



















Сонгуулийн солиорол сюрпризээр халгиж, цалгинхан байна. Орон нутгийн сонгууль ч их хурлынхаас дутахгүй гал асаадаг болж. Товчхондоо их наядаар яригдах нийслэлийн төсвийг захиран зарцуулах эрх мэдэлд улайран хэмлэлдэх бүлэглэл хоорондын зодооны төлөөсийг монголчууд сэтгэцийн эрүүл мэндээрээ барагдуулсаар. “Улаан армийнхныг” татвар төлөгчдийн мөнгөөр “гараа угааж”, зам бродюрт цацахыг харж тэвчээгүй “хөх ноход” татвар төлөгчдийг “хүүхдээр нь барьцаалж” саналыг нь "хамах" бохир технологи явуулж эхэллээ. Цахим орчныг тавилттай жүжгийн тайзаар ашиглаж, тэндээ өдөр шөнөгүй нүдэлцэж эхлэх юм.
Жүжиг “хагархай бөмбөгөөр” цахим тайзнаа нээлтээ хийлээ. Нөхөөстэй бөмбөг хотоор нэг тарааж, олны анхаарлыг татсан таавраар “цахим тайз” сонгуулийн хөшгөө нээхтэй зэрэгцээд “таалан үзэх” та бид тайлалыг нь дор бүрнээ хэлэлцэж суулаа. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн тоо юм гэнэ лээ гэж бие биедээ шивнэцгээх юм. Тоглох талбайгүй, тойрч гарах гарцгүйгээс амиа алдсан хүүхдүүдийн бөмбөг юм гэнэ гэж шуугих юм. Ямартай ч хүүхэд рүү чиглэсэн акц гэдэг нь уянгын халилаас нь харагдлаа. Монголчуудын судсыг барьчихсан, яаж уйлуулахаа мэддэг “тэр нэг” технологи л нэвт сэнгэнэнэ. Амташсан “хэрээ” арван гурав л дахидаг байхад, тэр нэг технологи “хэдэн гурав” ч дахих юм бүү мэд. Миний үеэр лав дуусахгүй нь...
Жүжгийн дараагийн үзэгдэл жинхэнэ “увайгүй” эмэгтэйн явдлаар үргэлжлэв. Замын нэгдүгээр эгнээнд зогссон азын дугаартай “лексус 600” машинаас бууж ирсэн эмэгтэй өсвөр насны хүүг алгадах юм. Хүүхдэд зам тавьж өгөөгүй дайрах шахангуутаа араас нь үсэрч ирээд “уучлалт гуйгаа биз дээ” гээд үгийн зөрөөгүй алгадаж байх юм. Үзэгдэл мэдээж баян хүнд ясны дургүй “язгуурын монгол занг” дэврээж байна. Ингээд “хүүхдийн хүчирхийллээр” дахиад хөндөж буй тэр технологи байгаа яг “онов”. Бөмбөгний араас хөөж байсан үзэгчид шууд “цахим шүүлтэд” шилжиж орлоо.
Хүүхэд хүчирхийлсэн “баян” эмэгтэйг нийтээрээ шүүж байхад орж ирсэн хардалт “энэ”. Хэн бичлэг хийв? Хаанаас нийтлэв? Цаг хугацааг нь бодоод үзвэл замын эсрэг талаас бичлэг хийсэн нөхөр хүүхнийг машинаасаа бууж ирнэ, хүүг очоод шууд алгадана гэдгийг мэдэж байсан мэт харагдаж байна. Үгүй бол хэрэлдээд өнгөрөх хугацаа нь үсрээд л хэдхэн секунд л. Хэн ч өөрийн биш өрөөлийн тэр мэт хэрүүлийг утасны камераа нээж “тэрхэн агшныг” буулгаж амжихгүй. Харин үйл явдлын үргэлжлэлийг мэдэж байгаа юм шиг бичлэгээ хийж тэр “момент”-ыг буулгана гэдэг чинь “тавилттай тайзны жүжиг” мөнөөсөө мөн л харагдах. Харин ташаа таамаглал болбоос ийм хардалт төртөл “сэжигч” болгосон “талцагч бүлэглэлүүдийн” тавилттай жүжгүүд буруутай. Ийм тавилтаар олон жил талцуулж “Gaslighting” хийсэн пи-арчид нь буруутай.
Хэн мэдэх вэ? Сонгуульд зориулсан “сонирхолтой жүжгүүдийн” “idea”-г давж л сэтгэхгүй бол тархины маань атирааг “тэнийтэл” тэнэгтүүлээд байна. Хаяж өгсөн өгөөшийг нь хамаад үмхчихдэг загас болчих гээд байна. Хашраас гайтахгүй ээ хө... Иргэд чинь цагаан цаас биз дээ даргаа гээд юу ч хамаагүй “эрээчих” гээд байдаг улс төрчдийг пи ар багтай нь “давж сэтгэмээр” байна Монголчуудаа. Бидний “ахиллын өсгий” чинь сэтгэл зүйн эрүүл мэнд юм шүү...
Gaslighting (төөрөгдүүлэх, тархи угаах манипуляци хийх хар бараан тактик)
idea (санаа)










