



















Өөрийгөө хөгжүүлэх нь боловсролын цорын ганц хэлбэр гэдэгт би бат итгэдэг."
Айзак Асимов
Гишүүд болоогүй байна даа... Улс орны ирээдүй, амин чухал асуудал хэлэлцэж байхад учраа олохгүй хольж хутгаж, жонхуу зуурч байна. 2024 оны 10 сарын 31-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж хариулт авлаа. Чагнаад суусан нэг л бишээ. Энэ гишүүд чинь хуулиа уншдаг уу? Уншаад ойлгодог уу? Хэлэлцэх асуудлаа судалдаг уу? Ер нь эрүүл үү?...
Шар нунтаг олборлохоо цөмийн станц барихтай холиод сууж байх юм. Зарим нь бүр цөмийн түлш үйлдвэрлээд экспортод гаргалаа л даа “гаргалаа”... Дотроо бүр цөмийн зэвсэг, цэнэгт хошуу, баллистик пуужин төсөөлтлөө донгиорч байгаа гишүүд ч байж магадгүй бололтой.
Монголчууд хэдэн жил энэ уран олборлож, экспортод гаргах асуудал хэлэлцэж байна. Хэчнээн жил байгаль орчинд хор хөнөөлтэй гэж хэрэлдэв. “Асуудлаа”, “сэдвээ” ойлгодоггүй “хүн малын завсарт” төрөөд сэтгэдэг ч биш сэтгэдэггүй ч биш, ойлгодог ч юм шиг ойлгодоггүй ч юм шиг хүмүүст ямар хэлээр ойлгуулах ёстой байдаг вэ?
Монголчууд үнэхээр дэлхийгээс хоцорчээ. Өнөөдрийн хуулийн төслөөр гишүүд уран гэж юу вэ гэх хичээлд суув. Хөөрхий судлаач, эрдэмтэд нь эрүүгээ чилтэл тайлбарлах юм.
Бадрах энержи: Бид шар нунтаг л гаргана. Энэ бол бидний байгаа боломж. Үүнийг баяжуулаад цөмийн эрчим хүч буюу атомын цахилгаан эрчим хүчний түлш болгодог улс дэлхийд тавхан байна. Үүнийг НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн таван улс байна. Үүнийг өөр ямар ч улс хийж чадахгүй. Тайлбарлаад байхад манараад суух юм.
Уг нь Монгол ямар ашиг хүртэх вэ? Хэдэн хувийн АМНАТ тогтоох вэ? Хэдэн оноос ашиг хүртэх вэ? Францтай хийх гэрээ Монголд ямар үр өгөөжтэй байх гэх асуудал яригдах байлаа.
Эхний асуулт асуусан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
Байгаль орчин ундны усанд ямар нөлөөтэй вэ гэх утга бүхий асуулт асуув. Өнөөдрийг хүртэл олон улсад хийсэн судалгаа, олборлодог орнууд ямар арга ашигладаг, байгаль орчны үнэлгээ, яагаад “уран” руу олон улс анхаарлаа хандуулж байгаа вэ? Орос, Хятад, Францын ашиг сонирхол Казахстан дээр хэрхэн мөргөлдөж энэ дундаас Казахстан яаж ашиг хүртэж чадаж байна. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй тэнцвэртэй бодлогоор үндэсний аюулгүй байдлыг хэрхэн хамгаалж болдог гэдгийг яагаад энэ олон жилд сэтгүүлч хийхдээ судлаагүй вэ? Үгүй ядаж хуулийн төсөл хэлэлцэхээ өмнө уншиж судлах, олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 5 гишүүн, хэн юунд ямар үүрэг хүлээдэг. Ямар орон олборлож, ямар улс нь баяжуулж түлш болгодог, аль нь цөмийн эрчим хүч түүгээр нь үйлдвэрлэдэг зэргийг уншаад ирдэг бол. Ийм элементарны асуулт асуух гишүүнээр өөрийгөө төлөөлүүлж суугаадаа өр өвдөх юм. Арай өөр түвшний асуулт, ирээдүйн үр өгөөж ярьж мэтгэлцээд суух ёстой биш үү гишүүд.
Дараагийн асуулт асууж, үг хэлсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
"Оюутолгой"-н алдааг давтах вий гэж уг нь овоо зөв юм ярьж байснаа таг хадуураад явчихлаа. Ингэнэ ч гэж нэг гадарлаж байсан юм.
Нийт иргэдээсээ асуухгүйгээр 126 гишүүн дур мэдэн шийдэж болохгүй. Яагаад яараад байгаа юм. Уранаас цахилгаан эрчим хүч гарах уу. Монголчууд хямд цахилгаан эрчим хүчтэй болж чадах уу. Та нар шар нунтаг гаргаад зөөх гэж байгаа тухай л ярьж байна. Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай. Энэ тэнэглэлээ зогсоо. Ер нь бол 30 жилийн дараа гурван тэрбум ам.доллар олох тухай яриад байна. Нүүрсний орлогоосоо жилдээ хамаагүй их мөнгө олдог. Үүний төлөө ухаж болохгүй. Дулаан-Уул, Зөөвч-Овоо хоёр ураны нийт баялгийн өрөм нь юм. Одоо ураныг мэддэг юм шиг царайлж ярихаа зогсоогоод бие даасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсан уу гэдгийг л асуух ёстой.
За ёстой тархин дундуур минь татаад авч байгаа юм шиг л ундууцуулав. Шар нунтаг гаргаад ядуурчихсан Африкийн орнууд гэж Нигер улсыг жишээлэх гэсэн бололтой. Франц Нигер улсаас уран олборлодог байлаа. Одоо бол дотоодын зөрчлөөс нь болоод төслөө зогсоосон. Товчхондоо, Нигер байгалийн баялгаа зүй зохистой ашиглаж чадаагүй.
Нигер ашигт малтмалаа бусдад үнэгүй шахуу өгч дээрэмдүүлэх шахуу юм болсон нь та нар мэтийн олгой толгойлсон улстөрчдөөс нь болсон.
Уран хортой хоргүй гэж ухнатаж суухаар ямар гэрээ хийх вэ? Яаж Монгол ашиг хүртэх вэ? гэж наад захын тоо бодох сэтгэхүй хэрэгтэй байна. С.Ганбаатар гишүүний авсан Нигерийн жишээ байгаа оносонгүй. Тус улс зах зээлд зарагдах үнээс 20 дахин бага үнээр Францад борлуулж хамгийн үнэтэйдээ л 40 ам.доллароор борлуулж олон жил мөлжүүлсэн байдаг нь хэний буруу вэ? Нигерийн поп эрх баригчид буруутай, мэдлэг тооцоогүй эрх баригчид буруутай, ирээдүйгээ харж чадсанаа хэмлэж балбадаг иргэд нь буруутай. Одоо бол Франц аль хэдийн Нигерийг орхиод Казахстаныг сонирхоод эхэлсэн. Их гүрний бодлоготой эн тэнцэж бодож чадаж байж ашиг хүртэнэ. Үгүй бол цөмлүүлнэ. Ер нь хөрөнгө оруулалтын гэрээ хамгийн чухал. Тэрнээс хортой хоргүйг нь дунд сургуулийн химийн хичээл үздэг хүүхэд ч хариулчихна.
Харин баялгаа ерөөл болгочихсон Казахстан бол сайн жишээ. Касым Жомарт Токаев ураны олборлолт, цаашлаад цөмийн станцтай болохоор улсаа зөв чиглүүлж байна.Тэнцвэртэй бодлого хэрэгжүүлж олон улстай сайн гэрээ байгууллаа.
За эрчим хүч үйлдвэрлэх үү цөмийн станцтай болох уу гэх солиорлыг нь орхиё.
2020 онд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас төлөөлөгч ирж Засгийн газарт танилцуулсан. Нийт долоон удаа олон улсын болон дотоодын үнэлгээ хийсэн гэх хариуг энд бас барьж байна.
Дараагийн гишүүн Г.Ганбаатар: "Дорноговь аймгийн "УРАН"-д хордоод, "УРАН"-ы мах иддэг гишүүн байна‼
Ер нь улс төрчид ад үзэгдэх зоригтой байвал зүгээр юм шиг. Хуулийг зарчмын хувьд дэмжиж байна гэнэ.
Ямар мундаг гуншинтай гишүүн бэ? Зарчмын хувьд гэж ямар үндэслэлээр дэмжсэн нь тодорхойгүй, битүүлэг юм яриж сууна. Урантай махандаа хордоогүй болохоор уу? Шар нунтагтай махыг биеэрээ туршиж үзээд тэр үү? Г.Ганбаатар гишүүний бие цацраг идэвхт бодис хэмждэг хэмжүүр юм уу? Дэмжсэн юм бол ураныг газар доор уусган баяжуулах аргаа яагаад ойлгохгүй, давуу болон сул талыг нь тайлбарлуулах гэж суугаа юм. Нөөцөө ч мэдэхгүй. Зарчмын хувьд ямар учраас дэмжсэнийг нь ойлгосонгүй. Хүн шиг асуулт асууж, гишүүд шиг эдийн засгийн үр өгөөжөөр мэтгэлцээсэй гэж хүссэн ч тийм хэмжээний асуулт, хариулт аль нь ч байсангүй. Урам хугарч бухимдав...
"Өөрөө өмдгүй байж өвдөг цоорхойгоо шоолов" гэгчээр Африкийн жишээ авч харьцуулдаг аа боль гишүүд ээ. Толин тусгал нь өөрсдөө шүү. Та нар анхан шатны мэдлэггүй орж ирээд хууль баталбал тэр жишээг давтах нь. Хүн шиг боловсроод сайн гэрээ хийж чадвал ямар ч баялгийг хишиг болгож чадна.










