



















Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналд ажлын хэсгээс дараах зардлуудыг бууруулах санал гаргасан нь нийт 51.75 тэрбум орчим төгрөг болж байна.
Үүнд дараах зардлыг бууруулахаар тусгажээ
-Удирдлагын Академид олгодог санхүүжилтийг 2.6 тэрбум төгрөг
-Засгийн газрын нөөц сангийн зардлыг 16.33 тэрбум төгрөг
-Дэд сайдын томилгоог хойшлуулахтай холбоотой урсгал зардал 2.18 тэрбум төгрөг
-Үйл ажиллагааны орлогоос бүрэн санхүүждэг зардлаас бусад урсгал зардлыг 0.3 хувиар буюу 30.64 тэрбум төгрөгөөр бууруулахаар санал гаргасан байна.
Мөн ажлын хэсгээс нийт 38 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал оруулснаас: Үүнд
-Төсвийн ерөнхийлөн захирагч (хариуцсан 19 сайд нарт)нарын урсгал зардлыг 1.14 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж тооцвол 21.66 тэрбум төгрөг
-Хүний эрхийн үндэсний комиссын даргын урсгал зардлыг 1.0 тэрбум төгрөг
-Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн зардлыг 12.5 тэрбум төгрөг (Гэр бүл хүүхдийн хэрэг маргааныг шийдвэрлэх гэсэн нэрийн дор)
-Монгол-Германы Технологийн дээд сургуульд татаас 517.5 сая төгрөг, Монгол Японы эмнэлэгт 1.6 тэрбум нийт 2.1 тэрбум төгрөг
-Улсын прокурорын урсгал зардлыг 1.3 тэрбум (Авлига албан тушаал, мөнгө угаах, хөрөнгө буцаах гэсэн нэрийн доор)
-Дотоод Хэргийн Их сургуулийн урсгал зардал 458 сая төгрөг
-Говийн бүсийн ус хангамжийг нэмэгдүүлэх судалгаанд 230 сая төгрөг
-Улсын дээд шүүхийн урсгал зардалд 1.0 тэрбум төгрөг (сургалт, судалгаа мэдээллийн академийн үйл ажиллагааны гэсэн нэрийн доор) -ийг тус тус нэмэгдүүлэх санал оруулж иржээ.

Зардлын бууралтын хувьд бол хэлэх юм алга. Дэлхий нийтээрээ эдийн засгийн өсөлт буурч магадгүй гэсэн олон улсын эдийн засагчид түүн дундаа томоохон хөрөнгө оруулалтын банкны шинжээчдийн хэлж анхааруулж буй энэ цаг дор чадахаараа хэмнэх нь зүйн хэрэг.
Гэхдээ 51.75 тэрбум төгрөгөөр зардлыг бууруулъя гэж санал гаргангуутаа зөрүүлээд сайд бүрийн зардлыг 1.14 тэрбум төгрөгөөр буюу нийт 21.66 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ хэмээн орж ирж байгаа нь нэн хачирхалтай.
Бүүр болоогүй зарим нэмэгдүүлэх зардал дотор 2025 онд нэмэгдүүлэх нь бүү хэл шууд хасах зардлууд ч байна.
Үүнд:
Улсын дээд шүүхийн урсгал зардлыг 1.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлага үнэндээ байгаа юу. Нэмэгдүүлэх шалтгаан нь ч сонирхол татна. Сургалт, судалгаа мэдээллийн академийн үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэх гэж. Өнөөдөр ард олныг гэгээрүүлэх гэхээсээ илүүтэйгээр шүүгчид шударга үнэн байх нь нэн чухал байна. Энэ зардлыг энэ жилдээ тэвчиж болно. Үнэндээ иргэдийн дунд өдрөөс өдөрт нэр хүнд нь унасаар байгаа шүүхийн салбарын зардлыг харин ч бүр буруулах ёстой. Мөн Дотоод Хэргийн Их Сургуулийн 458 сая төгрөг, Монгол-Германы Технологийн дээд сургуулийн татаас 517 сая төгрөг, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 12.5 тэрбум төгрөг (шүүхийн салбарын нэр хүнд улны болж байгаа нь Шүүхийн Ерөнхий Зөвлөл гэсэн энэ байгууллагатай шууд холбоотой. Гэр бүлийн шүүхээ энэ жил тэвчиж яагаад болохгүй гэж) Мөн Улсын Ерөнхий прокурорын 1.3 тэрбумыг ч мөн нэмэгдүүлэх шаардлага үнэндээ алга.
Хүний Эрхийн Үндэсний комиссын урсгал зардлыг 1.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх гэхийнхээ оронд жилд ганцхан удаа болдог тайланг нь УИХ-ын 126 гишүүн хамтдаа сонсох нь зөв учраас энэ удаа энэ саналыг дэмжихгүй байж, тэвчих ёстой. УИХ-ын гишүүд нь тоодоггүй тайлан гаргадаг энэ байгууллагыг татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгөөр эрхлүүлэх хэрэг үндэслэлтэй юу. Үнэндээ үр дүн нь гарт баригдаж, нүдэнд харагддаггүй сүржин нэртэй даржин байгууллага бол Хүний Эрхийн Үндэсний Комисс юм.
УИХ-ын ажлын хэсгийн санал болгосон зардлуудын хувьд нэмэх ёстой зардал байна уу гэвэл бас байна. Тухайлбал Монгол-Японы эмнэлгийн 1.6 тэрбум төгрөг, Говийн бүсийн ус хангамжийг нэмэгдүүлэх 230 сая төгрөгийн зардлыг бол нэмэгдүүлэх нь зөв байж болно.
Ажлын хэсгийн оруулж ирж байгаа урсгал зардал нэмэгдүүлэх зардлыг 37.97 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдүүлэхийг зогсоож болно.
Үнэндээ Засгийн газрын нөөц сангийн зардлыг 16.33 тэрбум төгрөгөөр танана гэсэн санал гаргаснаа төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд бүр дээр 1.14 тэрбум нэмнэ гэх. Удахгүй усан бороо цутгах, зуд турхан болох, III цахилгаан станцын 9 дүгээр трубин биш нийтээрээ дэлбэрвэл энэ 16 тэрбум төгрөг чинь хэрэг болохгүй юм уу эрхэм УИХ-ын гишүүдээ. Бодоод үзвэл яасан юм бэ?
Тус салбараас хасах байтал нийт 21.66 тэрбум төгрөгөөр зардлыг нь нэмэгдүүлэхээр орж ирж байгаа нь хэний захиас, хэний захиалга вэ? Шүүх, прокурор, дотоод хэргийн сургууль, шүүхийн ерөнхий зөвлөл гээд нийтээр нь хуулийн салбарт нийт хэмнэх биш бүүр 15.2 тэрбум төгрөг нэмж зарцуул гэж төсөвлөж байгааг гайхаад барамгүй. Арай нөгөө УИХ гишүүд хуулийнханд “бөлдөгдүүлчихээгүй” байгаа даа гэж айх гайхах зэрэгцэж байна.










