



















Нийгэм нэг л буруу яваад байна...Эх орон гэх үгийн цаана “эрх ашиг”, ард түмэн гэх лоозонгийн хойно “ашиг хонжоо” нуугдах болж. Нүдээ нээгээд монгол хүний уужуу цэлмэг ухаанаар та нэг бодоод үз. Хэн жинхэнэ эх оронч вэ? Үүнийг бичиж суугаа би. Уншиж ойлгох та жинхэнэ “эх оронч”. Эх орныхоо “боловсролтой” иргэдийн тоог нэгээр нэмж, ирээдүйн сайн сайхныг бүтээлцэх гэж өнөөдөр чимээгүй зүтгэж яваа эцэг эх та “эх оронч”. Татвар төлөх гэж, төсөв бүрдүүлэлцэх гэж, бизнес босгох, босголцох гэж алдаж онож яваа та “эх оронч”. Суръя, мэдье, өөрчилье, боловсролд, мэдлэгт найдъя гэж бодох хүн бүр “эх оронч”. Монголыг хөгжүүлье, авлигачдаас ангид шударга нийгмийг бүтээе, хөгжье гэвэл мэдлэгт хөрөнгө оруулж эцсийн сохор зоосоо боловсролд зориулахаас өөр зам байхгүй. Ганц жишээ дурдахад өчигдрийн “өндөгний явдлыг” зөвхөн академик боловсролтой хүн л ойлгож бусад нь 45 хоногийн багш гэж ойлгож нийгмээрээ шуурч үзүүлэв. Турхирч шууруулсан нь эх оронч “нэртэн”. Туйлын хүсэл нь ордонд тухлах. Өнөө цагт таны өмнөөс гудамжинд тэмцэж, таны өмнөөс талбай дээр нүцгэлж, таны өмнөөс өөрийгөө шатааж, таны өмнөөс уйлах эх оронч гэж үгүй. Тэд зөвхөн өөрсдийн өчүүхэн эрх ашгийн дор, ашиг хонжоо хайж эх орончийн дүрд тоглодог бэртэгчид. Адгийн шаарнуудын эцсийн хоргодох газар нь “эх оронч” үзэл гэдэг. (Самуэл Жонсон) Итгэхгүй бол та шударга эх оронч гэж боддог “тэмцэгчдийнхээ” хөрөнгө орлогын мэдүүлгийг хар. Шантажаар хөлжигсөд, захиалгын жүжигчид бүгд сонгуульд нэр дэвшицгээсэн.
ЗЭВСЭГ
Тэд бол зэвсэг. Эх орноо тонон дээрэмдэх атгаг хүсэл, ашиг сонирхолтой төрд шургалсан бүлэглэлийн хоорондоо тэмцэлдэх “зэвсэг. Том төсөл хөдлөх замд хөндөлсөж, хөгжил дэвшилд тээг болох тэд “оюуны террористууд”. Гадны гар хөлүүдийн тархи угаах манипуляци хийх үүрэгтэй “зэвсэг”. Таныг бүү мэдэг, бүү сэхээрэг гэж мунхруулах даалгавартай “машин”. Утопийг мөрөөдөгчид. Эрчим хүчний хараат байдлаас ангижирч, улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх “Эгийн голын УЦС”, “5-р цахилгаан станц”, цаг минут тутам хилээр гадагш урсан гарах голуудын уснаас тодорхой хэсгийг хуримтлуулан үлдээж усны нөөцийг хамгийн үр ашигтай, зарцуулах “Хэрлэн-Говь”, “Орхон-Говь” төсөл, төмөр зам “нарийн цариг”, Францтай хамтрах “ураны төсөл” яагаад гацав... Гацааны цаана “Байгаль орчинд хортой” гэсэн наад төслүүд чинь гээд хэнэггүй инээж зогсох ичих нүүргүй, цохилох зүрхгүй гадны гар хөлүүд л байсан. Эд бол Монголын хамгийн эмзэг цэгийг “хөндөн” хатгагчид. Тэд нийгмийн оюун санааг хордуулагч “сүнсгүй хулгайчууд”. Монголд сэтгэлгээний ядуурал материаллаг ядуурлаас их гай өнөөдөр тарьж байна. Тэр их гайг хуурамч эх орончдын хулхи дүрд итгэж уянгалах “хэн нэгэн” тарилцаж байна.
МЭДЛЭГГҮЙ САЙХАН СЭТГЭЛ ТЭНЭГИЙН ТӨРСӨН ДҮҮ
Монгол Улс боловсролдоо маш том реформ хийе. Тэгж байж монголчуудын оюун санаанд гэрэл тусгая. Хуурамч эх орончдыг дэмжиж хуйгаараа уйлж уянгалдаггүй болцгооё. Монголд ашигтай, гаднынханд халтай бүхэнд эх орон гэж цээжээ дэлдэж, соёмботой бомбер хас тэмдэг, хар савхиар гоёсон эх орончдын “фанат” бол та “хар масс”. Танд зориулсан жүжгээр оюунаа хооллон амьдрах “золгүй” хувьтай нэгэн. Та эх орондоо хайртай ч мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгийн төрсөн дүү гэдэг үгийг сануулъя. Эх орноо хамгаалах зэвсэг бол мэдлэг. Бамбай нь оюуны дархлаа. Баатар нь хөдөлмөр. Цахим ертөнцөд өрнөх ямар ч жүжигт бүү итгэ. Эх орончийн дүр “авсан” нэг солиотын бичлэгийг үзэх цагаа номын нэг хуудас эргүүлэхэд зориулж чаддаг бол харин та “жинхэнэ эх оронч”.
ХЭНЭГГҮЙ МОНГОЛООС ХЭРСҮҮ МОНГОЛ
Эцэст нь нийгмийн хорт хавдар болсон "команд"-аар хөдөлдөг гар хөлүүдээс ангижиръя. Харин эх орондоо хайртай, өв соёлоо дээдэлдэг ирээдүйн сайн сайханд тэмүүлдэг, хийж бүтээх, хөдөлмөрлөх зүтгэх чин хүсэлтэй "жинхэнэ эх оронч" танд мэхийн ёсолъё.










