



















Импортын автомашинд хотын дугаар өнгөрсөн баасан гаргаас буюу /2024.11.08/-ны өдрөөс олгохгүй болсон. Шалтгаан нь түгжрэл. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хотод 730 мянгаас илүү тээврийн хэрэгсэл явуулахгүй гэх тогтоол санаачлан баталсан. Түүний баталсан тогтоол Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний тэгш, өмчтэй байх эрхийг хязгаарлаж, иргэнээ ялгаварлан гадуурхлаа. Харин энэ эрх зөрчигдсөнд эмзэглэх хэсэг маруухан.
Улаанбаатарт автомашины дугаар авах бол хотын иргэн байх ёстой гэдэг шаардлагыг зөвтгөж болно. Торгуульгүй, даатгал, төлбөрийн үлдэгдэлгүй байх. Мөн агаарын бохирдлын эсрэг евро-4 хөдөлгүүртэй буюу он залуу, экспортын өмнөх техник үзлэгт хамрагдсан байх ёстой гэдэг шалгууруудыг буруутгахгүй. Гэхдээ иргэнээ ялгаварлан гадуурхсан олон заалттай. Жишээлбэл, цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнүүр оруулах, он залуу тээврийн хэрэгслийг, баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг, анх удаа тээврийн хэрэгсэл авч байгаа бол тээврийн хэрэгслийн өмчлөлтэй хүний өмнүүр, хувьдаа автомашины зогсоолтой бол зогсоолгүй нэгний өмнүүр автомашиныг нь оруулна зэрэг нь иргэнээ өмчөөр нь ялгаварлан гадуурхаж буй хэлбэр. Тиймээс хотын даргын гаргасан тогтоол, шийдвэрийг хүчингүй болгуулахаар хэсэг хүмүүс Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргалаа. Зогсоол бүү хэл сургууль, цэцэрлэггүй хотхонуудыг авлига авсан улсын комисс нь хүлээгээд авчихдаг. Барилгын компани нь явган хүний зам барихтай үгүйтэй бетонон ширэнгэ барьчихаад байрны үнэтэй эн дүйх шахуу зогсоолоо үнэлж зардаг. Гэтэл арай гэж ипотекийн урьдчилгаагаа бүрдүүлж насаараа байрны зээлээ төлж амьдрах иргэд 60, 70 сая төгрөгийн зогсоол худалдаж авч чадах уу? Хөрөнгө, чинээгээр нь иргэнээ ингэж гадуурхах бус хугацаа заагаад зөвхөн эко машин оруулж ирэх, зөвхөн ... онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл оруулж ирэх, зөвхөн зүүн гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлд дугаар олгоно гэвэл болчих биш үү? Түүнээс биш ялгаа зааг тогтоочихоод энийг нь түрүүлж оруулж ирнэ, харин чинийхийг дараа тэгж байгаад хэзээ нэгэн цагт оруулна мэтээр иргэнээ ялгаварласан шийдвэрээр хааж боож болохгүй.
Алдаатай бодлого, шийдвэрийг нь засалцах гэсэн иргэнээ загнаж, үгүй бол түгжир гэх нь сонгоод л өгчихвөл жаргаагаад өгье гэж амалсан дарга нар иргэдийнхээ эрхийг хязгаарлачихаад үүнийгээ нийтийн сайн сайхны төлөө авч хэрэгжүүлж буй сонгодог арга гэмээргүй. Иргэнээ хясан боогдуулж биш, төр өөрөөсөө шалтгаалах ажлаа хиймээр байна. Эцэст нь энэ бүхэнд иргэн буруутай мэтээр хандаж болохгүй. Судалгаанаас үзвэл, Улаанбаатар хотын түгжрэлийн таваас арван хувь нь жолоочийн хандлагаас болдог гэж. Үлдсэн нь дарга нарын хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн. Оргил ачааллын цагаар Улаанбаатар хотын түгжрэл 97.3 км үргэлжилж буй. Хязгаар тогтоосон ч энэ түгжрэл арилахгүй. Замын сүлжээгээ өргөтгөж, замаа шинэчлээд ч үр дүнгүйг харж байна. Дөрвөн уулынхаа дунд 4.704.4 км2 газар нутагт 1.6 сая хүн багтаж шингэхээ байлаа. Улаанбаатар хотыг тэлэхгүй л бол өөр мянган санаа дэвшүүлээд хэрэгжихгүй. Хотын дарга минь дээ... Таван литрийн саванд зургаан литр ус багтахгүй. Хэмжээтэй саван дахь эд юмсынхаа байрыг солиод ч юу ч өөрчлөгдөхгүйг ойлгомоор байна.
Утаагаа, түгжрэлээ шийдэж чадахгүй дарга нартай Улаанбаатарын зовлон дундрахгүй нь.Уг нь иргэдээ тав тухтай, ажилтай, орлоготой амьдруулна гэж сонгогдсон хүмүүс амлалтаа мартаад дарга болчихсон. Дарга болчихвол загнаж болно гээд ойлгочихсон. Гудамжинд гарч нэг загнана, гар утасны цаанаас нэг загнана. Ажлаа мэддэггүй, хийдэггүй, загнадаг дарга нарын хийж чадаагүй ажилд нийслэлчүүд буруудаж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ зөрчүүлж буйдаа ч хүлцэнгүй явна. Номхон тэмээ ноолоход амар. Яасан ч хүлцэнгүй, тэвчээртэй ард түмэн юм бэ дээ. Тэнэгдүүхэн тэвчээртэй, тэрүүхэндээ өөрийгөө болгож байвал бусад нь хамаагүй гэдэг аминчхан үзэлтэй болохоор нь л дээр суугаа нөхөд ингэж дураараа аяглаж, хааж боож хавчиж дээрэлхээд сурчихсан.










