



















Өнөөдөр ганц бие хүмүүсийн өдөр буюу 11-р сарын 11. Энэ өдөр ганц бие хүмүүс зөвхөн “өөртөө” бэлэг авч баярлуулдаг уламжлалтай. Тиймээс ганц бие хүмүүсийн өдөрт зориулан Хятадын онлайн худалдааны сайтууд “огцом” хямдрал зарлаж өөрийгөө баярлуулахыг дэмждэг байна. Гэхдээ зарим “ганц бие” хүмүүс нэгэндээ бэлэг солилцдог байна.
ХЭРХЭН ҮҮССЭН БЭ?
Ганц бие хүмүүсийн тэмдэглэлт өдрийг анх 1993 оноос Нанжины их сургуулийн ганц бие 4 эрэгтэй оюутан тэмдэглэж эхэлсэн байна. Ганц бие 4 оюутан нэгэн хэвийн уйтгартай амьдралыг өөрчлөх үүднээс энэ өдрийг ганц бие хүмүүсийн өдөр гэж тэмдэглэхээр тохиролцож эхлээд их сургуулийн хэмжээнд тэмдэглэсэн нь газар авч бусад их дээд сургууль, улмаар улс орны хэмжээнд хүртэл өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. 11.11 гэх тоо нь дөрвөн ширхэг 1-ийн тооноос бүрддэг буюу “ганц бие” гэсэн утгыг илэрхийлдэг. Жил бүрийн энэ өдөр БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд хайр дурлал, харилцааны сэдвүүдийг хөндөн сурвалжилдаг байна.
Дэлхийн бусад орнуудад ч “ганц бие” хүмүүсийн баяр бий. Энэ бол гэгээн Валентины баярыг эсэргүүцэх хүрээнд тэмдэглэгддэг ганц бие хүмүүсийн өдөр билээ. Энэ өдрийг Зүүн өмнөд Азийн орнууд, Герман, Бельги тэргүүтэй Европын зарим оронд 2-р сарын 15 нд болон 3-р сарын 11-нд тэмдэглэдэг байна.
“СОЛИОТОЙ” ХЯМДРАЛ
Алибаба групп анх 2009 оны 11-р сарын 11-ний шөнө дундаас эхлэн 24 цагийн турш өөрийн платформ дээр хямдрал зарлажээ. Үүнээс хойш, Хятадын томоохон онлайн худалдааны дэлгүүрүүд ганц биечүүдийн өдрийн тохиолдуулан огцом хямдрал зарладаг уламжлал тогтсон байна.
Хятадын онлайн сайтуудын хямдрал нь АНУ-ын “Хар Баасан гараг”, “Кибер Даваа” гэх мэт өдрүүдээс ч илүү борлуулалт хийгддэг байна.
Тэгвэл цар тахлын жилүүдэд Хятадын хэрэглэгчдийн цахим худалдан авалт өмнөх жилүүдийнхээс нэмэгдэж, 2021 онд “Alibaba” 84.5 тэрбум долларын борлуулалт хийсэн нь тухайн үедээ хамгийн өндөр борлуулалт болж байв.
Харин 2022 онд “Alibaba” тэргүүтэй онлайн худалдааны сайтуудын борлуулалт 128 тэрбум долларт хүрч дээд дахин амжилт тогтоож байв. Энэ нь дэлхийн хамгийн том хямдрал “Хар баасан гараг”, “Prime Day”, Кибер даваа гарагийн борлуулалтыг хол хаяжээ.
АНУ-ын иргэд 2022 оны “Хар баасан гарагт” 9.12 тэрбум долларын худалдан авалт хийсэн бол, “Кибер даваа” гарагт 11.3 тэрбум долларыг зарцуулсан гэж “Adobe Analytics” мэдээлжээ.
Харин 2023 онд “Alibaba” болон “JD.com” сайтуудын өдрийн борлуулалтын хэмжээ 156 тэрбум долларт хүрч өмнөх амжилтуудаа эвдсэн байна. Харин энэ жилийн борлуулалт ямар байх нь тодорхойгүй байна. “Alibaba” энэ жилийн борлуулалтын дүнг 11-р сарын 15-нд зарлахаа мэдэгджээ. Харин “JD.com” 11-р сарын 14-нд зарлах юм байна.
ХААНААС ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ ВЭ?
Энэ өдөр “Tmall” эсвэл “Taobao” зэрэг сайтууд 90 хүртэлх хувийн хямдрал зарладаг. Энэ хямдралаар дэлхийн өнцөг булан бүрээс худалдан авалт хийгддэг байна.
ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСАГТ
Энэ өдөр Хятадын Макро эдийн засгийн хэмжээнд нөлөө үзүүлдэг. Тухайлбал, Хятадын Макро эдийн засгийн судалгааны академийн судлаач Ван Юн онцолсноор Ганц бие хүмүүсийн өдрийн худалдаа нь хэрэглэгчдийн худалдан авах чадавхыг нээх, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, зах зээлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ. Өнгөрсөн 2023 онд "Tmall”-ийн борлуулалт нээгдсэнээс хойш эхний дөрвөн цагийн дотор 174 брэндийн борлуулалт 100 сая юань буюу 14 сая ам.доллар давсан байна. Түүнчлэн 12,000 гаруй төрлийн брэндийн борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 100 гаруй хувиар өсөж, 6000 орчим брэндийн борлуулалт өнгөрсөн 2022 оны мөн үетэй харьцуулахад 500 гаруй хувиар өссөн байна.
ХАМГИЙН ИХ БОРЛУУЛАЛТТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН
2023 оны байдлаар “Apple” брэндийн утас, цаг, компьютерын борлуулалт таван минутын дотор 1 тэрбум юаниас давсан бол “Huawei”, “Xiaomi”, “Vivo” зэрэг дотоодын ухаалаг гар утасны брэндүүдийн борлуулалт сурталчилгааны эхний дөрвөн цагийн дотор 100 сая юанийг давсан байдаг.
Харин “Taobao Live” шууд дамжуулалтын борлуулалт богино хугацаанд 100 сая юаниас давсан байна. Тэгвэл “JD” цахим худалдааны сайт дээр гэр ахуй, цахилгаан бараа, компьютер зэрэг хамгийн их борлуулагджээ.










