



















"Бэлгийн мөлжлөг"-ийн гэмт хэрэгт буруутгагдан шүүхээр шийтгүүлэх гэж байхдаа нас барсан Жеффри Эйпштейн нас барах үедээ ойролцоогоор 600 сая ам.долларын хөрөнгөтэй байсан бөгөөд хөрөнгийнх нь гол эх сурвалж нь хоёр тэрбумтан үйлчлүүлэгч, мөн АНУ-ын Виржини арлуудад эдэлж байсан татварын томоохон хөнгөлөлтүүд байжээ.
2019 онд нас барах үедээ Жеффри Эпштейн асар их хөрөнгөтэй хүн байсан байна. Түүний тансаг зэрэглэлийн олон үл хөдлөх хөрөнгүүд, Кариб дахь 2 арал, 380 сая ам.долларын үнэлгээтэй бэлэн мөнгө ба хөрөнгө оруулалтын багц зэрэг нь нийлээд 578 сая ам.доллараар үнэлэгдэж буйг түүний өвийн тайланд мэдээлсэн байдаг.

Эпштейний энэ их хөрөнгийг хэрхэн бүрдүүлсэн нь өнөөг хүртэл маргааны гол сэдэв хэвээр байна. Харьцангуй “Даруухан” хувилбар бол Эпштейний хийсэн бэлгийн гэмт хэрэг түүний санхүүгийн зөвлөх мэргэжилтэй ямар ч холбоогүй байсан бөгөөд тэрээр тэрбумтнуудад хөрөнгө оруулалт, хөрөнгийн зохицуулалт, татвар төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байсан гэж үздэг.
2013 онд гаргасан нэг компанийн бүртгэлд Эпштейн өөрийгөө:
“Туршлагатай, амжилттай санхүүч, бизнесмэн”
“Хэд хэдэн өндөр ашигтай компанийг байгуулсан энтрепренер”
“Дериватив (үүсмэл үнэт цаас) болон опцион дээр суурилласан хөрөнгө оруулалтын анхдагчдын нэг” гэж тодорхойлжээ.
Харин илүү дуулиантай хувилбар (Ерөнхийлөгч Доналд Трампын олон дэмжигч, хуйвалдааны онолчдын дунд түгээмэл байдаг таамаглалаар) бол Эпштейн өөрийн тансаг орон сууц, Карибын арлууд дээрээ баян найз нөхөдтэйгөө насанд хүрээгүй охидыг хүчирхийлэхийг нууцаар бичиж, дараа нь (манай улсад иймэрхүү гэмт хэрэг гарч байсан боловч дарагдуулаад өнгөрсөн байдаг) тэднийг шантаажлан санхүүгийн ашиг олдог байсан гэж үздэг. Энэ сэдвийн хүрээнд бол түүний санхүүгийн бизнес бол зөвхөн халхавч байжээ.
Эпштейний хөрөнгийн жинхэнэ эх үүсвэр нь өнөөг хүртэл бүрэн ил болоогүй байгаа ч, Forbes сэтгүүлийнхэн шүүхийн баримт, мөрдөн шалгах тайлан, санхүүгийн баримтуудыг судалсны үндсэн дээр нэг зүйл тодорхой болгосон байна. Тэрээр голчлон хоёр тэрбумтан үйлчлүүлэгч ба нэг татварын хөтөлбөрт түшиглэж баяжсан аж.
Виктория Сикретийн гүйцэтгэх захирал Лес Уэкснер болон хувийн хөрөнгө оруулалтын магнат Леон Блэк нар нь Эпштейний хамгийн том хоёр санхүүжүүлэгч, үйлчлүүлэгч нар нь байжээ.
Лес Уэкснер

1999 оноос 2018 оны хооронд Эпштейний хоёр үндсэн компани нийт 800 сая ам.доллароос илүү орлого олсон бөгөөд эдгээрийн ихэнх нь зөвлөх үйлчилгээний хөлсөнд хамаарч байв. The New York Times нээлттэй баримт, бүртгэлд тулгуурлан гаргасан санхүүгийн тайланд үндэслэн Forbes -ийн тооцоолсноор, Эпштейн эдгээр компаниудаараа дамжуулан доод тал нь 490 сая ам.долларыг зөвлөх үйлчилгээний хөлсөнд цэвэр авсан, үлдсэн орлого нь хөрөнгө оруулалтын өгөөжөөс бүрдсэн байна.
Forbes-ийн дүн шинжилгээгээр, 1999-2018 оны хооронд Эпштейн авсан зөвлөх үйлчилгээний нийт хөлсний 75 хувийг Уэкснер ба Блэк хоёр дангаар бүрдүүлсэн аж.
Леон Блэк

Тэрээр эдгээр орлогыг АНУ-ын Виржини арлуудад бүртгэлтэй хоёр компани – Financial Trust Company (1998 онд үүсгэн байгуулсан) ба Southern Trust Company (2011 онд байгуулсан)-иар дамжуулан авсан бөгөөд эдгээр компаниуд нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд Эпштейний цор ганц орлоготой аж ахуйн нэгжүүд байсныг АНУ-ын Виржини арлын засгийн газраас JPMorgan Chase банкинд гаргасан 2022 оны шүүхийн маргаанаар нотолжээ.
Эдгээр баримтуудад “1999 оноос нас барах хүртлээ 2019 он хүртэл Эпштейн зөвхөн эдгээр хоёр компаниар дамжуулан орлого олсон” хэмээн аудит хийсэн мэргэшсэн нягтлан тайлагнасан байдаг.
💬 Тайлбар: Дональд Трамп болон Эпштейн олон жилийн турш найз байсан ч, тэд бизнесийн харилцаатай байсан гэх нотолгоо байхгүй. Мэдээллээс харахад Ерөнхийлөгч Доналд Трамп, Эйпштейн 2004 онд Палм Бийч дэх үл хөдлөх хөрөнгийн тендерийн өрсөлдөөнд орсон ба эцэст нь Трамп худалдан авч, энэ үеэс тэдний харилцаа муудсан гэжээ.
Лес Уэкснер (нас: 87), The Limited гэх нэртэй АНУ-ын томоохон хувцасны худалдааны сүлжээг үүсгэн байгуулсан бөгөөд 1991-2007 оны хооронд Эпштейний үндсэн үйлчлүүлэгч нь байв. Энэ хугацаанд Уэкснер Эпштейн рүү нийт 200 сая орчим ам.долларын хөлс төлсөн гэж үздэг.
Леон Блэк (нас: 73), Apollo Global Management гэх олон тэрбум долларын хөрөнгө удирддаг компанийн үүсгэн байгуулагч, захирал бөгөөд тэрээр 2012–2017 оны хооронд Эпштейн рүү 170 сая ам.доллар төлсөн нь хараат бус мөрдөн байцаалтын байгууллага болох Dechert LLP хуулийн фирмийн тайлан, мөн АНУ-ын Сенатын Сангийн Хорооны нэмэлт судалгаанд тусгагдсан байна.
Жеффри Эпштейн өөрийн хөрөнгийг бараг татваргүйгээр өсгөж чадсан нь АНУ-ын Виржини арлуудад оршин суух болсон болон татварын хөнгөлөлттэй холбоотой байв. 1996 онд тэрээр тус арлын оршин суугч болж, 1998 онд Financial Trust Company гэх санхүүгийн зөвлөх фирм байгуулсан. Тэр жилдээ бараг 8 сая ам.доллар төлж “Литл Сэйнт Жеймс” хэмээх хувийн арал худалдан авсан. Уг арал нь хожим “Педофилын арал” хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд түүний бэлгийн мөлжлөгийн сүлжээний гол төв байсан юм.
Шүүхийн баримтуудаас харахад, Эпштейн 1999-2018 оны хооронд энэ хоёр компанийнхаа орлогоор 360 сая ам.долларын ногдол ашиг авсан. Эдгээр компани нь мөн Виржини арлын Эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 300 сая ам.долларын татварыг хэмнэж чадсан.
Тухайн хөтөлбөр нь 90%-ийн орлогын татварын чөлөөлөлт, 100%-ийн борлуулалтын болон онцгой албан татварын хөнгөлөлт үзүүлдэг бөгөөд үүнийг эдлэхийн тулд тухайн компани 10-аас дээш орон нутгийн иргэнийг ажиллуулах, 100,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байсан.
Эпштейн эдгээр нөхцлийг хангаж, Financial Trust компанидаа 11 ажилтан ажиллуулсан ба 300,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж баримт бүрт тэмдэглэгдсэн.
2012 онд тэрээр Southern Trust Company-д шилжиж, 2013 онд хөтөлбөрт дахин хамрагдан татварын хөнгөлөлтийг 2023 он хүртэл сунгуулсан. Гэвч 2019 онд нас барснаар түүний эдэлж байсан татварын бүх хөнгөлөлт дууссан.
1980-аад оны дунд үед, Уэкснер Эпштейнтэй анх танилцсан бөгөөд тухайн үед Эпштейн нь Bear Stearns банкинд ажилладаг байсан бөгөөд Нью Йоркийн дээд зэрэглэлийн санхүүгийн хүрээлэлд хөл тавьж байлаа. Удалгүй Эпштейн Уэкснерийн хувийн санхүүгийн удирдлагын цорын ганц бүрэн эрхтэй итгэмжлэгдсэн этгээд болсон.
1991 онд, Эпштейн Уэкснерийн орон сууц болох Манхэттэн дахь 71-р гудамж, 9 давхар, 40 өрөө бүхий харшийг эзэмшиж эхэлсэн. Энэ харш нь АНУ-ын хамгийн том хувийн сууц хэмээн нэрлэгдэж байв. Уг үл хөдлөх хөрөнгө нь өмнө нь Уэкснерийн нэр дээр бүртгэлтэй байсан ч, тухайн үед ямар ч мөнгөн гүйлгээний бичиг баримтгүйгээр Эпштейн рүү шилжсэн.
2011 онд Уэкснер энэиталаар “Эпштейн миний өмчлөлийг өөрийн нэр дээр шилжүүлсэн гэдгийг 10 жилийн дараа л олж мэдсэн. Түүнийг хариуцсан хуульч, нягтлангууд нь энэ талаар надад мэдэгдээгүй. Би түүнд итгэж байсан” хэмээн мэдэгдсэн байдаг.
Мөн тэрээр 2019 онд Эпштейний эсрэг хүчингийн хэргүүд олон нийтэд ил болсны дараа “Хууртагдсан гэдгээ гүн гүнзгий ойлгож, сэтгэл зүйн хувьд маш их дарамтад орсон” гэж тайлбарласан.
Уэкснерийн итгэл зөвхөн Манхэттэн дахь үл хөдлөхөөр хязгаарлагдаагүй:
Ohio мужид байрлах хашаа бүхий тансаг эдлэн: Эпштейн энд байнга очиж амардаг байсан бөгөөд түүнийг Уэкснерийн хөрөнгөөр барьсан гэж үздэг.
Охайо муж дахь “New Albany” хэмээх хотод олон үл хөдлөх хөрөнгүүдийг Эпштейнийн оролцоотойгоор худалдаж авсан. Үүнийг 2021 онд Columbus Dispatch сонин мэдээлсэн.
"The Lolita Express" хэмээх нэрээр алдаршсан Boeing 727 онгоц: Уг онгоцыг анх Уэкснер эзэмшиж байгаад, дараа нь Эпштейн өөрийн нэр дээр бүртгүүлсэн. Уг онгоцоор түүний олон алдартай найзууд (Билл Клинтон, Ханхүү Эндрю, Кевин Спейси гэх мэт) аялж байсныг шүүхэд бүртгэгдсэн онгоцны бүртгэлүүд нотолдог.
2005 онд Палм Бийчийн цагдаагийн газар Эпштейн бага насны охидыг хүчирхийлж, бэлгийн мөлжлөг үйлдэж байсан талаар мөрдөн шалгаж эхэлсэн. Үүний үр дүнд 2007 онд тэрээр холбооны түвшний ял завшиж, өндөр нууцлалтай гэрээний үндсэн дээр зөвхөн “биеэ үнэлэгч авах зорилгоор мөнгө өгсөн” хэргээр буруутгагдаж, 13 сарын ял авч шоронгийн гадуур ажиллах эрхтэйгээр өнгөрөөсөн.
Энэ үед Уэкснер түүнээс харилцаагаа тасалсан. 2007 онд тэдний хоорондын гэрээ цуцлагдаж, Эпштейн Уэкснерийн санхүүгийн хяналтаас албан ёсоор гарсан.
2008 онд шоронгоос суллагдсаны дараа Эпштейн дахин бизнес рүү орж, 2011 онд “Southern Trust Company” нэртэй шинэ компани байгуулсан байдаг.
Тэрээр шинэ компаниа “био-мэдээлэл, дижитал генетикийн өгөгдлийн эрсдлийн үнэлгээ” хийх зорилготой гэж зарласан ч, үнэн хэрэгтээ энэ нь хуучин арга барилаараа зөвлөх үйлчилгээ үзүүлэх халхавч байв.
Леон Блэк нь Эпштейнтэй 1990-ээд оны сүүлчээр танилцсан. Харин Эпштейн шоронгоос суллагдсаны дараа ч түүнд итгэсээр, 2012-2017 оны хооронд нийт 170 сая ам.доллар төлсөн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан.
Блэк 2021 онд хэлэхдээ:
“Би том алдаа хийсэн. Эпштейнтэй бизнесийн харилцаа тогтоосон нь ёс зүйгүй үйлдэл байсан” хэмээн хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн.
Мөн тэрээр түүний удирдаж байсан Apollo Global Management компанийн захирал гэх албан тушаалаасаа 2021 онд өөрийн хүсэлтээр огцорсон.
2023 онд Сенатын Сангийн Хорооны тайланд дурдсанаар Блэк Эпштейнд:
татвараас зайлсхийх,
санхүүгийн төлөвлөлт хийх,
өрхийн санхүү, буяны байгууллагын зөвлөгөө зэрэг үйлчилгээний төлбөр төлсөн гэдэг.
Гэхдээ Эпштейн эдгээрийг хийхдээ хуулийн дагуу бүх шаардлагыг хангасан эсэх нь эргэлзээтэй гэж тус хорооны тайланд бичигдсэн байна.
2019 оны наймдугаар сард, Жеффри Эпштейн Нью-Йорк хотын шоронд амиа алдсан. Шүүхийн албан ёсны дүгнэлтээр “амиа хорлосон” гэж үзсэн боловч маш олон эргэлзээтэй нөхцөл байдал, камерын эвдрэл, харуулын анхаарал сул байдал зэрэг нь олон нийт, хэвлэл мэдээллийн зүгээс “магадгүй аллагын шинжтэй байж болзошгүй” гэсэн сэжгийг төрүүлсэн.
Эпштейний нас барсны дараа түүний үлдээсэн хөрөнгийн хяналтыг “1953 Trust” хэмээх сан өвлөж авсан юм. Уг сан нь Виржини арлын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан бөгөөд бүх орлого, хөрөнгийн хуваарилалтыг энэ сангаар дамжуулан удирдаж байгаа юм.
Эпштейнийг нас барсны дараахан JPMorgan Chase банк түүний санхүүгийн гүйлгээг олон жилийн турш мэдсээр байж таслан сэргийлээгүй хэмээн буруутгагдсан. Виржини арлын Засгийн газар, мөн хэд хэдэн хүчирхийллийн хохирогчид тус банкины эсрэг иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан.
JPMorgan Chase нь Эпштейний 1998–2013 оны хооронд гол санхүүгийн түнш байсан бөгөөд:
Бэлгийн мөлжлөгийн сэжигтэй гүйлгээнүүд,
Бага насны охид руу хийсэн мөнгөн гүйлгээнүүд,
Онгоцны билет, үл хөдлөх төлбөрийн баримтуудтай
танилцсан боловч “эрсдэлтэй” гэж бүрэн тодорхойлоогүй гэсэн шүүмжлэлд өртсөн.
2023 онд JPMorgan:
Виржини арлын Засгийн газарт 75 сая ам.доллар,
Эпштейний хэд хэдэн хохирогчдод 290 сая ам.доллар
нийт 365 сая ам.долларын хохирол барагдуулж шүүхийн маргааныг зогсоосон.
Мөн Deutsche Bank нь ч Эпштейнтэй холбоотой өөр нэгэн хэрэгт 75 сая ам.долларын төлбөр төлсөн юм.
Forbes сэтгүүл нь Эпштейний үлдсэн хөрөнгийн хэмжээг нягтлан үзээд дараах дүн шинжилгээг хийсэн:
Нийт хөрөнгө: 634 сая доллар орчим
Энэ нь 2019 оны байдлаар “1953 Trust” сангийн анхны бүртгэл дээр үндэслэн гарсан тоо бөгөөд дараах байдлаар хуваарилагдана:
Хөрөнгийн төрөл тооцоолсон үнэ (USD) Үл хөдлөх хөрөнгө 190 сая ам.доллар, Хувийн онгоц, тээврийн хэрэгсэл 20 сая ам.доллар, Хувийн хөрөнгө (унц алт, үнэт эдлэл, зургийн цуглуулга) 70 сая ам.додлар, Санхүүгийн хөрөнгө (бонд, хувьцаа, сан) 354 сая ам.доллар Нийт дүн $634 сая ам.доллар
Тайлбар:
Эпштейн шоронд байх хугацаандаа нийт 57 сая долларын үнэт цаас зарсан бөгөөд орлогоо “1953 Trust” сан руу шилжүүлсэн байдаг.
Түүний үл хөдлөх хөрөнгүүдийн дийлэнх нь 2020–2022 онуудад зарагдсан:
Палм Бийчийн харш: 18 сая ам.доллар
Нью-Мексикогийн эдлэн: 6 сая ам.доллар
Манхэттэний харш: 51 сая ам.доллар
Парисын байр: 9 сая ам.доллар
Виржини арлын эдлэн: 25 сая ам.доллар
2023 оны байдлаар түүний хөрөнгийн 75% орчим нь хохирогчдын нөхөн төлбөрт зориулан хуваарилагдсан.
Нийтдээ:
175 гаруй хохирогч нөхөн төлбөрийн хүсэлт гаргасан
Дийлэнх нь нууц гэрээний үндсэн дээр 1–5 сая ам.долларын хооронд нөхөн төлбөр авсан
Зарим нь давхар JPMorgan эсвэл Deutsche Bank-аас мөн төлбөр авсан
Жеффри Эпштейн ямар ч үнэмшилтэй бизнесийн үндэс суурьгүй, ямар ч хөрөнгө оруулагчгүй байж 600 гаруй сая ам.доллар хөрөнгө төвлөрүүлж чадсан нь:
Асар өндөр нууцлалтай зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
Олигархи хэв маягаар баян эрхмүүдийн хөрөнгийг удирдаж, татварын “бүдгэрсэн” бүсэд хадгалдаг.
Зарим тохиолдолд хуулийн сул орон зайг ашигладаг системийн ил тод бус байдлын шууд үр дүн гэж Forbes дүгнэсэн юм.










