



















Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх угтаа бол Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 1-д зааснаар “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” маань УИХ-ын чуулганд загнах, зандрах, дарамтлах гурвын дундуур “туучаад” гарлаа.
Өнөөдөр өглөөнөөс эхэлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэхийг УИХ-аар хэлэлцэж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орж ирж ард түмэн бидний ажигласнаар УИХ-ын 126 гишүүнд “шахалт үзүүлсэн” явдал боллоо. Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ “Кабинет дотроос энэ асуудал анх үүссэн. Тэр хүмүүс маань бүлгийн нөлөө бүхий гишүүдтэй очиж нэгдсэн. Надад Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон. За ингээд асуудал үүсчихдэг.Өнгөрсөн 30-аад жилийн түүхийн бодит үнэнийг Ерөнхий сайдууд хэлбэл тэднийг огцроход ард нь тухайн үеийн Ерөнхийлөгчийн оролцооны асуудал байдаг. Тэрнээс Засгийн газар УИХ дотроосоо огцорч байсан тохиолдол цөөхөн. Нийгэм талаасаа ч огцорч байсан нь бага. Хүрэлсүх дарга (Тэрээр Ерөнхийлөгч гэсэн үгнээс бултсан юм) бид хоёрын дунд ямар ч хувийн асуудал байхгүй. Дунд нь зохион байгуулдаг тусгай албад байна. Ийм дабль буюу парлель бүтэц үүсдэг” гэсэн нь ямааны мах халуун дээрээ гэдэг шиг л өдөртөө биелж байна. Магадгүй Ерөнхий сайд Ерөнхийлөгчөөс ирэх ийм алхмыг хүлээгээгүй байх. Тэрээр одоо ч хөнгөн “шок”-ноосоо гараагүй байх магадлалтай.

Өнгөрсөн түүхийг эргээд санахад Цахиагийн Элбэгдорж, Мэндсайханы Энхсайхан, Жанлавын Наранцацралтын Засгийн газрыг Нацагийн Багабаньд, Цахиагийн Элбэгдорж, Миеэгомбын Энхболд хоёрын Засгийн газрыг Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр, Норовын Алтанхуягийн Засгийн газрыг Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж, Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газрыг Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга нарын оролцоотойгоор унагаж байсан бол энэ хувь заяа Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн Засгийн газрыг тойрсонгүй дайрч буй бололтой. Түүнийг унагахад Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн оролцоо байгаа гэдэг нь түүний УИХ-д айлчилсан “айлчлалаас” тодорхой харагдлаа.
Бусад Ерөнхийлөгчдөө бодвол Ухнаагийн Хүрэлсүх нэлээн яаруу давчуу хүн тул УИХ дахь уур амьсгал Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ рүү эргэнгүүт тэсэлгүй орж ирж өнөө л “заналхийлдэг” зангаа УИХ-ын 81 шинэковд хөнгөхөн харуулаад гарав бололтой.
Хэрвээ Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ энэ удаа УИХ-ын гишүүдийн олонхын итгэлийг авч огцрохгүй бол Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хуулийн 33 зүйлийн 2 дахь заалтыг ашиглах болно гэдгээ далдуур буюу ард түмэн жагсагчидтайгаа хамтраад арга хэмжээ авна хэмээн илэрхийлсэн.
Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 2-т “Улсын Их Хуралд олонх суудал авсан намтай, аль ч нам олонхын суудал аваагүй бол Улсын Их Хуралд суудал авсан намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох санал, түүнчлэн Засгийн Газрыг огцруулах саналыг УИХ-д оруулах” гэсэн заалттай байдаг.
Өнөөдрийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын 126 гишүүнийг урдаа суулгаж байгаад “бүлтэлзүүллээ” .
Тэрээр хэдхэн хоногийн өмнө өөрийн нийгмийн сүлжээндээ “Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд итгэж болохгүй гэдгийг баталгаатай хэлэх хүн бол түүний өмнөх Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга юм.
Ерөнхий сайдын анхааруулаад парламентын ардчилал гэдэг зүйл алдагдах боллоо гээд байгаа нь зүгээр ч нэг өөрийгөө хамгаалах гээд сүржигнээд байгаа биш гэдгийг УИХ-д хийсэн өнөөдрийн “айлчлалаараа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нотолчихлоо.










