



















Баячууд баячууддаа зориулж гаргасан аливаа зохицуулалтыг дүрэм журам гэх. Тэгж байж л энгийн хүмүүсээс өөрсдийгөө ангид байлгаж баян статусаа хадгалж чадна. (Bad Genius 2024)
Монгол төрийн толгой данхайж, дааж явахад бэрх болов. Түүхэнд байгаагүй төсөвтэй, тоолж дийлэмгүй яамдтай, тоочих боломжгүй олон даргатай, нэмээд нэрлээд барамгүй гишүүдтэй. Данхайх тусмаа мораль мөлийж, томрох тусмаа тогтолцоогоо эвдэж байна. Татвар төлөгсөд цөөн, татвараар тоглогчдын тоо толгой олон.
Эх захгүй данхайх ийм институц Монголд хэрэггүй. Томрох тусмаа толгой дээр тонгочиж, тарчиг нийгмийнхээ голыг тасартал шимэгчилж байна. Монголыг хөгжүүлэх сонирхолгүй бүлэглэлийн гарт эрх мэдэл төвлөрч, төр бизнес нь нэг тогоонд нэвт хутгалдаж, улс төрчид нь бизнес эрхэлж, бизнесийнхэн нь төрд авирч олигарх хэлбэртэй аристократ засаглалд шилжжээ. Ингэж нэрлэх учир нь, Монгол төрийн сэнтий өөрсдийгөө язгууртан элит гэж сэм өргөмжлөх охид хөвгүүдийн орогнох газар, ойлголцох ертөнц болов.
Эдэнд зориулсан бүхэн бүтэн яам, агентлаг, даргын суудлууд бий болж, ямбаных нь төлөөсөнд бид нухуулж байна. Ямар үйлийн төлөөсөөр монголчууд эцэс төгсгөлгүй, ханаж цаддаггүй их шуналыг хүлцэх ёстой байдаг юм. Бүү мэд.
2021 онд бид бие даасан Соёлын яамтай болсон. Монголын урлагийг хөгжүүлж, өв соёлын минь өвийг хадгалах юм гэнэ.Төрийн оролцоотой хөгждөг урлаг, тэдний оролцоогоор хамгаалагддаг өв соёл гэж байхгүй. Урлаг соёлыг ард түмэн өөрсдөө төрүүлж, үеэс үед, үрээс үрд уламжлахдаа, цаг үеэ даган хөгжүүлж, дараа үедээ өвлүүлэн үлдээдэг жамтай. Нүүдэлчдийн олон мянган жилийн өв соёлын түүхэнд төр нь хүндээ дуулахыг нь зааж, нөгөөд нь бүжиг дэглэхийг үзэв үү. Нийгмийн цаад хэсгээ соёлжуулахаар кино үзвэрт хуваарилж, наад хэсгийнх нь нүдийг нээхээр музей театрын билет, ваучер тараахыг харав уу. Айлын урлаг, соёлын хөгжлийг дуурайхаар арав хориулаа нисэлдэхийг мэдэв үү. Магад хуучин нийгэмд л байсан биз. Үзэл суртлын зэвсэг ашиглах шаардлага нь тэнд байсан учраас... Одоо бол өөр. Бид ардчиллыг сонгосон. Энэ замыг сонгосон алив нийгмийн эд эс өөрөө төлжиж, жамаараа өсөж, урсгалаараа хөгжиж, аясаараа хуучран, хагдардаг жамтай. Жам нь нийгмээ хүмүүжүүлж, соёлжуулж, ухамсаржуулж хүрэх ёстой оргилд нь авчирдаг. Нийгмийн бүх цаг үед, хүн байхын, мөн чанарын, ард түмний, салшгүй нэг хэсэг болж ирсэн соёлын хөгжилд төр оролцож гэнэт хөгжүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Байсан ч удаагүй. Кпоп шиг менежмент хийж соёлын экспорт хийнэ гэж тооцсон гэв үү? Хол хэвтэнэ.
Бүхэл бүтэн үндэстний гоо зүй, нийгмийн соёлын үзэгдлийг (фенамон) хүчээр өөрчилж, хахир хатуу гараар залж, муйхраар удирдах эрхийг "болхи" хүүхэнд өгч.
Болхи сайд нь, соёлын салбарын орой болмогцоо Монголын урлагийг тодорхойлох гэж үзэв. Чадсангүй. Хөдлөх бүрдээ хуруугаа нүд рүүгээ хийх юм. Угтаа урлаг гэдэг чинь хүний байтугай, төрийн оролцоогүй хөгждөг ард түмний идеал юм, тэнгэрлэг оршихуй, гоо зүй. Каннын кино наадамд "Баавгай болохсон" киног явуулахгүй үлдээх гэж булайгаа чирэв. Бүүр монголын кино урлагын хөгжил, Монголын төрөөс хараат ч байх шиг. Элгийн юм их болох нь ээ. “Реалимз”-аар соёлын яамны оохортой багийг нь хуу татсан энэ кино булган сүүлтэй байж, олон сайхан бүтээл дагуулах болтугай.
Монголын төрд отголж мэндэлсэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам гадаад томилолтоор толгой цохидог юм байна. Бүх яамдаас хамгийн олон тийз авчээ. Өртөг 344,618,595₮ төгрөгийн тийзийг 2024 оны эхний 10 сарын дотор худалдан авч. Сайдтан өнгөрсөн жилийн хугацаанд 20 хүрэхгүй томилолтод явсан гэж тайлбар тавих юм. Ийм тайлбар сонсохоор энэ салбарт ажилд ормоор ч юм шиг.
Нэмээд аймаг, сумдад кино театр барина гэв. Төр нь иргэндээ кино үзүүлж, жүжиг таалуулахаар театр барих нь нөгөө аль засгийн ёс вэ? Бид чөлөөт эдийн засагтай нийгэмд амьдарч байна. Урлаг, үзвэрт төрийн царай хардаг цаг элэрч баларсан. Хувийн хэвшил үзвэр үйлчилгээгээ барьж мөнгө олж, бизнес ээ хийх ёстой. Өмнүүр нь хөндөлсөж ороод урлаг аа ч, бизнес ээ ч алаад байх юм.
Дараагийн жишээ, 2024 оны олимпын наадам. Хүн төрөлхтний их баяр цэнгэл болсон спортын наадамд Монгол гэр бариад өдөржин уртын дуу дуулуулж, биелгээ биелж, айраг цагаа, боов боорцог болжээ. Монголоо таниулж байгаа юм гэнэ. Мэдрэмжгүй болхи гэхэд үүнээс илүү нь үгүй. Монголыг спортын их баяр наадамд дуу дуулуулж, идээ өрж таниулдаггүй юм. Тэнд монгол охид, хөвгүүд төрийн далбаагаа мандуулж, эр зориг авхаалж самбаагаа медалиар үнэлүүлж байж таниулдаг юм Болхи минь...
Бас болоогүй кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал гэх жүжигчин. Ковидын хууль үйлчилж байхад Төрийн албаны шалгалтгүйгээр шууд уг албанд томилогдсон. Харин хуулийн үйлчлэх хугацаа өнгөрсөн оны нэгдүгээр сар /2023.01/-д дууссантай холбоотойгоор жүжигчин Ч.Ундрал уг албанд хуулийн дагуу томилогдохоор /2023.05.08/-ны өдөр Төрийн албаны шалгалт өгсөн байна.
Дарга Ч.Ундрал тус бүр нь 10 оноо авах ёстой шалгалтад:
Хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэг -4 оноо
Дүн шинжилгээ хийх чадвар -4 оноо
Асуудал шийдвэрлэх чадвар -3 оноо
Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар -7 оноо
Соёлын яамны дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулдаг ярилцлагын 60 онооны шалгалтад 53.60 оноо авчээ. Албанд тэнцэх толгойгүй, нэмээд хэрэглээ зардал, аялал зугаалга нь дийлдэхгүй. Энэ мэт тэргүүтэй төрийн албаны угжны хургануудын томилгоонд татвар төлөгчдийн мөнгийг хэдэн зуун саяар нь зарцуулдаг гэдэг нь хэвлэл мэдээллээр дүүрэн байна. Угжны хурга, тэжээвэр төлөгнүүдийг тэжээх зардлыг Монголын төр даахгүй байна. Соёлын яамны ирэх 2025 оны төсөв 598 тэрбум байх төлөвтэй байна. Энэ төсвөөрөө монголын урлагийг эндээс тийш хүргэнэ гэх баримжаа байна уу? Үгүй шүү дээ. Бусад салбар шиг үр дүн нь шууд харагддаг салбар ч биш. Татан буулгаад эрчим хүч, зам тээвэр бусад салбарт зардлыг нь шингээ...
Малаа яаж маллахаа марксизмаар заалгаагүй монгол, урлаг соёл, соён гэгээрлээ яамаар заалгаагүй ирсэн юм аа хө...
Монголын урлаг соёлын салбарыг тайван орхи... Та нараар хөгждөг урлаг байж гэмээнэ, тэр чинь тэс өөр галактикд "Янжиндулам" бурхны ивээлд байдаг биз ээ... Урлаг ойлгодог, урлагийг бишрэн шүтэгч, үнэнч үзэгчээр уг нийтлэл бичигдэв...










