



















ӨМНӨТГӨЛ
Англи-Саксоны хууль эрх зүйн тогтолцоо гэдэг шударга, энэрэнгүй, хүмүүнлэг, шүүгдэгчийг яллахаас өмнө “Тангаргатны шүүх” гэгдэх иргэдийн төлөөлөгчдөөр гэм буруутай эсэхийг шүүдэг тогтолцоо. Тангарагтны шүүгч нарын үндсэн үүрэг бол хэргийн үйл баримтуудыг үнэлэх. Нотлогдсон гэх баримтууд үнэн эсэх, шүүгчийн хэлж буй зүйлс үйл баримтаар эргэлзээ мадаггүй нотлогдсон эсэх гэх мэт...Тэдний шийдвэрээс хамааран шүүгч тохирох шийдвэр гаргана.
“УУРТАЙ 12 ЭР”
Ээдрээт гэмт хэргийг нотлох баримтад тулгуурлан, логикоор "уран" тайлж буй 12 ууртай эр. Бүх цаг үеийн хамгийн гайхалтай бүтээлийн нэг. Эцгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдсан 18 настай хүүгийн амийг аврах эсхүл алдах нь Тангарагтны шүүхийн бүрэлдэхүүнд санамсаргүй сонгогдсон янз бүрийн ажил эрхлэх 12 эрийн гарт. Хэргийг хэлэлцэхээр Тангарагтны шүүхийн 12 эр танхимаас гарах үед араас нь горьдлого тээсэн харцаар үдэх жаал хүү... Үйл явдал ганцхан өрөөнд өрнөнө. Тангарагтны шүүгч 12 эр хүүгийн гэм буруутай эсэхийг нотлох баримтуудад үндэслэн тогтоох ёстой. Гэм буруутай эсэх санал хураалт 11:1-ээр үйл явдал эхэлнэ.
АДИЛТГАЛ
Тангарагтны шүүгчдийн араас учир битүүлэг, "хачин" харцаар харж хоцрох хүүг сэтгүүлч Н.Өнөрцэцэг гэж бодъё...
...Иргэдээс сонгогдсон Тангарагтны шүүхийн 12 эр өөр өөрийн зан төрх, хэв маяг, ертөнцийг үзэх үзлээр хүүгийн хэргийг нотлох баримтад тулгуурлан гэм буруутай эсэхийг тогтооно.
Умгар бүгчим өрөөнд киноны үйл явдал эхэлнэ. Шударга ёсоор ангаж цангасан өнөөгийн бухимдал дүүрэн “давчуу нийгэм”-ийг шүүхийн өрөөгөөр төлөөлүүлье.
Н.Өнөрцэцэгийн буруутай нь тогтоогдсон 56 малын хэрэг, илт худал мэдээлэл тараах, татвар болоод бусад холбогдох хэрэг энд бичигдээгүй... Гагцхүү “төрийн нууц” гэх хэрэг түүнийг тойрсон хүрээлэл "12 ууртай эр" киноны дүрүүдтэй ойр буусныг энд өгүүлнэ.
ШҮҮГЧ:1 ДАРГАЛАГЧ
Мартин Бальзам бол Тангарагтны шүүхийг ахална. Ахлах сургуулийн хөлбөмбөгийн дасгалжуулагч багш. Бусдыг зохион байгуулан чиглүүлнэ. Хүүг анх гэм буруутай гэж үзнэ. Гэхдээ бусдаасаа санал хураах, хэргийн сэжүүр гарах бүрд бусдыгаа чиглүүлж шүүх хуралдааны дэгийг сахиулна. Энэ дүрээр Монголын Сэтгүүлзүйг төлөөлүүлье.
ШҮҮГЧ:2 БАНКНЫ ТЕЛЛЕР
Жон Фьелдер бол банкны теллер. Түүнийг үг хэлэх үед бусад нь тасалдуулна. Хөгжилтэй, гэвч бүрэг. Гэхдээ хамгийн чухал сэжүүрийг гаргаж ирнэ. Энэ бол өсвөр насны 170 см өндөртэй хүү 187 см өндөр эцгийнхээ цээж рүү хутга дүрэх вэ? гэх сэжүүр. Эргэлзээ дагуулна. Түүгээр Н.Өнөрцэцэгийн ар гэрийг нь төлөөлүүлье.
ШҮҮГЧ:3 ШУУДАНГИЙН ЭЗЭН
Ли.Ж.Кобб. Ууртай түрэмгий. Хувийн амьдрал нь ээдрээтэй.Субьектив хандлагатай. Хүүг эцгээ хөнөөсөн гэж тэмцэлдэнэ. Гэвч хүүг гэм буруутай гэх энэ үзэл нь амьдралд нь хар толбо үлдээсэн “өөрийнх нь хүүгээс” үүдэлтэй. Хувь хүний дотоод мөн чанар үзэл бодол нь чанга хатуу. Байр суурин дээрээ хатуу зогсох бизнесмен, энэ хэрэгт цаг заваа зарцуулах шаардлагагүй гэж үзнэ. Киноны төгсгөлд хүүг гэм буруугүй гэж хамгийн сүүлд санал өгнө. Түүгээр Н.Өнөрцэцэгийг яллахаар улайрах улстөрчдийг төлөөлүүлье.
ШҮҮГЧ:4 БРОКЕР
Маршалл-Тэвчээртэй, рационал, сэтгэл хөдлөл багатай. Хувьцааны брокер. Мэргэжлийн онцлогоороо оновчтой санал дэвшүүлнэ. Эхэндээ хүүг буруутай этгээд мөн гэж үзнэ. Хувь нь онцлог нь нууцлаг хэв маягтай. Бүгчим халуун өрөөнд бүгд давчдаж зангиагаа суллах гадуур хувцсаа тайлж, цонх онгойлгож байхад ганцаараа гадуур хувцастайгаа огт хөлрөхгүй, тэвчээр заан сууна. Тэрээр шүүгдэгч хүүг ядуу учраас буруутай байх магадлал өндөр гэж үздэг. Харин эмэгтэй гэрчийн мэдүүлэг худал болох нь батлагдахад түүний духан дээрх хөлс бурзайж үнэнд гүйцэгдэнэ. Эцэст нь хүүг цагаатгах санал өгөхийг баримтаар ятгадаг. Шүүгч Маршаллын дүр бол “Хууль хүчнийхэн”
ШҮҮГЧ:5 СУВИЛАГЧ
Жек Клугмэн бол эмнэлэгт шөнийн ээлжийн сувилагч. Ядуусын хороололд өссөн шүүгдэгч хүүг гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай, тэндээс нийгмийн муу муухай бүхэн гардаг гэх санааг үгүйсгэнэ. Учир нь Жек Клугмэн бол ядуусын хороололд өссөн тул энэ үзэл түүнийг гомдооно. Түүгээр Н.Өнөрцэцэгийн “сошл” дэмжигчдийг төлөөлүүлье.
ШҮҮГЧ:6 ЗУРААЧ
Эдвард Бинс бол зураач. Анх хүүг эцгээ хөнөөсөн гэж санал өгнө. Зан төрх хүлээцтэй, бусдад хүндэтгэлтэй, үзэл санаа нь зарчимд тулгуурлана. Зургаа дахь Тангарагтны шүүгч тэрээр хүүг гэм буруутай гэдэгт анхнаасаа итгэлтэй байна. Хэлэлцүүлгийн ихэнх хугацаанд итгэлтэй хэвээр байна. Тэрээр юуны түрүүнд аллагын сэдэлд анхаарлаа хандуулдаг. Тэрээр мөн 9 дэх шүүгчийг маш их хамгаалдаг бөгөөд бусад хүмүүс түүнийг үл хүндэтгэх үед түүний талд зогсдог. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу
ШҮҮГЧ:7 ХУДАЛДАГЧ
Жэк Вордэн: Хайхрамжгүй, хүүгийн хэрэгт нэг их ач холбогдол өгөхгүй, цаг нөхцөөнө. Бейсболлын хорхойтон. Түүнд тангарагтны шүүхэд суухаас илүүтэй бейсболын тэмцээнд оролцох нь илүү сонирхолтой. Шүүх хуралдаан дуусах хүртэл тэвчээргүй, олны саналыг дагаж шүүгдэгч хүүг гэм буруутай гэж үзнэ. Түүгээр Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчдийг төлөөлүүлье.
ШҮҮГЧ:8 АРХИТЕКТОРЧ
Хенри Фонда- дүрийн нэр Дэвис. Архитекторч. Тангарагтны 8 дахь шүүгч тэрээр Энэрэнгүй, тууштай, үзэл бодолдоо үнэнч. Кино эхлэхэд бусад бүх тангарагтны шүүгч хүүг эцгээ хөнөөсөн гэж буруутгах санал өгөхөд 8 дахь тангарагтны шүүгч ганцаараа эсрэг санал өгнө. Амьдрал гэгч эргэлзээгээр дүүрэн байдаг гэх үзэлтэй. Шүүгдэгчийг буруутгах нотлох баримтуудыг нухацтай судалж, цаг зав зарцуулна. Ерөнхийдөө хүүг буруутгах нотлох баримтуудыг дангаар шахуу нягтлан дахин шалгана. Ингэснээр үндэслэлтэй баримт гаргаж эргэлзээг тайлж, шүүгдэгч хүүг цагаатгах ёстой хэмээн бусдадаа итгүүлж чаддаг. Гол дүр болох тангарагтны 8-р шүүгч маань, хүүгээсээ авсан шархаа байнга сөхөн ярих 3-р шүүгчийн эсрэг зогсоно. Мөн 10 дахь тангарагтны шүүгчийн дэвшүүлэх санаанд логик алдаанууд байгааг онцолсоор буулт хийлгэнэ. Тэрээр үндэс угсаа, нийгмийн анги давхаргаас үл хамааран хүн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэсэн үзэл санааг баримталан ажиллаж эцэстээ хүүг цагаатгах санал дээр бусдыгаа нэгтгэж чаджээ. Түүгээр Монголын ардчилал хүний эрхийг төлөөлүүлье.
ШҮҮГЧ:9 АХМАД НАСТАН
Жозеф Суини нь 9 дэх тангарагтны шүүгч. Шүүх танхимын хамгийн ахмад нь. Тэрээр бусад тангарагтны шүүгчдийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг үл тэвчдэг. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл.
ШҮҮГЧ:10 МАШИН ЗАСВАРЫН ЭЗЭН
Эд Бегли бол машин засварын газар ажиллуулдаг нэгэн. Түрэмгий, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч. 10 дахь тангарагтны шүүгч тэрээр шүүх танхимд баримтлах зохих журмын талаар болон хууль тогтоомжийг үл тоомсорлоно. Чанга хашгирч, расист үзлээр хүүг буруутгана. Ууртай, түрэмгий, бууж өгөх дүргүй, өөрийгөө зөвтгөж байр сууриа хамгаалах тэрээр Америкийг цагаачдаас хамгаалах ёстой гэж үзнэ. Гэвч эцэст нь түрэмгий эр нотлох баримтад бууж өгнө. Түүгээр сэтгүүлч Т.Шинэбаярыг төлөөлүүлье.
ШҮҮГЧ:11 ЦАГНЫ ҮЙЛДВЭРИЙН ЭЗЭН
Жорж Восковец бол Европын цаг үйлдвэрлэгч. Эргэлзээ төөрөгдөл дунд маргалдах бусдадаа тангарагтны шүүгчийн гол үүргийг нь сануулдаг. Зөв цагт зөв санаа дэвшүүлнэ. Түүгээр цаг хугацааг төлөөлүүлье.
ШҮҮГЧ:12 ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ АЖИЛТАН
Робер Веббер тангарагтны 12-р шүүгч. Зар сурталчилгааны компанид ажиллана. Туйлбаргүй. Үзэл бодлооосоо амархан ухарна. Бусад шүүгч түүний санаа бодлыг эсэргүүцэх үед тэрээр бодлоо амархан өөрчилнө. Хулчгар, аймхай. Саналаа өгөхдөө нааш цааш алхангаа бодох цорын ганц тангарагтны шүүгч. Нотлох баримтад дарагдаж эргэлзээнд төөрнө. Энэ дүр Монголын иргэдийг төлөөлнө.
Нийгмийн анхаарлыг хамгийн их татсан сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шүүх хурал хаалттай болж 4.9 жил хорих ялыг хэвээр үлдээжээ. Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд, шүүх хурлыг нээлттэй явуулах тухай хүсэлтээ хүргүүлсэн ч “Төрийн нууцтай” холбоотой хэрэг тул хүсэлтийг хүлээж аваагүй. Шүүх хурлын өдөр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, МСНЭ, түүний ар гэр, үр хүүхэд, шүүхийн гадаа хүлээж, Монголын нийгэм, Н.Өнөрцэцэгийн дэмжигчид, үзэн ядагчид гээд бүгд давж заалдах шатны шүүх хуралд анхаарлаа хандуулан хүлээсэн. Давж заалдах шатны шүүх хурал өндөрлөж, Н.Өнөрцэцэгт оноосон ялыг хэвээр үлдээх шийдвэр гарлаа.
Н.Өнөрцэцэг, шударга ёс нэхэгдэх Монголын нийгэм, түүнийг яллахаар улайрах бүлэглэл, хууль хүчнийхэн, хүлээгдэх цаг хугацаа, цахим дагагчид, гэм буруутайг өөрийн үндэслэлээр нотлогчид, ардчилал хүний эрх, үзэл бодол зөрөх ч эрхийг нь хамгаалах хэн нэгэн, дэмжигчид, иргэд... Нийгмийн бүхий л өнгө яг л 12 ууртай эр шиг маргаан дагуулна...
Киноны үйл явдлын 1-р шүүгч шиг Сэтгүүл зүйн салбарын найз нөхөд хамтран зүтгэгчид нь Н.Өнөрцэцэгт буруу бийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч эцэст нь хаалттай шүүгдэж буй түүнийг хэргийг нээлттэй шүүх ёстой, ямар хэрэгт буруутгагдаж, хэрхэн яллуулж байгааг нь бүгдэд нээлттэй болгохоор өөр өөрийн сувгаар мэдээлж, хамтын дэмжлэг үзүүлж нийгмийг удирдан чиглүүлсээр ирсэн байдаг.
Мэдээж Н.Өнөрцэцэг яллагдаж, нийгэмд гэмт хэрэгтэн гэх нэр зүүхэд хэн хамгийн үнэнч вэ? Ар гэрийнхэн нь. Гэхдээ тэд ч мөн Н.Өнөрцэцэгийг зөвтгөөгүй, хэт давилуун, омголон байсныг анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Гэвч 12 ууртай эр киноны банкны ажилтан шиг бүрэг, гэхдээ зөв сэжүүр гаргаж киног үргэлжлүүлэх шиг түүнийг хэргийг нууцаас гаргаж ил тод шүүх ёстой гэх чухал санааг мөн л дэвшүүлж буй.
Н.Өнөрцэцэгт холбогдох нууцын зэрэглэлтэй хэрэг хаанаас эхтэй, яаж өрнөсөн эцэст нь ялав? Н.Өнөрцэцэгийг зайлуулахаар улайрсан улстөрчид киноны 3-р шүүгч. Хувийн өс хонзон, сэтгүүлчийн ил тод гаргасан баримт, нийтэд цацах авлигын мэдээлэлд хорсон занасан улстөрчид, магад ирээдүйд дайснаа гэж хараад, дарж авахаар хамгийн их улайрч буй.
Хууль хүчний байгууллага хянамгай, хуулийн дагуу хэргийг мөрдөж, яллаж, шүүж, цагдан хорьж буй. Хэрэг хуулийн дагуу, бүх нотлох баримтат тулгуурлан шийдэгдэж байгаа ч чимээ аниргүй, ил тод бус. Юутай ч Н.Өнөрцэцэгийг төрийн нууцтай холбоотой үзэж ял оноосон. Гэвч үнэндээ төрийн нууцтай холбоогүй, нотлох баримт дутуу, эсхүл хэрэг наймаалцах нэгний гар хөл орж ирсэн байвал яах вэ? Хэзээ нэгэнт цагт үнэнд гүйцэгдэнэ...4-р шүүгч.
Н.Өнөрцэцэг нийгмийн дуу хоолой болж явсан нь үнэн. Үүнтэй маргах юм? Олон сул талтай. Гэхдээ хэн ч төгс бус. Түүнийг гоочлох нарциссистуудаас сошл дагагчид нь хамгаалдаг байв. Тэд нийгмийн гарал, үндэс угсаа, малчин, хөдөөнийх, хэн байсан гэдэг нь хэнд ч хамаагүй, тэр бүхэн сошлоор яллах үндэслэл ч болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрч түүнийг өмгөөлнө. Н.Өнөрцэцэгийн дагагчид бол 5-р шүүгч.
Өнөөгийн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу. Н.Өнөрцэцэгтэй үзэл баримлал тэс өөр. Хэрэгт холбогдож хоригдохоос нь өмнө бол буруутгадаг, алдааг нь онилдог байв. Харин Н.Өнөрцэцэгийн шүүх хурлын үеэр, хэвлэлийн эрх чөлөө алдагдаж, хаант засаглалтай улс боллоо гэх утгатай үгийг дайж, өмгөөлөв. Мөн яагаад “төрийн нууц” хэмээн яллаж байгаад гол анхаарал хандуулж буй нь Тангарагтны 6-р шүүгчтэй төстэй.
Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр цахим хуудастаа "Бат ялсан мэдрэмжтэй шүүх хурал”. Өмгөөлөгч нар бут ниргэсэн. Давж заалдах шатны шүүхэд маш их итгэж байсан. Улсын дээд шүүхэд Д.Эрдэнэбалсүрэн шүүгчийн орон тоон дээр нэг суудал гарсан. Давж заалдах шатны шүүхээс тэнд хэн очихыг харна. Тогтоох хэсгээ нээлттэй танилцуулна гэсэн бол Шүүх бүрэлдэхүүн камераа өөрсөд лүүгээ харуулдаг. Итгэлтэй шийдвэр гаргасан юм бол царайгаа харуулахаас юундаа айв?" гэж шүүх засаглал рүү дайрчээ. Шүүх хуулийн дагуу л шийдвэрээ гаргадаг институц гэдгийг өмгөөлөгч мэднэ. Хэрэг наймаалцах шат нь өөр шат байдгийг ч мэдэхийн дээдээр мэдэж буй биз. Өмгөөлөгч нар бут ниргэсэн ч үйлчлүүлэгч нь ялтай үлдэв... Тэнд чухам юу болсныг хэн ч мэдсэнгүй...7-р шүүгчтэй адил санагдав.
ГОЛ САНАА: Кино эхлэхэд бусад бүх Тангарагтны шүүгч хүүг эцгээ хөнөөсөн гэж буруутгах санал өгөхөд Тангарагтны 8-р шүүгч ганцаараа эсрэг санал өгнө. Тэрээр амьдрал эргэлзээгээр дүүрэн байдаг гэх үзэлтэй. Шүүгдэгчийг буруутгах нотлох баримтуудыг нухацтай судалж, цаг зав зарцуулна. Ерөнхийдөө хүүг буруутгах нотлох баримтуудыг дангаар шахуу нягтлан “дахин”, “дахин” шалгана. Энэ дүр бол Монголын Ардчилал. Өнөөдөр үндэс угсаа, нийгмийн анги давхаргаас үл хамааран хүн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг Ардчилал хүний эрх бидэнд өгсөн. Ардчилсан нийгмийн үзэл санаа л эцэстээ Н.Өнөрцэцэгийн талд зогсох хэн нэгний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэж, хэвлэлээр нээлттэй мэдээлэх эрхийг нь өгч буй. Угтаа түүний төрийн нууц гэх хэрэг Ардчиллын буянаар цагаадаж болох билээ.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл бол сэтгүүлчийг хэн байхаас нь үл хамаарч түүнд анхаарал хандуулах ёстой байгууллага. Тангарагтны 9-р шүүгч ялгаварлан гадуурхах үзлийг тэвчдэггүй шиг сэтгүүлч нь ямар ёс зүйтэй, хэн байхаас үл шалтгаалан эрхийг нь хамгаалах ёстой гэж үзнэ. Хэдийгээр 9-р шүүгч бусдынхаа хамгийн ахмад, ухаалаг ч, “зоримог бус”. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл яг л тийм өнгө.
Н.Өнөрцэцэгийг гэмт хэрэгтэн гэж бат итгэлтэй дугарах нэг сэтгүүлч бий. Тэр бол Т.Шинэбаяр. Хурц, түрэмгий, үзэл бодлоо бусдад тулгаж, чанга дугарна. Либерал үзэл баримтлалтай сэтгүүлчийн дэвшүүлэх санаа, зорих зорилго зөв ч логик нь бяцхан “алдаатай”. Нийгмийн гарал угсаа, мэдлэг боловсрол, гадаад төрхөөр нь ялгаварлан гадуурхах хандлагатай, субьектив. Хандлага нь либерал үзэл баримтлалынхаа амин сүнс индивидуализмыг “умартчихна”. Тангарагтны 10-р шүүгчтэй тун төстэй. Эцэст нь ойлголцох ч юм билүү?
Монголын сэтгүүлчид бүгд, өөр өөрийн хэв маяг, зан төрх, мэдлэг боловсрол, үзэл баримтлал, ёс зүй, хэм хэмжээтэй. Үзсэн ном, дуулсан эрдэм, туулсан замнал, туурвих жанр нь ч өөр. Түмэн зүйлийн “өнгө” Сэтгүүл зүйн салбарт бий. Бусдаас ялгарлаа гээд тэр сэтгүүлч сайн гэсэн үг биш, үүргээ гүйцэтгээд, үнэнийг даруухан хүргээд явлаа гээд муу гэсэн үг биш. Релятив ойлголт.
Хэрэгтэй үед зөв санаа дэвшүүлэх ухаалаг, цаг үйлдвэрлэгч, Тангарагтны 11-р шүүгч бол урсан өнгөрөх цаг хугацаа. Эхэндээ шүүгдэгчийг буруутай гэж үзэх ч цагийн аяс бүхнийг өөрчлөх үе ирж болно. Зарим зүйлийг цаг хугацаанд даатгах орхих нь зүй. Төрийн нууц үнэхээр задруулсан уу, үгүй юу? гэдэг нь цаг хугацаагаар нотлогдох биз ээ. Магадгүй эцэст нь Н.Өнөрцэцэгт өөрөө гарч ирээд юу болсныг ярих үе ирж л таарна.
Киног сонирхолтой өрнүүлэх Тангарагтны 12-р шүүгч харин ард түмэн. Тэдний үзэл санаа амархан хувирч, дэмжлэг нь гэнэт алга болно. Туйлбаргүй. Хэн юу хэлнэ түүнийг даган өөрчлөгдөнө. Хийсвэр. Өнөөдөр дэмживч, маргааш нь эргэлзэнэ. Зориггүй. Нийгмээрээ дэмжсэн ч нэг хормын дараа мартана. Барьцгүй. Доромжлуулж, үнэт зүйлсийг үгүй хийхийг харж байвч хөдлөхгүй. Амиа бодсон...
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэрэг нийгэмд ийм л өрнөлтэй харагдаж байна. Киноны эцэст “ууртай 12 эрс” маань шүүгдэгч хүүг цагаатгахаар санал нэгддэг. Гэвч яг үнэндээ тэр хүү эцгээ хөнөөсөн үү үгүй юу? гэдгийг хэн ч мэдэхгүй үлддэг шүү дээ... Бид ч ялгаагүй Н.Өнөрцэцэгийг төрийн нууцтай холбоотой үгүйг ч үнэндээ мэдэхгүй үлдлээ...
Нийгмийн амьтад бид ч мөн шударга ёс, хүн чанарыг эрхэмлэж аливаа асуудалд тал бүрийн дүн шинжилгээ хийх, эргэлзээтэй бол няцаах, үндэслэлтэй бол зөвшөөрөх, нотлох баримттай бол нягталж байх ёстой. Эцэст нь "гайхамшигтай" гэх үг багадах "12 ууртай эр" киног үзэж амжаагүй бол санал болгоё...










