



















ОХУ-ын “Бандитский Петербург” хэмээх кино 2000-аад онд гарч Монголын үзэгчид ч нийтээрээ үзэж байсан биз. ЗХУ нуран унаж 1990-ээд онд Оросын дархлагдсан хулгайч нарын доор хулигаанууд нэгдэж эсвэл хэсэг залуус хамтраад ёстой нэг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байсан үеийг харуулсан кино. Эдгээр дээрэмчид, буруу гарынхан өнөөдөр ОХУ-ын Олигархууд хэмээгдэж буй. Тухайлбал “Роснефть”-ийн эзэн Майхал Ходорковский одоо Швейцарьт амьдарч байгаа бол ОРТ-ын эзэн Борис Берзовский (В.В.Путиний даалгавраар Их Британид хорлогдсон гэж үздэг). Израйлд орогнож байгаа НТВ-ийн эзэн Владимир Гусинский, цагтаа Английн “Челси” багийг эзэмшиж байсан Роман Абрамович, “Базовый Элемент”-ийн Олег Дерипаска гэх мэт маш олон олигархууд бий.
“Хойно унгахад Монголд үнэртдэг” тул бид юунаас хоцрох. Өнгөрсөн зууны ерээд он Монголд Ардчиллыг авчирсантай зэрэгцэн “Олигарх”-ууд төрөн гарах үүдийг нээсэн. Яг ерээд он гэхээсээ 90-ээс 2010 оны хооронд Монголд “Олигарх” төрөн гарсан “Алтан үе” юм.
90-ээд оны эхэнд картын бараа, эрчим хүчний хязгаарлалт, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хомсдол нүүрлэн жил хагас үргэлжилж тухайн үеийг нийтээрээ арайхийн гол зогоон давж туулсан. Улаанбаатарт амьдарч байсан хүн бүр Монголын нэн шинэ түүхэнд хамгийн их гачигдаж, өлсөж, даарсан гэхэд хол зөрөхгүй биз.
Гудмандаа бие биенээ алж хяддаг, бууддаг, дээрэмддэг ОХУ-тай харьцуулахад харьцангуй тайван өнгөрсөн ч гэлээ төрийн төвшинд Монгол Улсад “Олигарх”-ууд төрөх, тэднийг өлгийдөн авах урьдач нөхцлийг бүрдүүлсэн гэж болно.
“Анхны дээрэм”
Өдгөө зарим нэгэнд нь буурал өвөө хэмээн хүндлэгдэж, зарим нэгэнд Мянгуужин хэмээн зүхүүлж, Монголын газар нутгаас 7 мянган км газар нутаг үгүй болсон хэмээн саяхан нийгмийн сүлжээгээр шуугиулсан Дашийн Бямбасүрэнгийн Засгийн Газрын гаргасан шийдвэр Монголын анхны “Дээрэмчин”-чдийг төрүүлсэн гэж дүгнэж болно.
Нэг л шөнийн дотор бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдэж, иргэдийн банкин дахь хадгаламжийн нэрлэсэн дүн 2 дахин унах алдарт 20 дугаар тогтоол. Магадгүй 20 дугаар тогтоол гаргаж эдийн засгийн реформ хийж, эдийн засгаа аврах төлөвлөгөөндөө тухайн үеийн удирдагчид гүн бат итгэсэн байхыг үгүйсгэхгүй. Гэвч итгэсэн гэдэг нь зөв гэсэн үг биш.
Даш БЯМБАСҮРЭН
Тухайн үеийн ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн ганцаараа ч итгэж байсан байж болно. Гэхдээ 20 дугаар тогтоол гаргахаар төлөвлөхдөө нэг зүйлийг хянаагүй, тооцоогүй нь мэдээллийн аюулгүй байдал буюу уг шийдвэрийг мэдсэн бүхэн “амаа хамхих” ёстой байсныг сануулах юм. Засгийн газрын шийдвэрийг гарахаас нь өмнө мэдсэн нөхөд банкнаас хадгаламжаа аван их хэмжээний бараа таваар, алт мөнгө худалдан авсан байдаг. Эсвэл бүүр анхнаасаа өөрсдөө ийм хувилдаан зохион байгуулсан байхыг ч үгүйсгэхгүй. Түүхэнд ямар хэрвээ гэдэг үг байх биш. Мэдээлэл яагаад чухал вэ гэдгийн сонгодог жишээ нь Сангийн сайд асан С. Баярцогтын оффшор данс, саяар тоологдох ам.долларын хэрэг.
Ингэж л Монголын анхны “дээрэмчид” төрсөн түүхтэй. Үүнээс хойш Монгол Улсыг хамарсан, багасгавал Улаанбаатар хотыг хамарсан их “дээрмийн” ажиллагаанууд үргэлжилсэн...
Эхний давалгаа
Анхны өмч хувьчлал бол Монголд “дээрэмчид” төрөх үндсэн нөхцөл болсон. Нөхцөл болсон гэж үзэхгүй бол бойжуулсан гэе. Тухайн үед улсын гэгдэж байсан хөрөнгийг үнэгүйдүүлж авсан алдарт цэнхэр, ягаан тасалбараар анхны “ дээрэмчид” төрсөн гэж болно. Ягаан, цэнхэр тасалбарыг гаргах үндсэн суурь нөхцөл бүрдэж байхад Монголын ард түмэнд өмч хувьчлал, компани, хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалт гэх мэт ойлголт огтоосоо байхгүй буюу ёстой “А” ч үгүй байсан юм. Мэдээлэл хэдийгээр мэдлэг биш ч ямар чухлыг эндээс ойлгоно биз ээ. Үүнийг соргогоор мэдэрсэн эсвэл мэдээлэлтэй, бүүр цаашлуулж хэлбэл сүйхээтэй , овжин хүмүүс хувьчлалаар өөрийн гэсэн өмчтэй болж авцгаасан.
Гэхдээ хувьчлалыг үгүйсгэх аргагүй. Магадгүй үүнээс өөр арга зам байхгүй байсан ч байж болно. Анх удаа их хэмжээний улсын хөрөнгийг хувьчилж байгаа тул алдаа завхрал гарсан нь тодорхой. Харин дээрх өмч хувьчлалаас анхны хөрөнгөлөг Монголчууд төрөн гарсан нь маргашгүй үнэн. Хэдийгээр өмч хувьчлалд алдаа завхрал байсан ч өөрийн гэх өмчтэй Монголчууд төрөн гарсан нь олзуурхах ганц зүйл. Хувьчлалаас “Дээрэмчин” төрснөөс “Олигарх” төрөөгүй гэсэн үг.
Анхны “Олигарх”
1990 оноос хойш өнөөдрийг хүртэл хэрүүлийн алим байсаар ирсэн, цаашид ч байх “Эрдэнэт” үйлдвэрээс Монголын анхны “Олигарх” төрөн гарсан гэж дүгнэж болно. Анхны олигархын тухай Үндэсний телевизийн захирал асан, Ардчилсан намын гишүүн Ц.Оюундарийн бэлтгэсэн “Зууны луйвар” нэртэй цуврал нэвтрүүлэг “Eagle TV”-ээр гарснаар тухайн үедээ ёстой “бүүм” болж, жинхэнэ сенсаци тарьж байлаа. Зохиолыг нь нэрт нийтлэлч Баабарыг бичсэн гэгддэг. Бичээгүй ч гэсэн оролцоо нь байсан байх магадлалтай. Тус нэвтрүүлгийг эргэн санавал олигархууд улстөртэй сүлбэлдэж, хэрхэн нөлөөгөө тогтоодог, түүнийгээ хэвлэл мэдээллээр хэрхэн хамгаалдаг тухай бидэнд бишгүй сургамжтай өв үлдээсэн гэж болно.
Шагдар ОТГОНБИЛЭГ
Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабандийн унаган багын найз, тухайн үеийн хэвлэл мэдээллийн хамгийн том эзэмшигч буюу магнат Цэрэндоржийн Балдоржийн сайн найз “Эрдэнэт Концерн”-ий эзэн Шагдарын Отгонбилэг гэх хүн бол Монголын хамгийн анхны “Олигарх” байсан гэж дүгнэхэд одоо маргах хүн цөөн.
Өнөөдөр түүний хөшөө Эрдэнэт хотод буй. Түүнийг дээдлэн хүндэлдэг Монголчууд ч цөөн биш. Ихэнх нь амьд сэрүүн байна.
Ш.Отгонбилэг нь УИХ-ын дарга Н.Багабандитай багийн найз бол анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбаттай уул уурхайн салбарт хамт зүтгэж байснаараа холбоотнууд болсон байж болно. Сүүлд хамтарсан бизнестэй болсон нь хуучнаар “Чехословакийн Элчин сайдын яамны барилга”. Тэд “Тэнгэрийн цаг ”-ийг хамтран эзэмшдэг байв. Одоо тэр барилгын түрээс хүү О. Содбилэгт очдгийг хэн хүнгүй мэднэ. Тухайн үед энэ том обьектийг хувийн болгож чадах эрх мэдэлтэй хүн нь П.Очирбат байсан бол хөрөнгийг нь гаргах бэлтэй хүн Ш.Отгонбилэг л байсан байх. П.Очирбат агсан "Тэнгэрийн цаг" гэх холбоо үгэнд машид дуртай байсан ба өөрийн компани, өөрийн намтар номоо ч "Тэнгэрийн цаг" хэмээн нэрийдснийг санах нь зүй. Одоо уг компани “үгүй” болсон.
Пунсалмаа ОЧИРБАТ
Анхны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрт хүмүүн Лодонгийн Түдэвтэй / МАН/ өрсөлдсөн Ардчилсан намын нэр дэвшигч П.Очирбатын санхүүг даасан хүн нь Ш.Отгонбилэг байх магадлал маш өндөр. Тухайн үед одоогийнх шиг сонгуулийн зардлыг ил мэдэх боломжгүй байсан нь тэдэнд давуу тал болсон байх. Учир нь тэр гээд нэрлэчих хөрөнгө бэлтэй, намын нэр дэвшигчээ спонсорлочих хөрөнгөтөн Ардчилсан намд бараг байгаагүй. Бүгд өмх мах, аяга гурилаар амьдрах гэж зүдэж байсан үе. Бүгд Найрамдах намын мөнхийн дарга Б.Жаргалсайхан (Буян Жагаа) Э.Бат-Үүл надаас оройн хоолгүй гээд хонины мах аваад явж байсан гэж ярьсан удаатай. Улсын баатар Э.Бат-Үүл одоо болтол энэ яриаг нь үгүйсгээгүйг бодоход Б.Жаргалсайхан бас ч гэж хүн гүтгэчихээгүй бололтой. Тийм л хэцүү, хоосон үе байсан юм.
Талийгаачдыг муулж, зүхүүлэх гэсэнгүй. Гэхдээ өнгөрсөн цаг үед юу болсныг мэдэж байх нь, таамаг дэвшүүлж байх нь тустай. Тухайн үед Ш.Отгонбилэгийн улс төр дахь хамтрагч бас хамгаалагч нь түүний залуу цагийн найз УИХ-ын дарга асан Н.Багабанди (Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч).
Халзан хэмээх Даваадоржийн Ганболдыг Ерөнхий сайд болгохыг Н. Багабанди 7 удаа буцаасан нь “Эрдэнэт” үйлдвэрт Ш.Отгонбилэгийг дархлах гэсэн тэдний сонирхол байсан хэмээн тухайн үед улстөрд зүтгэж явсан эрхмүүд одоо ч ярьсаар байна. Яагаад Да.Ганболдыг Ерөнхий сайд болгоогүй гэдгээ “Титэм Үг” ярихаас бусдаар ам нээдэггүй, хатуу амт, ширүүн төрхт Нацагийн Багабанди ам нээвэл маргаан нэг тийш болж болох юм.
Нацаг БАГАБАНДИ
Ерөнхийлөгч Нацагийн Баганбанди Да.Ганболдыг Ерөнхий сайд болгохгүй байгаагийн цаад учир нь түүний гарал үүсэлтэй холбоотой хэмээн нийт Монголчууд ойлгож байсан бол хөшигний цаана яг ямар тохироо хийж, юу төлөвлөж байсныг тухайн үеийн улстөрчид батлан ярьцгаадаг. Н.Багабанди, Ш.Отгонбилэг, Ц.Балдорж нарын нөхөрлөл хөрөнгө, хэвлэл, улстөр гурав хэрхэн зуузай холбож Олигарх бий болгож болгодгийн тод жишээ байж болно. Бизнесмен, хэвлэл , улстөрч гэсэн “Гурав”-ын холбоо үүссэнээр ямар ашигтайг одоо ч бид өдөр бүр харсаар, ярьсаар, түүнд нь өөрсдөө ч мэдэлгүй хамтрагч болсоор байна.
Цэрэндорж БАЛДОРЖ
Өнөөдөр үндэсний хэмжээний "Олигарх"-ууд бүгд хувийн хэвлэл мэдээллийн байгууллага, улстөрд түлхдэг “хүү” -тэй байгааг хэн хүнгүй ярьж, анзаарч, мэддэг болоод буй. Харин анхны “Олигархын буюу Гурвын холбоо” үүсэхэд тэдний эсрэг хөдлөх хөрөнгөтэй, хэвлэл мэдээлэлтэй хэн ч байгаагүй гэж хэлж болно. Харин өнөөдөр бүх л олигархууд хэвлэлийн арми, өөрийн гэсэн инфлюсерүүд, тролл баг, төлөөний “том, жижиг” улстөрчтэй болж. Бүүр тагнуулын сүлжээтэй болсон тухай ч Хууль зүйн сайд О.Алтангэрэл баталж яриад байх.
"Олигарх" гэснээс энд нэг “тоодгор” эрийг тод томруунаар бичихээс өөр аргагүй. Цагтаа УИХ-ын танхимыг удирдан даналзаж явсан, Засгийн газрын талд ам нээсний хариунд нарсанд биш наранд үлдэж чадсан гэх хардлагын бай болоод буй Зандаахүүгийн Энхболд гэх улстөрч. Ямар хувь заяа энэ хүнийг “Эрдэнэт” үйлдвэрийг “Эрдэнэт концерн”-ий охин компани болгоод хувьдаа завьшихсан байсан анхны олигархын санаархлыг таслан зогсоох нөхцөл бүрдүүлсэн юм бол...
Зандаахүү ЭНХБОЛД
Тухайн үеийн төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд “Төр нь өмчөө мэддэг юм” гэсэн алдарт афоризмаа хэлж, Эрдэнэтийг буюу “Уулын баяжуулах Эрдэнэт” үйлдвэрийг улсад авч үлдсэн түүхтэй. Түүний олигархуудын санаархлыг тасласан нь ганц удаа биш бөгөөд 15 жилийн дараа ахин холбогдсон. Тэр нь бид бүгдийн 1072 хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Таван Толгой”
Үргэлжлэл бий…










