



















Монголын нийгэм, нам дагаж гол зогоох бүтэл муутай, чадвар султай цүнхчдийн нүүдэлд нэрвэгдэж, төрийн бодлого золиос болон уруудаж яваа. Төрийн албанд мерит зарчим мартагдаж, цүнхчдээр дагнан ургийн сүлжээ дагнаж, цус ойртолт төрийн эмгэнэл, олны дур гуталт болоод удаж байна...
Төрийн албаны томилгоо гэдэг ахын хишиг, дүүгийн дэмжлэг, сонгуулийн шагнал, намын найр, нөхөрлөлийн баталгаа, найзын тангараг, “нөхрийн бэлэг” болсноор урвуу нийгмийн гаж үзэгдлүүд гучин жил тасарсангүй. Монголыг хөгжүүлэх мега төслүүд мянга яригдаад ч төрийн бодлогыг хэрэгжүүлэх, тасралтгүй эргэх хөдөлгүүр нь ургийн сүлжээ гэх “улаан” зэвд идэгдсэний учир гацсан хэвээр.
Намчдын удирдсан Монгол хорин нэгдүгээр зуунд хөө тортог, утаа униарт манарч хөгжлийн тулгуур эрчим хүчний хэрэгцээгээ өөрсдөө хангаж үл чадан хорин жил толгойгоо маажив.
Намчдаар толгойлуулсан Монголд хурал чуулган, хөгжлийн форум хийх зуур, нийгмийн эд эс болж мэндэлсэн хүү эрийн цээнд хүрэв.
Заах эзэнгүй, зоох нэргүй, сөхөх баримтгүйгээр сул чалчих гэсэнгүй...
Нүднээс далд өрнөх дунд шатныхны албан тушаалын наймаа, аваа өгөө, тохироо томилгоо, нүд бүлтийлгэж чих сортойлгом зэвүүн аж. Үүнээс Монголын хөгжлийн галыг өрдөх учиртай ч уугин унтарч буй эрчим хүчний салбарт дураар тонгочих ах дүүсийн бүлэг хулгайг онцолъюу гэв ээ...
Шатахууны магнат, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Жангабыл. Чуулганы танхимд дуу шуу ч үгүй амьгүй албатын дүртэй суух ч ард нь албан тушаалын сүлжээ ажиллаж буй. Хурган картель маягийн хэлхээ нь овоо дориун үргэлжилнэ.
Үндэсний цөөнхийн төлөөлөл Х.Жангабыл гишүүн 2022 оноос Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөхөөр ажиллаж өнгөрсөн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан.
Х.Жангабылын төрсөн ах Н.Бейбитхан.
Баян-Өлгий аймагт ИТХ-ын даргаар ажиллаж байсан, төрийн албаны конвероор дээш цоройсон нэгэн.
УИХ-ын гишүүн асан Х.Баделхан.
Баян-Өлгийг төрийн албатай нь нам базаж, хага атгадаг гэгдэх. Аандаа Монголын баруун хязгаарт эзэн сууж, “Баделханы вант улс” байгуулах мөрөөдөл тээж байх магадлалтай. Гишүүн байхдаа Баян-Өлгийг “манай улс” хэмээн хэд хэдэн удаа ам алдаж явсан учир ийн хардав... Х.Баделханы хамаатан садан, хамаарал бүхий этгээд улс төрд Казах түмнийг төлөөлдөг.
Х.Баделхан Х.Жангабылыг нэр дэвшихэд нь өөрийн туслах асан Ш.Асхараа сонгуулийн туршид шадарлуулжээ.
Х.Жангабыл гишүүний дотночлон үзэх, садангийн дүү Х.Бекболат.
УИХ-ын гишүүн Х.Жангабыл Х.Бекболат нар хамтран дундаа компани эзэмшиж явсан түүх бий. Х.Бекболатын хүү Б.Али гэгч Х.Жангабылыг гишүүн болсноор туслахаар нь томилогджээ.
Сүлжээ томорч, тодорсоор...илүү өндөрт ургасаар...
Намчин, цүнхчин гол дүр Х.Бекболат Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн удирдлага доор “Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар” ажиллаж байна.
Зөвхөн их хурлын гишүүд ч биш төрийн албаныхан өмсдөг давхар дээл нь ТӨХК-ийн ТУЗ. Х.Бекболат нь эрчим хүчний төрийн өмчит компаниудыг дамжин ТУЗ-ын даргаар нь ажилладаг нэгэн.
Улаанбаатар хотын дулааны 55 хувийг дангаараа хангадаг, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаас эхлээд хэд хэдэн албан тушаалын дээлийг давхар нөмөрч сууна.
Өдгөө “Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга”, “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга, “Эрдэнэт Булганы эрчим хүчний систем” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга гэх гурван том албан тушаалыг зэрэгцүүлэн хашиж буй зайтай эр. Алдагдалтай ажиллаж буй төрийн өмчит компаниудад тогтсон жишгээр, давхар цалин авсан шиг, давраад үр дүнгийн урамшуулал тооцуулж, дунд чөмгөөрөө жиргэж явна.
Х.Бекболатын эхнэр А.Жанагүл.
Мөн л Эрчим хүчний яамны төслүүд дамжсан мэргэжлийн бус, ажил хийдэггүй зоргоороо эмэгтэй бий гэх...
Асидолда овогтой Жанагүл нь “багш” мэргэжилтэй. Эрчим хүчний салбарын ТӨХК-уудад эзэн суусан Х.Бекболат нь эхнэртээ албан тушаал бэлэглэж, ашиг сонирхолоо хангах хүслээ гүйцээж байна. А.Жанагүлыг Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хөнгөлттэй зээлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнээр 2023 оны 10-р сард томилжээ.
Эрчим хүч, эдийн засгийн “зий” ч үгүй хүүхэн Монголын 10 аймгийг төвийн дулааны станцад холбохоор хөөрцөгдөж яваа. Монголын төрийн алба, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх царайнууд нэг ийм. Ийм царайтай, ийм удирдлагуудтай Монгол минь яаж өөдөө заяатай байна гэж итгэх вэ.
Алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниудыг ах дүү амраг садан, найз нөхдийн сүлжээ болгон, санхүүгийн пирамид угсарч, луйврын ажлын ч, мэргэжлийн ч чадваргүй ашиг сонирхлын хүслээ ханган төрийн албанд шимэгчилж суух нь тэдний аз бидний эз үү. Гэр бүл, ураг удмаараа “ургийн буюу ашгийн” сүлжээ томчихоод төрийн ордонд томоотой царайлаад суух гишүүдийн нэг жишээ Х.Жангыбал.
Төрийн албанд мартагдсан “мерит” зарчим хэрэгжихгүй л бол бухнаас төл гуйж сүү цагаатай залгахтай адил төр, түмний төлөө хийх хөгжлийн ажил алхам урагшлахгүй. Сурсан сургууль, үзсэн онолгүй шахам авах, идэхийн хүсэл дүүрэн харанхуй бүдүүлэг намчид нийгмийн ёроолоос авирч, төрийн албанд харх мэт үүрлэж, хувалз шиг томорч Монголын цусыг чимээгүй сорсоор.
Биднийг холын мөрөөдөлд умбуулж, хоосон зүүдэнд минь холгосоор гучин жил төрийн албыг наймаалцаж, авлига, хээл хахууль хүнд суртлаар Монголын өргөн уудам нутгийг аалзны тор шиг хэрж, авлигын, ашиг сонирхлын ангалд унаган, хөгжлийн замд гаргахгүй нь тодорхой. Хөгжил дэвшил, хүний нийгмийн ололтоос хол хөндий намчдаар удирдуулсан Монгол минь хөгжил рүү тэмүүлж, хүнээ жаргаасан улс болохоосоо өмнө “ургийн сүлжээний” уршгаар амь тэмцэн агаар хүсэх сүүлийн орилооноо хийж ч байж магад.
Авлигын систем, албан тушаалын схемийн эд анги, эрэг шураг болсон намчин цүнхчин, тэдний шалгуургүй шат ахидаг гэр бүл ураг төрлүүдийг цэвэрлүүлж чадвал улс аяндаа зөв голдиролдоо орно гэдгийг дээр дооргүй бүгд мэднэ. Гэхдээ өөрчлөхийг хэн хүсэхгүй байна вэ...










