөжээ. Ямар их шунал, яасан гүйцэгдэхгүй санаархал вэ?...
Ер нь Ч.Номинг “Женко”-ын хүн гэх яриа улстөрийн хүрээнд бий. Олны үг ортой. Сая орон нутгийн сонгуулиар “Нийслэлийн ардчилсан нам” хүүхэд хөгжлийн карт гэх хөгийн сэдэв ярьж гарч ирээд хоншоороо тас цохиулсан. Газарзүйн байршил, амьдралын хэв маяг, хүн ам зүй, эдийн засгийн чадамж, нийгмийн бүтэц нь манайхаас тэс өөр, тэнгэр газар шиг ялгаатай Исландын жишээг хуул гэж ямар ухаантан нь зөвлөсөн юм. Ямартай ч унасан. Гэтэл “Женко”-ын хүүхэд хөгжлийн карт нь хүүхэд хөгжлийн ваучер маягийн юм болоод Ч.Номингийн яаманд “амилж” байх юм. Үйлтэй юм. Монголчуудад халамжаас салж, хөгжил дэвшил үзэх заяа алга уу? Энэ төсөв нь батлагдвал ваучерын 18 тэрбум “Тамгагүй төр” рүү урсана гэж мөрийцхөд бэлэн.
Нийгмийн хэм хэмжээ ёс суртахууныг уландаа гишгэж буй Ч.Номингоос асуулт асууж хэсэг “ээрсэн” сэтгүүлчийн ёс зүйн асуудал яригдав. Үнэндээ сэтгүүлчийн биш Соёлын сайдын л увайгүй төсөв Монголд гай тарина. Иргэдийнхээ шаардлагаас ичиж, эрээлхэхээ ч мэдэхгүй Ч.Номин кастын хамгийн том төлөөлөл гэдэгтэй маргах хүн байна уу? Ёс зүй ярьж, нэхэхдээ тулбал Монголын төрд шургалсан, шунал нь гүйцэгдэхгүй бирдүүдээс нэхэх ёстой. Ордонд орилсон гэх сэтгүүлчийн арга нь “зорилгоо” зөвтгөчихсөн. Төр нь ёс суртахуунаа уландаа гишгэж толгойноосоо өтсөн байхад бие нь мянга хичээгээд яах вэ? Толгой нь биеэ чиглүүлж, бие хөдөлдөгөөс хойш. Ер нь сэтгүүлчдээс ч биш, төсвийн мөнгөөр гараа угааж буй Ч.Номингоос ёс зүй асуу... Хавдрын эмнэлэггүй, гадагш эмчилгээнд явах мөнгөгүй хүмүүсийн өмнөөс асуу. Бүдүүлэг, танхай, итгэл хүлээлгэж төр түшүүлсэн иргэд рүүгээ эргэж хараад нулимдаг гишүүдээс ёс зүй асуу... Эмчилгээний зардалгүй хандив цуглуулах хүүхдийн өмнөөс асуу. Иргэдээ шалбаагаар нь дуудаж, дунд хуруу гаргадаг гишүүнийхээ “лайвыг” мөнгө төлж олон нийтэд түгээдэг Ч.Номин ич... Ч.Номингоос “яс” горьдон дэмжих гишүүд ич. Иргэдээсээ, Эх орноосоо, Ирээдүйгээсээ ич...
Ёс суртахнууыг төрөөс, төрийн ордонд суугаа гишүүдээс нэх. Тэднээс нийгмийн ёс суртахууны эхлэл тавигдана.










