



















Бидний тоглодог шатар 64 нүдтэй бол өнөөдөр Монголын Улстөрчдийн тоглох “Занданшатар” 126 гишүүнтэй УИХ байх юм. Шатрын 32 нь цагаан, 32 нь хар бол улстөр дахь шатрын 68 нь МАН, 42 нь АН, 8 нь ХҮН, 4 нь Үндэсний Эвсэл, 4 нь Иргэний зориг ногоон нам гэсэн гишүүдтэй. Тэд өнөөдөр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сийлж, гоёсон Зандан модон шатраар тоглож, түлхсэн “Бэрс”-ийг нь шакмат болгох эсэхээ хэлэлцэнэ. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн бодон бодон зүтгүүлж аль эртнээс зурсан улстөр дахь шатар нь том зургаар харвал аль нэг хэсэгтээ гацаах хүү, бодгүй ёстой сайхан нүүгдэж байгаа. Ямартаа ч өнөөдрийн хувьд тээг саад гэх зүйл алга.
Тэгвэл МАН-ын VII бага хурал гэхээсээ Ерөнхийлөгчийн зүгээс илгээсэн Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын 34 дахь Ерөнхий сайдаар батламжилж, түүнд Засгийн газраа байгуулах эрхийг өгч томилох эсэхээ УИХ-ын 126 гишүүн тун удахгүй шийднэ

Өдгөө 55 настай Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Гомбожавын хүү Занданшатарыг Монголчууд андахгүй. Ухамсарт амьдралынхаа сүүлийн 22 жилийг улстөрд зориулж байгаа Гомбожавын Занданшатарын улстөрд дахь амьдрал 2003 онд Монгол Улсын Хүнс Хөдөө Аж Ахуйн дэд сайдаас эхэлсэн. Хаан банкны дэд захирлын албыг хашиж байсан түүний хувьд гэнэт дэд сайд болж томорсныг нь Ерөнхийлөгч асан “Авилгын загалмайлсан эцэг” гэгддэг Намбарын Энхбаяртай яах аргагүй холбож ойлгох нь зүй. Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр 2000-2004 онд Ерөнхий сайдын албыг хашихдаа тухайн үедээ ирээдүйтэй гэх залуусыг улстөрд татан оролцуулсны нэг нь Гомбожавын Занданшатар байв. Өнөөдөр улстөрчийн хувьд мартагдах шахсан Цэндийн Мөнх-Оргил, Сүхбаатарын Батболд нар улстөр дахь гараагаа 2000-2004 онд мөн л дэд сайдаар эхлүүлсэн түүхтэй.
90-ээд оноос улстөрчдийг үе үеэр нь хуваавал Гомбожавын Занданшатар гуравдугаар үеийн буюу 70-аад оныхны төлөөлөл.
Сүүлийн 30 жилд улстөрд нөлөөтэй, хөшигний цаанаас бус шууд улаан нүүрээрээ үзэлцэж, босоо яваа хэдхэн улстөрч бий. МАН-аас Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр, одоогийн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, АН-аас Норовын Алтанхуяг гээд бараг шувтарч байна. “Элэвч элтийгээд, даравч далдайх” гэдэг АН-ын Эрдэнийн Бат-Үүл, Цахиагийн Элбэгдорж, Сангажавын Баярцогт гэсэн нөхөд бий ч тэдний хувьд тулга тойрсон шуналаасаа болж улстөрчийн замналаа гавьяагаар бус гайгаар дуусгаж буй. Одоо тэдэнд улстөр дахь орон зай бараг үлдээгүй. Зарим нэг нь дээлээ нөмөрчихгүй тайван амьдармаар байна хэмээн нийгмийн сүлжээгээр хашхирч яваа нь ч үүнийг гэрчилнэ.
Харин Монгол Улсын хөгжлийн “гай түйтгэр” гэгдэх болсон Халтмаагийн Баттулгын хувьд 60-аад оны төлөөлөл боловч, улстөрд орж ирснээрээ бол тээр хойно 4 дүгээр үеийн төлөөлөлд багтана. Гэхдээ түүний улстөр дахь замнал адармаатай ч мөн гэрлийн хурдаар байсныг энд онцлох нь зүй. Өнөөдөр ч зарим нэг хүний амны уншлага, тарни мэт болж УИХ гишүүн гэгдсээр л байна.
УИХ-ын Нэгдүгээр тойрогт өвдөг шороодсон Гомбожавын Занданшатарын улстөрчийн замнал энд хүрээд өндөрлөлөө хэмээн ихэнх Монголчууд өнгөрсөн жилийн зургаадугаар сард бодож байсан байж болох.
Магадгүй түүний Төвдийн том лам нарт өргөл өргөж, адис жанлавыг хүртдэгээс болсон уу! УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, гишүүн болж чадаагүй унасан ч Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, араас нь Ерөнхий сайд болох их хувь заяатай нэгэн бололтой. Бүүр цаашилбал 2027 онд Ерөнхийлөгчийн өндөр сэнтийд залагдчихаж магадгүй байна. Төвдийн лам нарын адис, жанлав гэхээсээ Гомбожавын Занданшатар яах аргагүй л “Тэнгэрт тэтгэгдсэн” нэгэн бололтой.
Түүний улстөрчийн шинэ замнал өнөөдрөөс ийнхүү эхэлж байна.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ахин Ерөнхийлөгч болохгүй, Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжихгүй гэдгээ УИХ-ын индэр дээр сууж байхдаа загнах, зандрах хоёрын хооронд мэдэгдэж өөрийн нийгмийн сүлжээгээр цацсан мэдэгдлээ УИХ-ын чуулган дээр лавшруулан баталгаажуулсан.
Өнөөдрийн хувьд УИХ Ерөнхий сайдыг батламжлах мэт харагдаж байгаа ч 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхмийг л батлах юм. Үүнийгээ ч алсын хараагүй энд тэндхийн түлхээсээр орж ирсэн хүүнүүдээ од болгон хөөргөсөн Ардчилсан Намынхан хэзээ хойно ойлгож цаг хожих гэж оролдож байх шиг. Харамсалтай галт тэрэг нэгэнт хөдөлсөн. МАН-аас “Бэрс”-ээ 2027 он руу зүглүүлээд нүүлгэлээ. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн “Бэрс” нь “Ноён” болохыг бид удахгүй харна.
МАН-ын “Ноён”-ыг АН-ынхан тосож аван, дараа дараагийнхаа нүүдлийг бодох л зам үлдлээ.










