



















Монгол Улсын Засгийн газрын өргөн барьсан 2025 оны төсөв Монголын ирээдүйгээс харам байна. 2025 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьснаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар алдагдалгүй төсөв дахин өргөн барих үүрэг хүлээсэн. Ингэхдээ өөрсдийнхөө бус хүүхдүүдийн бүсийг чангалж, үүнээс өөр танах зардал алга гэж Боловсролын сайд П.Наранбаяр тайлбарлав.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас алдагдалгүй төсвийн төсөл УИХ-д өргөн барихдаа сургуулийн хоолны түүхий эдийн зардлыг 10 хувиар бууруулсан. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн нэг сурагч өдөрт 2250 төгрөг, тусгай сургуулийн сурагч өдөрт 3060 төгрөгийн хоол идэхээр болж байна.
Энэ хичээлийн жилд төрийн өмчийн ЕБС-ийн нэгээс тавдугаар ангид суралцдаг 345.5 мянган хүүхэд үдийн хоолонд хамрагдаж буй. Уг нь хэдхэн сарын өмнө сурагчдын үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1500 төгрөг байсныг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж 2500, тусгай сургуульд өдрийн 2400 төгрөг байсныг 3400 төгрөг болгон нэмэгдүүлсэн ч эрх баригч нам ирэх оны төсвөө алдагдалгүй батлахдаа хүүхдүүдийнхээ хоолны мөнгөнөөс хумсаллаа. Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж, 4000 төгрөг болгон 1000-ыг нь эцэг, эхчүүдээс гаргуулж буй. Яг үүнтэй адил сурагчдын хоолны мөнгөнөөс улс танахдаа танасан зардлаа эцэг, эхчүүдээс гаргуулъя гэж салбарын сайд хэлэв. Иргэдийнхээ халаасыг тэмтрэх нь эрх баригчдын алдагдалгүй төсөв баталлаа гэх луйвар байж.
Улс орнууд 2030 он хүртэл сургуулийн хоолны хөтөлбөрийг сайжруулах амлалт өгч буй. Үүнд дэлхийн 106 улс нэгдсэн. Монгол Улс ч өнгөрсөн онд Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс байгуулсан Сургуулийн хоолны эвсэлд нэгдэж, сурагчдын хоолны хөтөлбөрийг сайжруулна гэдэг амлалт олон улсын өмнө өгсөн. Гэхдээ энэ амлалтаас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ухраалаа. Дэлхийн шившиг. Хүн төрөлхтөн бүх цаг үед үрээ хооллож тэднийгээ гэдэс цатгалан байлгахын төлөө тэмцэж ирсэн. Араатан, жигүүртэн ч адил. Гэтэл үр хойчоосоо идэх хоолыг нь харамлаж, түүнээс нь хумсална гэдэг араатанд ч байхгүй авир. Монгол Улсын Засгийн газар, хууль тогтоох дээд байгууллагад иргэдийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр илгээгдсэн төрийн түшээдүүд ч Монголын ирээдүйгээс хоолны мөнгө харамлав.
Ковид цар тахлын дараа хүүхдийн хоолны шим тэжээл багасаж, тураалтай, өлсгөлөн хүүхдүүд нэмэгджээ. Үүнээс гарах хамгийн боломжит арга нь ‘’Сургуулийн хоол’’ хөтөлбөрийг сайжруулах гэж улс орнууд үзсэн.
Сургуулийн хоол хөтөлбөрт зарцуулах санхүүжилтээ улс орнууд жил бүр нэмэгдүүлж, зарим тохиолдолд эцэг, эхчүүдийн дэмжлэг авч буй улс орнууд бий. Гэхдээ энэ нь манай эрх баригчдаас өөр сэтгэл, сэтгэхүйтэй. Тэд танасан төсвөө эцэг, эхчүүдээр нь гаргуулах бус. Хүүхдийнхээ хоолны зардлыг улам нэмэгдүүлж буйд ялгаа их бий.
Иргэдийн зүгээс УИХ-аас баталсан хэт тэлсэн төсвөөс сургалт, семинар нэртэй аялал зугаалгын гадаад, дотоод томилолтын зардал, элдэв, уулзалт, хурал нэртэй идэж, уудаг зардал зэргээсээ тана гэж шаардсанаас бус хүүхдүүдийнхээ хоолны мөнгөнөөс "булаацалд" гэж огт хүсээгүй.
ХУВИЙН СУРГУУЛИЙН ХУВЬСАХ ЗАРДАЛ НЬ П.НАРАНБАЯРЫН АШИГ СОНИРХОЛД ХАРШ
Боловсролын сайд П.Наранбаярыг ‘’Шинэ Монгол’’ сургуулийн захирал асан гэдгээр нь олон нийт илүү мэддэг. Боловсролын салбарт ашиг сонирхолын зөрчилтэй. Тэрээр ‘’АНТ ХХК’’ нэртэй сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн эзэмшигчийн нэг, байгалийн ухааны эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг‘’Дижилт солюшнс ХХК’’ компанитай. Тиймдээ ч 2025 оны төсөвт хувийн сургуулиудын хувьсах зардлыг танахгүй гэж дургүйцэх шалтгаан нь ‘’Шинэ Монгол’’ сургууль. Хувийн сургуулиудад олгодог хувьсах зардлыг танах, хасах нь түүний эрх ашигт харш. Тиймдээ ч хувийн сургуулиуд төрийн ачааллыг үүрэлцэж 76 мянган хүүхэд сургаж буй гэхээр ам таглаж буй.
Монгол Улс хувийн сургуулийн нэг сурагчид жилийн 1.8 сая төгрөгийн хувьсах зардал олгож байна. Ирэх оны төсөвт 100 тэрбум төгрөгийг хувийн сургуулиудын хувьсах зардалд тусгасан. Энэ мөнгийг гурван ээлжтэй сургуулийн нягтралыг бууруулах, боловсролын шинэ байдлыг хангахад зарцуулъя гэж эсэргүүцэж байсан УИХ-ын зарим гишүүн уг саналаасаа одоо татгалзав. 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуульд хувьсах зардал олгодоггүй бөгөөд ийм 24 сургууль бий. Харин П.Наранбаярт шууд бусаар хамааралтай "Шинэ Монгол" сургууль хувьсах зардал авдаг сургуулиудын тоонд багтдаг.
Алдагдалгүй төсөв батлах зорилгоор боловсролын салбараас ₮400 тэрбумыг танахаар оруулж ирсэн ч, ₮152 тэрбумаар бууруулж баталлаа. Энэ салбарт 189 төсөвт өртөгт арга хэмжээг ₮1.3 их наядын санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөв өргөн барьсан. Үүнээс ирэх онд ₮472 тэрбум 667 саяын хөрөнгө оруулалтаар 58 цэцэрлэг, 85 сургууль, 20 дотуур байр барина.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн өмчийн ЕБС-ийн дотуур байранд 38 мянган хүүхэд, Төрийн өмчийн МСҮТ-ийн дотуур байранд 4000 хүүхэд хамрагджээ. Дотуур байрны хүүхдийн нэг өдрийн хоногийн хоолны түүхий эдийн зардлыг бага, дунд ангийн сурагчид ₮2000-аар нэмэгдүүлж ₮6000, ахлах болон МСҮТ-д ₮2200-аар нэмэгдүүлж ₮6500 байхаар тооцон ирэх оны төсөвт батлуулаад байсан. Харин алдагдалгүй төсвийн төсөлд УИХ-д өргөн барихдаа дотуур байрны бага дунд ангид 5400 төгрөг, ахлах болон МСҮТ-д 5850 төгрөг байхаар танаж баталлаа.










