



















БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2012 онд албан тушаалаа авсанаас хойш авлигатай тэмцэх компанит ажлыг шуурхай эхлүүлсэн байдаг. Үр дүнд нь 2012 -2024 он буюу өнөөдрийг хүртэл 4 сая орчим албан тушаалтныг авлигын хэргээр баривчилсан байдаг ч үүнээс хэд нь чухам цаазлуулсан нь тодорхой бус байна. Гэхдээ хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаарын сарын 27-нд ӨМӨЗО-ны шүүх нийт 3 тэрбум гаруй юань буюу 422 сая ам.долларын авлига авсан Хөх хотын эдийн засаг, технологи хөгжлийн бүсийн нарийн бичгийн дарга асан 64 настай Ли Зяньпинд цаазаар авах ял оноожээ. Ши Жиньпиний авлигатай тэмцэх ажлын үр дүн нэмэгдэж, авлигын хэргийн мөнгөн дүн өндөр байх тусам авлигачид цаазын ялаас “мултрах” боломжгүй болж байна. Цаазын ял сонссон Ли Зяньпин ялыг 2006 оноос хойш ажиглагдаж буй жишгийн дагуу Ардын дээд шүүх эцсийн байдлаар батлах юм. Ли Зяньпинд зөвхөн 422 сая долларын авлига аваад зогссонгүй. Тэрээр Хөххотод олон тооны гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, таслан зогсоогоогүй гэм буруутайд тооцжээ. Ли Зяньпин бол сүүлийн арван жилийн хугацаанд цаазын ял авсан намын 3 дахь албан тушаалтан юм.
Цаазын ял сонсож буй Ли Зяньпин. 2024 оны наймдугаар сарын 27.
Нөгөө хоёр нь төрийн өмчит “China Huarong International Holdings”-ийн ТУЗ-ийн дарга асан Лай Сяомин, ерөнхий менежер асан Бай Тианхуй нар юм. Лай Сяомин тушаалаа урвуулан ашиглаж 1.8 тэрбум юанийн авлига авсан хэргээр буруутгагдсан бөгөөд 2021 оны нэгдүгээр сард Тяньжин хотын шүүхээс цаазаар авах ял оноожээ. Мөн Лай Сяомины шууд удирдлага дор ажилладаг байсан Бай Тианхуйгийн хэрэг өнгөрсөн тавдугаар сард шийдэгдэж 1.1 тэрбум юанийн авлига авсан хэргээр цаазын ял сонссон байна. Авлигын хэргүүдийг хянадаг хуульчид сүүлийн үед авлига албан тушаалын хэргээр ял сонсож байгаа хэргүүдийг анхааралтай ажиглаж байна. Гэхдээ цаазын ял авсан авлигын хэргүүд эмзэг асуудал байдаг учраас хэвлэлд нэрээ нууцлан яриа өгдөг байна. Бээжинд амьдардаг нэрээ нууцалсан нэгэн хуульч "SCMP"-д өгсөн ярилцлагдаа, авлигын хэргүүд дээр судалгаа хийхэд ихэвчлэн 1 тэрбум юанаас дээш авлигын хэрэгт цаазын ял оноож байна гэж онцолсон байна.
Лай Сяомин 2021 оны 1-р сарын 29-нд авлигын хэрэгт буруутай нь тогтоогдсоны дараа цаазлуулсан. Зураг: Weibo
Бай Тианхуй. 2023 оны тавдугаар сар.
1.04 тэрбум юанийн авлига авсан хэрэгт буруутгагдаж байсан Шаньси мужийн Лулиан хотын орлогч дарга асан Жан Жуншэн 2021 онд Шаньси мужийн дээд шүүхэд давж заалдсанаар цаазаар авах ялыг гүйцэтгэхийг хоёр жилээр хойшлуулжээ.
2003-2013 онд БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн үед авлигачдад цаазаар авах ял оноох нь ШиЖиньпины үеэс харьцангуй бага байв. Ху Жинтаогийн үед БНХАУ-ын Хүнс, эмийн хяналтын газрын дарга Жэн Сяою 2003-2005 оны хооронд 6.49 сая гаруй юанийн авлига авч цаазын ял сонсжээ. Хэдийгээр бусад авлигын хэргийн мөнгөн дүнгээс харьцангуй бага мөнгө авсан ч бүх Хятадын хүн амын эрүүл мэндийг хариуцдаг чухал албан тушаалтан иргэдийн эрүүл мэндэд заналхийлсэн гэж үзээд өчиггүй цаазалсан байна. Бээжингийн Мугон хуулийн фирмийн захирал, үүсгэн байгуулагч Лю Чансонг хэлэхдээ, хэдийгээр ихэвчлэн 1 тэрбум юаниас дээш авлигын хэрэгт ихэвчлэн цаазын ял оноож байгаа ч заримдаа авлигын мөнгө бага байсан ч цаазлуулдаг. Энэ бол тухайн албан тушаалтны авсан авлига нь нийгэмд хэр их хохирол учруулсан зэрэг нь Жэн Сяою бол 1999 онд цаазлуулсан Төрийн нарийн бичгийн дарга асан Лин Шиюаний хэргээс харагддаг гэжээ. Харин их мөнгөний авлига авсан ч чин сэтгэлээсээ гэм буруугаа хүлээсэн, уучлалт гуйсан гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо улсад тушаасан зэрэг нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл болж байна гэжээ.
2011 онд зүүн Ханжоу Сюй Майонг болон Сужоу хотын дарга асан Зян Рэнжэ нар цаазлуулсан байдаг. Сюй Майонг 160 гаруй сая юанийн авлига авч, 53 сая юанийг хувьдаа завшсан бол Зян Рэнжэ 100 гаруй сая юанийн авлига авсан нь тогтоогджээ.
Зян Рэнжэ 2011 он.
Хуульчийн жишээ дээр дурдагдсан Лин Шиюан 110,000 юанийн авлига авчээ. Түүний авсан авлига хэдийгээр бага дүнтэй ч авсан авлигаас нь үүдэн нурсан гүүр нь 1999 онд нурж 40 хүний аминд хүрсэн учраас түүнд цаазын ял оноожээ.
Лин Шиюанийн авлигаас үүдэн нурсан гүүр 1999 он. Уг ослоос 40 хүн амь үрэгджээ
Хамгийн сүүлд цаазын ял сонсоод байгаа Ли Зяньпиний хэрэг бол байгалийн баялаг ихтэй Өвөр Монголын бүс нутагт уул уурхайн бизнес эрхлэгчдээс их хэмжээний авлига авсан хэрэг байсан. Ли Зяньпин сүүлийн хэдэн арван жилд байгаагүй их хэмжээний буюу нийт 3 тэрбум юань гэж дээр дурдсан. Ли Зяньпиний хэрэг Хятад даяар “том авлига авдаг жижиг албан тушаалтнууд” гэх нэршлийг бий болгожээ.
"Study Times"-ын орлогч эрхлэгч асан Дэн Ювэнийн хэлэхдээ, Ши Жиньпин асар их мөнгө эргэлддэг салбарууд тэр дундаа банк санхүү, уул уурхайд хяналт тавьж, оролцуулж учраас Хятад улс цаашдаа илүү олон авлигачдад цаазаар авах ял оноох төлөвтэй байна. Ли Зяньпины 3 тэрбум юанийн авлига нь “авлигын рекорд” эзэмшиж байсан Лай Сяоминийхээс өндөр байгаа. Энэ нь тэдний албан тушаал бага ч хариуцах салбарын эргэлдэх мөнгө “асар их” учраас тэр. Тиймээс энэ салбаруудын авлигын хэргүүд цаазын ялаас мултрахгүй болов уу...гэжээ.
Харин манай эрх баригчдын сүр дуулиантай эхлүүлсэн "авлигачдыг ангуучлах" 5Ш ажиллагаа ямар дүн үзүүлэв? Жараахай бус том "ан" агнаж чадав уу? Цаашид чадах уу?...










