



















Нийслэлийн “Нэгдүгээр хүн” нэг жилийн хугацаанд бондуудаар,“өр” өсгөж үзүүлэв. Хэрэг зориг юунд, хэтийн зорилго хаана вэ? гэтэл Сэлбэ дэд төвийн бүсэд бетонон хороолол босгож, босгосон хороололдоо гэр хорооллын айлуудаа оруулаад, оронд нь газрыг нь чөлөөлүүлээд, чөлөөлүүлсэн газраа эдийн засгийн эргэлтэд оруулаад, эдийн засгийн эргэлтэд оруулсан газрынхаа мөнгөөр өрөө төлнө гэв...
Үнэндээ ядраадаг нэг үлгэр санаанд буув
Өрийнх нь эргэн төлөлт хэзээ вэ? гэвэл 7.75 хувийн хүүтэй 2027 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй гэнэ. 2024 он бол үндсэндээ шувтарч байна. Харин хоёрхон жилийн дараа эргээд 500 сая ам.долларын бондоо хүүтэй нь төлнө. Хорин минутын хот, 12 мянган айлын хотхон хорооллууд нь баригдаж дуусаад, айлууд нь газраа чөлөөлж ороод, чөлөөлсөн газрыг нь нийслэл нь эдийн засгийн эргэлтэд оруулж, эргэн төлөлтөө хийж амжина гэж хээвнэг ярьж байх юм.
Дээс томж найзыгаа аврах үлгэрт нь татвар төлөгчдийн мөнгө уйлахгүй гэх баталгаа алга
Өмнөх 500 тэрбум төгрөгийн бондын 300 тэрбум нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц рүү 200 тэрбум нь зам завсарт, өөрөөр хэлбэл орон нутгийн сонгуулийн өмнө МАН-ын будагтай нүүр болж үүргээ гүйцэтгэсэн. Харин энэ удаад засгийн газрын баталгаатай гаргасан 500 сая долларын бонд барилгын хэдэн компаниуд, төсөл дундах цавчаа, цүнх баригчдын зууш зугаа болоод өнгөрөх магадлалтай.
Өөдрөгөөр төсөөлөөд Сэлбэ дэд төвийн бүс орон сууцны хороолол боллоо. Түүнд нь гэр хорооллын иргэд газраа чөлөөлөөд орлоо гэхэд нийслэлийн бондын төлөлтийг Нийслэлийн аж ахуйн нэгжүүд, иргэдтэйгээ нийлээд төлөх нь тодорхой. Өөрөөр хэлбэл таны мөнгөөр бусдыг байранд оруулах л төсөл Нийслэлээс хийгдэж байна гэж хардахаар.
Дараагийн асуудал нь дэд бүтцийн холболт.
“Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны 2200 нэгж талбарыг чөлөөлж, 12 мянган өрхийн орон сууц барина. Нийт 2206 айлын газрыг чөлөөлөхөөс одоогоор 1500 айл нь газраа чөлөөлж нөхөх олговор аваад байгаа.
Ингээд төслийн хүрээнд Сэлбэ дэд төвд баригдах 12 мянган айлын орон сууц, 960 хүүхдийн суудалтай гурван сургууль, долоон цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, спорт ордон байгуулна. Эрчим хүч, дулаанаар хэрхэн хангах нь тодорхойгүй
Нийслэлийн станцууд одоо байгаа оргил ачааллаа дийлэхгүй хэзээ мөдгүй сөхрөхдөө тулсан, өмнөх бондын мөнгийг зээлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станц ослын улмаас хэзээ цахилгаан нийлүүлэх нь тодорхойгүй. Өнөөдрийг аргацааж ядаж байхад том төслийн дэд бүтцийн холболт бол тоглоом биш.
Товчхондоо Нийслэлээс гаргаж байгаа бондууд нь нохойн наадам болоод дуусах вий...
Учир юу гэвээс МАН-ын шинэ үеийнхэн ах нарынхаа гаргасан жимээр явж буй. Дараа дараагийн ээлж хоолондоо хүрэхээр улайрцгааж байгаа нь орон нутгийн сонгуульд ялчхаад л уйлж зогсоо охид хүүхнүүдээс нь онцгой харагдана лээ. Хоолны зах зухын бараанаар уйлж байгаа юм чинь ах нарын жимээр дахиад жаахан өөдөө мацвал чөтгөрт сүнсээ худалдах нь тодорхой биз ээ...
МАН том төсөл том хулгай гэж сонсогддог болсон нь үнэн хойно
Одоо нийслэлээс гаргаж байгаа бондуудын зарцуулалт 20 минутын гэх үлгэрийн нэршилтэй хотыг барилгажуулахад зарцуулагдана гэхээр татвар төлөгч миний Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Ногоон автобус, ЖДҮ, Зээлийн сангуудын "мега" хулгайгаас үлдсэн “траума” сэдрээд байна.










