



















Нийслэлчүүдийн ундны ус аюулд орж, туул голоор хүний ‘’ялгадас’’ урсаж байна. Төв цэвэрлэх байгууламжийн дутуу цэвэршүүлсэн ялгадасны үлдэгдэл нийслэлчүүдийн ундны усаар урсаж, эндээс зөвхөн хүний ялгадсанд байх гэдэсний савханцар илэрсээр байна. Гэвч асуудал улам хүндэрсэн үү гэхээс нийслэлчүүдийн ундны ус үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц болчихсон байхад үүнийг огт тоохгүй хаяжээ. Төв цэвэрлэх байгууламжаас доош Туул голын хэсэгт 380 мянган метр куб хагш /ялгадас/ хуримтлагджээ. Үүнийг цэвэрлэх машинаар гурван жил тасралтгүй ажиллаж дуусгана. Гэхдээ цэвэрлэх байгууламж ялгадсаа дутуу цэвэршүүлж хаяад байвал энэ байдал өөрчлөгдөхгүй. Уг нь Туул голоос гэдэсний савханцар илэрлээ гэж наймдугаар сард олон нийтэд мэдээлсэн ч чихнийхээ хажуугаар өнгөрүүлчихсэн тухай Усны газрын дарга Батбаяр хөндлөө. Үнэндээ нийслэлчүүд ялгадсаа эргээд иддэгийг гэдэсний савханцар илэрч буй шинжилгээний хариу хэлж байна. Зуны дэлгэр цагт Туул, Сэлбэ, Улиастай голд сэлж болохгүй, ялгадсандаа л ордог гэж ойлгож болох нь. Мөн гол дагуух задгай хоол хүнс идэхгүй байхад онцгой анхаарах ёстой байх нь. Гол дагуух шорлогчид шороо ялгадас урсах Туул голд угаадаг. Ингээд шорлогоо ялгадсаар хачирлаж идсэн иргэд гэдэсний савханцараар өвддөг. Ганцхан жишээ: Туул голын усаар угаасан машиндаа гар хүрсэн л бол та, таны хүүхэд гэдэсний савханцраар өвчилнө. Хэнтий, Төв, Сэлэнгэ аймгийн иргэд ч гэсэн болгоомжилоход илүүдэхгүй. Туул гол эдгээр нутгуудаар урсан өнгөрч Орхон голд цутгадаг.
Туул гол бохирдож байгаа шалтгаанууд:
Цэвэрлэх байгууламжийн урсгаж буй ялгадас,
680 мянган нүхэн жорлон
Төвлөрсөн шугамд холбогдоогүй Зайсан дахь тансаг зэрэглэлийн хауснуудын зөөврийн бохир зэрэг нь Улаанбаатарчуудын ундны эх үүсвэрийг бохирдуулдаг. Гадаргын усанд нь ялгадас шингэчихсэн бол ундны ус нь аюулгүй байж чадаж байна уу?
Тэгвэл Усны газраас төвлөрсөн шугамаас хангаж буй ундны ус асуудалгүй гэж мэдэгдлээ. Харин Зайсан хавьцаа амьдардаг 18 мянга орчим иргэн гэдэсний савханцартай ус уудаг. Товчхондоо нойлынхоо усыг уудаг гэж ойлгочиход гэмгүй. Тиймээс энэ орчимд савласан усны борлуулалт сүүлийн үед нэмэгджээ. Усны газраас худалдааны 19 төрлийн усанд шинжилгээ хийхэд бүгд крантны усыг цэвэршүүлэн савлаж зарж байна. Энэ нь ноцтой аюултай гэсэн үг биш. Гэхдээ ингэж цэвэршүүлсэн зарим төрлийн савласан ус ямар ч эрдэс бодисгүй буюу хүний шингэний дутагдлыг нөхөх ямар ч боломжгүй, хэрэгцээгүй ус худалдаалж байна. Иргэдийн эрэлтээр олон нэр төрлийн савласан ус зах зээлд борлуулагддаг хэдий ч стандартын шаардлага огт хангадаггүй. Усны газраас стандарт зөрсөн нь ноцтой зөрчил биш ч ундны ус эрүүл мэнд, аюулгүй байдал учраас зөрчилөө арилгаагүй компаниудын нэрсийг дараагийн удаа олон нийтэд зарлана гэлээ. Крантны ус савлаад иргэдэд зардаг бол ядаж стандартаа ягштал баримталмаар байна. Бүр хүчингүй болчихсон стандарт наагаад борлуулдаг усны компаниуд үндэсний аюулгүй байдлын эсрэг үйлдэл хийж буй гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Хүний эрүүл мэндэд хэрэггүй, эрдэс бодисыг нь шүүгээд зардаг үйлдлийг ч таслан зогсоох хэрэгтэй. Энэ удаад чимээгүй өнгөрөөе гэж тэдний толгойг илэх шаардлагагүй.










