



















Цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх нь нэгэнт тодорхой болсон. Гэхдээ хэдэн хувиар нэмэх эцсийн шийдвэр гараагүй. Эрчим хүчний зохицуулах хорооноос хэд хэдэн хувилбар оруулж ирснээс,
Цахилгаан- 30 хувь
Дулаан- 85 хувиар нэмэгдэх хувилбар хүчтэй яригдаж байна. Хэрвээ энэ хувилбар батлагдвал сардаа 50 мянган төгрөгийн тогны мөнгө төлдөг айл 65 мянга, дулаанд 100 мянган төгрөг төлдөг бол 185 мянган төгрөг төлнө. Гэхдээ ирэх даваа гарагт эцсийн шийдвэр гарна.
РЕФОРМ БИШ ДАРАМТ...
Цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх асуудал, дээр дооргүй бужигнуулж байна. Ашиг сонирхолын зөрчил ч хаа хаанаа нэвт “үнэртэнэ”. Ард түмэндээ хайртай мэт жүжиглэх улстөрчид үнэ нэмж болохгүй мэтээр жижүүрийн хэдэн тайлбараа хэлж зогсоно. Үнэндээ эрчим хүчний салбарт реформ хийх ёстой. Гэхдээ яаж, ямар арга замаар гэдэг чухал. 357 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахад хүргэсэн хүмүүс нь улстөрчид өөрсдөө. Энэ алдагдал өнөөдөр гэнэтхэн бий болчихсон зүйл огт биш. Үйлдвэрлэх өртөг, зарах өртгөөсөө зөрүүтэй байгаа тухай аль 1999 оноос хойш “үглэж”, үнэ чөлөөлнө гэж ирсэн. Гэхдээ дараагийн зөөлөн суудалдаа саадгүй тухлахын тулд иргэдэд таалагдах халтай шийдвэр гаргадаг эрх баригчдын балгаар ийм цочир үнийн нэмэгдлээр бэлэг барьж байна. Эрчим хүчний салбар хөрөнгө оруулагчгүй, шинэ технологигүй, социализмын үеийн хуучин тоног төхөөрөмжтэйгөөр гал алдахын наагуур ажиллаж, амь тариа хийж яваагийн буруутан нь Засгийн газар өөрсдөө. Сүүлийн 30 жилийн алдаатай бодлого, улс төрчдийн амин хувийн ашиг сонирхолын хөлд иргэд үрэгдсэн гэхэд хилсдэхгүй. Үндсэндээ цахилгааныг 30 хувиар, дулааныг 85 хувиар нэмэгдүүлэх цочир шийдэл эрчим хүчний реформ биш.
Эрчим хүчний салбарыг зах зээлийн гольдрол руу оруулна. Цахилгааны үнийг нэмж, бодит өртөгт хүргэнэ. Энэ байдлаараа цааш үргэлжилбэл, эрчим хүч ашиггүй тул хэн ч хөрөнгө оруулахгүй. Эрчим хүчний салбарын боомыг тайлж, ДНБ-нээ тэлээд эрчим хүчний салбараа ашигтай болгосноор хөрөнгө оруулагч татах, хувийн хэвшилд орох боломжийг нээх нь чухал. Ирээдүйгээ харах сонголт руу явахаас өөр аргагүй гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байв.
ТӨР ҮНЭ ТОГТООЖ БАЙВАЛ РЕФОРМ БИШ
Төрийн менежмент муу байсны хохирлыг иргэд халаасаараа нөхөх боллоо. Энэ бол шударга бус. Нэг квт эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлээд 140 төгрөгөөр борлуулах шийдвэрийг төр гаргасан. Энэ алдагдлаас үүдэж төсвийн тодотголоор 131 тэрбум төгрөгийн татаасыг эрчим хүчний салбарт нэмж өгсөн. Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/, УИХ, Засгийн газраас үл хамаарч үнээ тогтоох хуультай. Гэсэн хэдий ч, энэ хууль огт хэрэгждэггүй. ЭХЗХ үеийн үед улс төрөөс хамааралтай явж ирснээс салбарт нь “улаан гэрэл” ассан. Одоо реформ гэж уйлагнацгааж байна. Реформыг жинхэнэ утгаар нь хийсэн улс орнуудын жишээнээс харвал, чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, төрийн тусгай зөвшөөрлийн дарамтыг арилгаж, сэргээгдэх болон уламжлалт үйлдвэрлэлийн эх үүсвэрийг нэмж, үнийг төр биш зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээр тогтоодог. Харин манайд иргэдийнхээ халаас руу гар дүрэхийг реформ гэх. Учир мэдэх хүмүүс ердөө л үнээ чөлөөлж, монополь байдлаа халж, хувийн хэвшилд орон зай гарга гэж зөвлөдөг. Ядаж л наандаж үнээ нэмсэн ч шат дараалалтай бага багаар, тэгээд төсвөөсөө эхлээд нөхөх хэрэгтэй гэж зөвлөж байна.
“Үнэ нэмэгдсэн ч цахилгааны хэмнэлт хийснээр үнийн өсөлтийн дарамтад өртөхгүй”
Тэдний эхлүүлсэн реформ үнэ чөлөөлөх бус цахилгааны төлбөрийг нэмэгдүүлэх сонголт. Тэгээд үнэ нэмэгдсэн ч хэмнэлт гаргавал дарамт болохгүй гэх. Гэхдээ бодит байдал дээр хэмнэлт үүсгээд ч дарамт ирэх нь амьдрал дээр батлагдсан зүйл. Юутай ч улс төрчид өөрсдийнхөө буруу бодлогоо ард түмний халаасаар баллуурдах гэж үзэж буй.
Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-7 хувиар өсч байна. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2021 онд 1387 Мвт хүрсэн. Цаашдаа жил бүр 100 Мвт орчмоор өсч, ирэх онд 1680 Мвт хүрэх тооцоолол бий. Оргил ачааллын 12.4 хувийг буюу 172 Мвт чадлыг ОХУ- аас худалдаж авсан. Эрчим хүчний бие даасан байдлыг хангах нь цаашлаад Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа. Гэхдээ иргэдийнхээ халаасыг тэмтрэх нь реформ биш ээ.










