



















Их гүрнүүдийн эмзэг цэг, сөргөлдөөний шалтгаан болж буй “газрын ховор” элемент Монголд бий. Ирээдүйд дэлхийн технологийн хөгжлийг атгах газрын ховор элементтэй улсууд энэ нөөцөө “стратегийн нөөц” хэмээн хамгаалж буй. Алт, зэс, нүүрс, уранаас ч илүү өгөөж өгөх газрын ховор элемент бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал...
Монголоос олборлож экспортолсон газрын ховор элементээр Америк зэвсэглэж, Европ салхин турбинууд бүтээж, Япон соронз үйлдвэрлэж, Солонгос цахилгаан автомашин экспортолж байна гэж төсөөл... Нисэх онгоц, хиймэл дагуулын холбоо, радар, F-35 сөнөөгчөөс эхлээд агаараас хамгаалах пуужингийн систем, шумбагч онгоцууд, тагнуулын бүхий л төхөөрөмж, дурангийн линзийг бүтээх түүхий эд Монголоос...
Хүчирхэг гүрнүүдийн Батлан хамгаалах салбарын амин сүнс цэргийн технологийн хөгжил газрын ховор элементгүй бол зогсоно. Дан ганц цэргийн технологи ч зогсохгүй. Өнөөдөр таны хэрэглэж буй гар утас, компьютероос эхлээд орчин үеийн технологийн бүх хэрэглээ, магад таны “төсөөллөөс” ч давсан технологид газрын ховор элемент ашиглагдах юм. Тиймээс газрын ховор элементийн ирээдүйд үнэлэгдэх хэмжүүрийг бид өөрсдөө ч төсөөлж барамгүй...
Дэлхийн эрчим хүчний шилжилт, Цөмийн технологи, Батлан хамгаалах салбар, Сансар огторгуйн нууцыг түлхүүрдэх газрын ховор элементийн ордыг ашиглана гэдэг бол маш том “стратеги”. Төрийн хар хайрцагны бодлого болох ёстой. Хоёр их гүрний эрх ашиг ч шууд “хөндөгднө” гэсэн үг. Тэр тусмаа газрын ховор элементийн зах зээлийг хянаж буй Хятадын эрх ашиг хамгийн ихээр хөндөгдөж буй Халзан бүрэгтэйд “цухалзаад” эхэлж. Хойноос ч мөн ашиг сонирхлын мөнхийн “хатгаас” харагдаж тэдний гар хөлүүд “хэзээ” ч уул усаа хөндөж газрын ховор элементдээ хүрч, олборлож болохгүй гэх “зэвүүн” ухуулга хийж байна.
Дотооддоо эв нэгдэлгүй, авлига сүлжээ төрийн бүх шатанд хэрсэн Монголыг хагалан бутаргах амархан ажээ. Хаяанаас нь ганцхан чулуу шидэхэд тэр чигтээ доргих Монголын нийгэм, уул уурхай эрдэс баялгийн хувь заяагаа мөнхөд хаяанаасаа шийдүүлэх азгүй хувьтай юм...
“ОЙРХИ ДОРНОДОД ГАЗРЫН ТОС, ХЯТАДАД ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ БИЙ”
Хятад улс геополитикийн тавцанд хожил авчрах хөзрийн тамга гартаа атгаж буй. Энэ бол газрын ховор элемент.
Дэлхий дахинд газрын ховор элемент гэх гол хөзрийг атгаж буй. Хятад үүгээрээ Америкийн багалзуурыг ч шахаж дөнгөнө. Эдийн засгаараа нэг, хоёрдугаарт эрэмбэлэгдэх их гүрнүүдийн зөрчил, хурцадмал байдал худалдааны дайнаас аль эрт хальжээ. Тарифын маргаанаар халхавчилсан их гүрнүүдийн зөрчлийн гол цэг нь газрын ховор элемент болж буй.
Дэлхийд газрын ховор элементийн нөөцийн 80 гаруй хувийг дангаар эзэмшиж буй Хятад энэ баялгийг зөв удирдаж, геополитикийн давуу талаа болгосон нь ерөөл гэлтэй... Одоогоос хоёр сарын өмнө Хятадын төрийн өмчит “China Rare Earth Group” Сычуань мужаас 4.96 сая тонн газрын ховор элемент илрүүлсэн. Шинээр нэмж илрүүлсэн нөөц нь Хятадын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын стратегийг улам баталгаажуулна хэмээн Ши Жиньпин үзэж байна. Мөн үргэлжлүүлэн газрын ховор элементийн хайгуул ч тасралтгүй хийгдсээр байна. Газрын ховор элемент бол БНХАУ-ын төрийн өмч бөгөөд, ямар ч байгууллага, хувь хүн энэ нөөцөд халдах ёсгүй. Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Хятадын Засгийн газар газрын ховор элементийн олборлолт, ашиглалт, “экспортод хяналт” тавих мэдээллийн санг ажиллуулж эхэлсэн. Мөн газрын ховор элемент боловсруулах, соронз үйлдвэрлэх технологийг экспортлохыг аль хэдийн хориглосон нь газрын ховор элементийг үнэ цэн ямар вэ гэдгийг харуулах баталгаа юм.
ДЭН СЯОПИНЫ “АЛСЫН ХАРАА”
2000-аад оноос хойш газрын ховор элементийн хэрэглээ дэлхий даяар нэмэгдэж эхэлжээ.
1992 онд Хятадын удирдагч Дэн Сяопин ӨвөрМонголын Бугат хот дахь газар ховор элементийн ордтой танилцах үеэрээ “Ойрх Дорнодод газрын тос, Хятадад газрын ховор элемент бий” гэх алдарт үгээ хэлж буй нь одоо ч тус улсын радио телевизийн архивт бий. Хятадын газрын ховор элемент ирээдүйд өрнийн ноёрхлыг сөрж зогсох Дэн Сяопины “алсын хараа” байж... Хятадын хөгжлийг ч хэдэн арван жилээр түрүүлж харсан “муурын онол”-ыг энд дурдах нь илүүц биз.
АМЕРИК, ЕВРОПЫН МӨНХИЙН АЙДАС
Америкийн хувьд газрын ховор элементийн зах зээлд Хятадаас хараат. Хараат байдлаа бууруулах, шинэ эх үүсвэр нэмэх, дотоодын олборлолтыг нэмэгдүүлэх хайгуулыг тасралтгүй хийж байна. Дональд Трампын үед Америк-Хятадын зөрчил хурцдаж, Жо.Байдены үед ч үргэлжилж байна. Өнгөн талдаа худалдааны дайн боловч, зөрчлийн цаад углуурга бол газрын ховор элемент. Хятад Америкийн нөлөөг хязгаарлах, Америк Хятадын өсөлтийг зогсоох, цаашлаад чип үйлдвэрлэлийн төв Тайванийн асуудал ч хөндөгдөх том агуулга, том ч сэдэв. Мөн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, цэвэр эрчим хүчний шилжилтийг хийх амбицтай Европын холбооны нэн тэргүүний зорилт ч газрын ховор элементийн эх үүсвэргүйгээр бүтэхгүй.
Аль аль нь мөнхийн хайгуул хийсээр буй.
Ирээдүйн үнэ цэнийг нь бид өөрсдөө ч төсөөлж үл барам энэ их баялаг Монголыг ерөөх үү, хараах уу гэдэг нь тун эмзэг байна. Газрын хөрсөн дор заяасан “бурхны бэлэг”, “байгалийн хишиг-” ээ зөв ашиглахгүй бол өнөөг хүртэл уул уурхайн мөнгө төсвөөр дамжин улстөрчдийн хүрээнд эргэлдэж, улсаасаа баян хүмүүсийн ертөнц нийгмээс ангид бий болсон.
АВЛИГА БАЙГАА ЦАГТ ЯМАР Ч ТОМ ТӨСӨЛ ХӨДЛӨХГҮЙ
Монголын хөгжлийг хамгийн ихээр тушсан МАН-ыг, авлигын системтэй нь хамт задлахгүйгээр ямар ч том төсөл хэрэгжихгүй. Хэрэгжих ч боломжгүй. Данхар засгийн хэрэгжүүлэх 14 мега төсөл ч онхолдоно. Авлига байгаа цагт, хүй нэгдлээсээ салаагүй гэмээр хөгийн шахаатай “хөнжлийн” засаг байгаа цагт ямар ч хөгжил, ирэхгүй. Авлига байгаа цагт ядуурал буурахгүй, ядуурал буураагүй цагт улс төр тогтворгүй, улс төр тогтворгүй бол уул уурхайд гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй, гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөгжил үзэхгүй. Авлига яг ийм гинжин хэлхээг тасралтгүй үргэлжлүүлнэ.
Яг одоо Халзан бүрэгтэй төсөл дээр Монголын шим шүүсийг 30 жил сорсон “улстөр”, “хувийн хэвшлийн” бүлэглэл, “эх оронч” дүр захиалсан гадны бодлого хэрэгжиж байна. Шоронд суух ёстой бүлэглэлийн гар хөлүүд тал талаас Монголын эрдэс баялгийг булаалдан бужигналдахыг харах эмгэнэлтэй, бас инээдтэй. Монгол улс авлигыг ялж, боловсролдоо реформ хийж, хувь заяагаа хоёр хөршийнхөө аманд аваачиж хаячихдаггүй, тархи нь сэтгэдэг, гадаад ертөнцийг ойлгодог, "шинэ цагийн сэхээтнүүд" цомхон бүтцээр Монголын төрийн удирдсан цагт энэ их баялаг нийгэмдээ шингэж, үр өгөөжөө өгөх биз ээ.
Тэр цаг ирнэ…Монголын заяа их ээ...










