



















Засгийн газар залхуучуудад найр тавих зальжин шийдвэрээ танилцуулж, бага орлоготой иргэдэд НӨАТ-ын буцаан олголтыг илүү олгох, хөнгөлөлт үзүүлэх татварын хуулийн шинэчлэлийг өргөн барихаа мэдэгдлээ.
Халамжийн тогтолцооныхоо нүүрийг угааж, шошгыг нь солиод НӨАТ-ын буцаан олголт нэрээр үргэлжүүлэх санаа эхлээд цухалзав. Товчхондоо таны худалдаж авсан барааны НӨАТ-ын буцаан олголтыг орлого бага нэрийн дор халамжийнхан авна гэсэн үг. Халамжийн систем баталгаажихын хэрээр дундаж давхрагыг "дуусгах" бодлого ийн хурдсана.
Дараа нь, засгийн зальжин шийдвэр нэг сумаар хоёр туулайг буудаж мэдэхээр харагдав.
НӨАТ бол татвар биш далд эдийн засгийг хянах бүртгэлийн систем гэж анх ярицгааж байлаа. Хэрэглэгчээс авч бүртгээд буцаагаад 100% олгох учиртай түр хураамж гэв.
Гэтэл энэ систем нь Монголд эсрэгээрээ хэрэгжиж эхлэв. Яваандаа зах зээлийг боомлих, ААН, жижиг дунд бизнесүүдийг устгах, ард иргэдээ туйлдуулан зовоох татварын харгис систем болж хувирсан.
Учир нь улсын төсөв НӨАТ-д донтжээ. Том төсөв баталсан учир одоо аль болох бага буцаан олголт хийх нь чухал. Харин үүнийг бага орлоготой иргэдээ дэмжих нэрээр иргэд, ААН-ийн НӨАТ-ын буцаан олголтыг халамжийн систем рүү бултуулах зүг чиг гаргажээ. Орлого багатай иргэдийн худалдан авалт бага. Тэр хэрээрээ буцаан олголт гэх юм авдаггүй. Ихэвчлэн НӨАТ-ын баримт өгөхгүй зах худалдааны төвөөс худалдан авалт хийгдэнэ. Анхнаасаа буцаан олголт гэж өчүүхэн дусал хүртдэг "улныхан"-д дундажуудын худалдан авалтын буцаан олголтыг өгч халамжлангаа хэмнэлтийн давхар горим ажиллуулах гайхалтай санаа сэдсэн тэр "эвгүй" нөхөрт баяр хүргэе.
Сангийн сайд Б.Жавхлангийн танилцуулсан уг шийдвэрийн цаана үндсэн хууль ч зөрчигдөнө. Иргэдийнхээ орлогыг их багаар нь зүслэх засгийн бодлого бол ялгаварлан гадуурхалт мөн.
Энэ нийгэмийн амин сүнс, үзэл баримтлал нь хөдөлмөрлөж татвар төлж буй иргэдээ дэмжих. Гэтэл захиргаадалтын засаг халамжийн сэтгэлгээг улам гааруулж Монголын эдийн засагт нар үзүүлэхгүй нь.
Ерөөс Монгол хүний эд эсэд байх хөдөлмөрлөснийг хохироож, хойш суусныг энхрийлэх энэ үзэл төрийн бодлогоороо дамжин илэрсээр байвал хөгжил мөрөөдөлтгүй.
Ядуурлыг дэмжих нь улстөрийн тогтвортой байдлыг үгүй хиих сөрөг динамик. Үүнийг ойлгохгүй улстөрчид ядууралд уриалах нь унах нүхээ өөрөө малтаж буй үйлдэл мөн.










