



















Даваа гарагт ХКН (Хятадын коммунист нам) байгуулагдсаны 75 жилийн ойн баяр тохиолоо. Ардын их хурлын танхимд ХКН-ын 3000 гишүүд цуглаж, баярын арга хэмжээ эхлэх үед БНХАУ-ын дарга Ши Жиньпин үг хэлэв. Ши Жиньпины хэлсэн үг Хятад-Тайванийн харилцаан дахь геополитикийн хурцадмал асуудлыг олон улсын анхаарал руу “шидэж” өгсөн юм. Энэ бол Тайванийг эх газрын Хятадтай “дахин нэгтгэнэ” гэсэн амлалт.
Ши Жиньпин, “Хятад улс ард түмнийхээ хүсэл эрмэлзэл, нийтлэг ашиг сонирхолд үндэслэн Тайванийг эргэлт буцалтгүйгээр эх газрын Хятадад нэгтгэнэ. Энэ бол манай ард түмний хүсэл бөгөөд түүхийн үнэнийг хэн ч хэзээ ч гуйвуулж чадахгүй” “Шаардлагатай бол хүчээр нэгтгэнэ” гэвээ.
Хятадын эрх баригчид Тайванийг хэзээ ч хяналтдаа байлгаж чадаагүй. Харин хэзээ нэгэн цагт Тайванийг хяналтдаа авна гэж үе үеийн удирдагч нар амалдаг байлаа. Тэгвэл хоосон амлалтыг бодит болгохоор сүүлийн 10 жил Хятадыг удирдаж буй Ши Жиньпины үг, бүс нутгийн мөргөлдөөн, дайн, түрэмгийллийг нэмэгдүүлж хурцадмал байдлыг өдөөх вий гэсэн болгоомжлолыг дагуулж байна. Жилээс жилд тэнхээ суун, бяр чадлаа шингээж ядаж буй Хятадын эрх баригчид адын хүслээ биелүүлэхээр араа шүдээ хурцалсаар.
“Тайвань бол Хятадын ариун газар нутаг”. “Цус уснаас өтгөн” буюу цус нэгт ахан дүүс. Хоёр талын ард иргэдийн оюун санааны эв найрамдлыг бататгаж эдийн засаг соёлын харилцааг гүнзгийрүүлэх ёстой гэж Ши дарга үзэв.
Энэ үзлийнхээ хүрээнд “Тайванийн салан” тусгаарлах явцыг бид “эрс” эсэргүүцнэ, Тайванийн ерөнхийлөгч Лай Чин Тэг “аюултай салан тусгаарлагч” хэмээн тодотгосон бөгөөд, өнгөрсөн тавдугаар сард Лай Чин Тэг тангараг өргөснөөс хойш байдал хурцдаж, Тайванийг сүрдүүлж эхэлсэн байдаг. Баярын өмнөх өдөр Тайванийг сүрдүүлсэн Хятадын сүрдүүлэг АНУ-д ч давхар хамааралтай байсан гэж шинжээчид үзэж байна. Тус улс сүүлийн 44 жилийн турш анх удаа тив алгасагч баллистик пуужин харвасан ховор туршилтыг хийлээ. Үүгээр байдал эгзэгтэй байгаа энэ үед АНУ болон түүний холбоотнуудад хүргэх санааг илэрхийлсэн гэж шинжээчид онцолсон юм. Хятадын харвасан баллистик пуужингуудыг тус улсын ардын чөлөөлөх пуужингийн анги Өвөрмонгол, Ганьсу, Чинхай, Шинжаан зэрэг бүс нутгаас харвасан гэж Тайванийн батлан хамгаалах мэдэгдлээ. Хариуд нь Тайвань “сонор сэрэмжээ, хүчээ зузаатгасан" гэсэн байна.
ТАЙВАНЬ ХЯТАД БИШ
БНХАУ-ын хувьд ийнхүү Тайванийг эрт орой хэзээ нэгэн цагт эх газрын нэгээхэн хэсэг болгохоо коммунист намынхаа ойн баяр дээр дахин тунхаглав. Гэвч Тайваньчуудын хүсэл эрмэлзэл тэс ондоо. Тэд тусгаар тогтнол эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан орны хүмүүс гэж өөрсдийгөө тодорхойлох нь бий.
Коммунизм, Ардчилалтай нэг хөнжилд, Хятад Тайваньтай нэгэн дээвэр дор багтахыг үл тэвчинэ. Иймийн учир талууд 70 гаруй жилийг тус тусын замналаар “туулж” байна. Тайвань арлынхан “де-факто” бус “де-юре” улс болох туйлын зорилготой.
ХЯТАД “НОТОЛГОО”
Хятад Тайванийн сөргөлдөөнийг сөхвөл түүхээс эхтэй. Товч дурдваас МЭӨ 3-р зуунд хамаарах Хятадын түүхэн сурвалжид дурдсанаар Хятадын эзэн хаан Тайвань арлыг судлуулахаар 10,000 хүний бүрэлдэхүүнтэй экспедиц илгээж тэнд нь суурьшуулжээ. Ингээд МЭӨ 605 онд Хятад улс дахин нэг экспедиц илгээсэн бөгөөд энэ экспедиц нь Тайванийн уугуул иргэдийг эх газартаа авчирч хятад хэл сурган үлдээгээд өөрсдөө дахин Тайваньд одож, “солбин” суурьшсан гэжээ. (Britannica)
Энэ бол Хятадууд Тайванийг “манайх” гэж үздэг эхний “нотолгоо” юм.
Харин Юань гүрэн буюу Монголын эзэнт гүрэн Хятадыг захирч байх үедээ Тайваний хоолой дахь Пэнху арлуудыг Хятадын эзэмшилд оруулж байжээ. Энэ бол хоёрдахь “нотолгоо”. (Britannica)
1624-1661 оны хооронд Голландын колони, дараа нь 1683-1895 оны хооронд Чин гүрний эзэмшилд байв. Чин гүрний үед Хятадын Фужянь, Гуандун, мужаас Тайваньд очсон олон мянган Хятад тариачдын үр удам өнөө Тайванийн хүн амын хамгийн том бүлгийг бүрдүүлж байна. Энэ бол гуравдахь “нотолгоо” (Britannica)
Чин гүрнийг алгасаж Чан Кайшигийн үеийг дурдвал, 1949 оны арванхоёрдугаар сард Гоминданы удирдлага засгийн газраа Тайвань арал руу нүүлгэхээр шийдвэрлэснээр зэвсэгт хүчний ихээхэн хэсэг, Гоминданы албан хаагчид, улс төрийн зүтгэлтнүүд, шинжлэх ухаан, соёлын ажилтнууд тийшээ явж нийт 2 сая хүн Тайвань руу нүүжээ. Тэдний тэн хагас нь Чан Кайшигийн цэргүүд байсан бөгөөд Тайванийн хүн амын ердөө 14 хувийг бүрдүүлж байсан ч улстөрд нөлөөгөө тогтоож чаджээ. Тэд эх газрын Хятадыг орхихдоо соёлын үнэт зүйл, их хэмжээний үнэт хөрөнгө, нам төрийн архиваа авч гарч чадсан байна. Үнэт эдлэлүүд нь одоо Тайпэйгийн үндэсний музейд хадгалагдаж байна. Ингээд 1980-аад оны дунд үеэс Тайваньд ардчилал болон Гоминданыг шинэчлэх алхам хийгдэж, ардчиллын манлайлагчдын дийлэнх нь АНУ болон Барууны орнуудад боловсрол эзэмшсэн арлын уугуул иргэд байсан гэж үздэг. Ингээд 1988 онд анхны сөрөг хүчин болох Ардчилсан дэвшилт нам байгуулагдаж, 1996 онд анхны ардчилсан сонгуулийг явуулж ардчилсан Үндсэн хуулиа баталснаар өнөөдрийг хүрчээ.
ХЯТАД ИДЕАЛОГИ
Эх газрын Хятад түүхийн бүхий л цаг хугацаанд Тайвань бидний салшгүй нэг хэсэг, ахан дүүс. Бид Тайванийг энхийн болон хүч хэрэглэх аль нэг арга замаар заавал өөртөө нэгтгэнэ хэмээн “оюун санааны” дайн өрнүүлсээр билээ.
ТАЙВАНИЙН “АРД”
1979 онд АНУ Тайванийг бус БНХАУ-ын статусыг хүлээн зөвшөөрсөн. Гэвч АНУ Тайванийг зэвсэглэж, цэргийн шинэчлэл явуулж, ардчиллыг нь дэмжиж ар талд нь бат зогсохоо амласаар байна. АНУ-ын гол зорилго нь Тайванийг БНХАУ-аас хамгаалахад зориулсан зэвсэг нийлүүлдэг ирсэн. Өдгөө дэмнэж туслахаа илэрхийлдэг АНУ Тайванийг тусдаа муж гэж хүлээн зөвшөөрдөггүй ба тус аралтай дипломат харилцаа тогтоогүй хэвээр байна.
Өнөөдөр Израил-Ойрхи Дорнод, Орос -Украины оюуны санааны зөрчлүүд тэсэрч дэлхийн халуун цэг болов. Харин Хятадын эрх баригчдын ил цагаан илэрхийлж буй хүсэл сонирхол хэрхэх бол?...










