



















Ардчилсан нам үзэл, баримтлалдаа үнэнч бус
Монгол Улсад Ардчилсан нам гэж байлаа. Ингэж бичихийн учир нь, 2016 оны УИХ-ын сонгуулийг хүртэл тэд улсдаа хамгийн хүчтэй, хамгийн олон жил засагласан, чөлөөт зах зээлийн төлөө зогсдог нам байв. Гэвч тэд сонгогчдын нэг хэсэгт таалагдахын тулд чөлөөт зах зээлийн үзэл санаагаа таягдан хаяж, төрийн системчлэгдсэн халамжийн бодлогыг дэмждэг өрсөлдөгч намаасаа ялгагдахааргүй эдийн засаг дахь төрийн оролцоо, халамжийн бодлого Ардчилсан намаас гардаг болсон юм. Улс төрийн намуудыг эрүүл өрсөлдөөнтэй болгохын тулд хуулийг нь шинэчлэн баталж, УИХ-д суудалтай намд төсвөөс мөнгө өгдөг байхаар тогтсон. Гэвч энэ олон нам Монголд яагаад хэрэгтэй гэж асуух тохиолдол нэмэгдсээр байна. Бүх нам төрийн оролцоог дэмждэг үзэл баримтлалтай бол аль ч нам сонгогдсон өөрчлөлт гарахгүй. Нөгөө “тогоочоо сольсон ч жор нь хэвээрээ” гэдэгчлэн нэг үзэл санааны дор намууд “ялзарч” байна.
Үүнийхээ ч горыг амсаж, МАН-д энэ удаагийн нийслэлийн ИТХ-ын сонгуульд ялагдлаа. Бүр 45 суудлаас 40-г нь МАН авав. Алдаагаа өөрсдөөсөө хайхгүй сонгуулийн санал хураалтын өдөр, залуу сонгогчдын идэвх хангалтгүй байсан гэж “ундууцав”.
Үнэндээ Ардчилсан нам өнгөрсөн 34 жилийн хугацаанд цаасан дээр бичээтэй албан ёсны үзэл баримтлалдаа үнэнч байж, зогсолтгүй чөлөөт зах зээлээ дэмжиж хөгжүүлсэнгүй. Зүүний үзэл баримтлалтай МАН-аас ялгарах үзэл санаа ч үгүй, өөрсдийг нь сонгох иргэд ч үгүй болж сүйрдэг гэдгийг ойлгох ухаан Ардчилсан намд одоо хэрэгтэй байна.
Ардчилсан намын сонгуулийн ПИ-АР нь хар
Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын сонгууль бол улс төрийн намуудад тавьсан дүн болж өнгөрлөө. Нийслэлд МАН “нэвт” яллаа биш, нийслэлийн иргэдэд төлөөллөө болгон сонгох нэр дэвшигч АН-д ховор байлаа. Тиймдээ ч, сонгогчдын ирц нь ч түүхэндээ байгаагүйгээрээ маш муу буюу 42,2 хувьтай байв. Эцэст нь нийслэлийн ИТХ-ын сонгуульд АН өвдөг шороодов. 60 чавганц уралдвал нэг нь түрүүлдэг гэдгийн адилаар МАН түрүүллээ. Энэ нь тэд сайндаа биш, сонголтгүй АН орон нутгийн сонгуульд ингэж “элгээрээ хэвтэх” хүртлээ доройтсоныг дахин нотлов. Дээрээс нь тэдний сонгуулийн сурталчилгаа, пи-ар тэр чигтээ “хар” технологи байлаа. Тэдний энэ “харлуулах” технологи өрсөлдөгч МАН бус АН-ыг өөрсдийг нь “булшлав”. Сонгуулийн Пи-Ар хар технологиор явахаа байсныг Өмнөговь аймгийн МАН-ын ялагдал ч давхар баталж харууллаа.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нарын тойрогт Ардын нам “унаж” 9 аймагт “засаглалаа” алдав. АН ялсан аймгуудад ардчиллын нэр хүнд нийслэлийнх шиг шалдаа буугаагүй байна. Мөн аймгуудын Ардчилсан нам нийслэлийнх шиг “хар технологи”-оор сонгуулийн сурталчилгаа хийсэнгүй. Хийж бүтээх төлөвлөгөө, болно бүтнэ гэсэн итгэлийг сонгогчдод ойлгуулсан учраас яллаа. Асуудал нь дундардаггүй нийгэмд хүн муулж, харлуулдаг хүн өөрөө л “хар” харагддаг болжээ.
Ардчилсан нам доторх хагарал
Ардчилсан намын хагарал 2016 оны УИХ-ын сонгуулийн дараагаас эхлэлтэй. Нэгнийхээ мууг үзэх гэж, тамга хөөсөн хэнээрхэл нь эцэстээ Ардчилсан үзлийг ганхуулж, Ардчилсан намынхаа “амийг таслах” хүртлээ дордоно гэж одоо тэд төсөөлөөгүй биз.
2021 Ерөнхийлөгчийн сонгууль, 2016, 2020, 2024 онуудын УИХ-ын сонгуулиудын дүн буюу Ардчилсан намын ялагдал бол ердөө тэдний “эв түнжингүй, эрээвэр хураавар бодлого, намаа биш өөрийгөө ихэд тоосон фракцуудын зөрчилдөөн” өнөөдрийн ялагдах нэг шалтгаан юм.
Гэхдээ тэд ухаарсангүй, хагарал нь одоо ч үргэлжилсээр... Ардын намд салхи орох хэрэгцээ их бол Ардчилсан намд олгой хагаравч тогоон дотроо гэх үгийг даймаар байна.










