



















-Иргэн өөрийн хувийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөө борлуулахад татвар авах нь зөв үү?
-Бодолтын алдаа буюу Үл хөдлөх борлуулсны орлогын татварыг хэрхэн зөв тооцох вэ?
-Capital Gains буюу үнэ өссөнөөс үүссэн ашигт ногдуулдаг “татвар” суутгадаг болъёо
-Хувь Хүний Орлогын Албан Татварын Хуулийн 17.1.1, 21.2.1 заалтад өөрчлөлт оруулах ёстой юу!
Өчигдөрхөн буюу 2025 оны есдүгээр сарын 22-ны өдөр Өргөдлийн байнгын хороо хуралдаж, нийтийн өргөдөл, гомдлын системээр иргэн О.Батхүү, Б.Номин нарын гаргасан хуулийн төсөл санаачлах хуулийг хэлэлцлээ. Хуульч иргэн О.Батхүүгийн гаргаад байгаа үл хөдлөх хөрөнгө борлуулснаас авдаг 2 хувийг үгүй болгох санаачлагыг Өргөдлийн байнгын хороо дэмжсэн үйлдэл гаргалаа. УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Л.Мөнхбаясгалан мэтийн гишүүд ийм бодлогогүйгээр асуудалд хайнга хандаж байгаа нь ихээхэн харамсалтай.
"Татвар үгүй бол төр үгүй" аливаа татварыг устгаж үгүй болгох нь улс орныг мөхөөхийн шинж, харин татвараа зөв тооцооллоор хураадаг болох нь улс орны хөгжлийн үндэс билээ. Тэгвэл бид олон жил явсан үл хөдлөхөө борлуулсны 2 хувийн татварыг зөв тооцож авснаар улс нь татвараа хураадаг, иргэд нь ашгаасаа татвар төлдөг болж хүн бүр сэтгэл хангалуун үлдэх юм. Дэлхий дээр үл хөдлөх хөрөнгө борлуулснаас татвар авдаггүй орон (социалист системийн хэдхэн орныг эс тооцвол) нэгээхэн бээр үгүй гэдгийг лоббид автаад буй эрхэм УИХ гишүүд мэдэхэд илүүдэхгүй.

- Дэлгэр “Алтан барилга” ХХК-аас 60 мкв байрыг 1 мкв-ыг нь 1’500’000 төгрөгөөр буюу нийт 90 сая төгрөгөөр 2015 онд худалдан авсан.
- Дэлгэр байр худалдан авсан тул ямар нэг татвар төлөөгүй. Харин анх удаа байр авснаар татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй болсон.
-Тухайн байрыг Дэлгэр анх удаа авсан гэдгээрээ 3 сая хүртэл төгрөгийн татварын буцаалтыг ХХОАТ-т төлсөн хэмжээнээс хамаарч 2 жилийн хугацаанд хөнгөлөлт эдэлсэн.
-Дэлгэр 2025 онд байраа томруулахаар шийдэж 2015 онд авсан байраа худалдах шийдвэр гаргасан.
2025 онд Дэлгэрийн анх авсан байрны үнэ өсөж 1 мкв нь 4’000’000 төгрөгт хүрсэн байна. Түүний 2015 онд худалдан авсан 60 мкв байр тухайн үеийн зах зээлийн үнээр 240’000’000 төгрөгт хүрч үнэлгээ нь 266 хувиар өсчээ.
- Дэлгэр 2015 онд 90 сая төгрөгөөр авсан байраа 2025 онд 240 сая төгрөгөөр зарсан.
-240 сая төгрөгөөр зарсан байрнаасаа Хувь Хүний Орлогын Албан Татварын хуулийн 21.2.1.энэ хуулийн 17.1.1-д заасан орлогын дүн буюу 2 хувиар бодож татвар төлсөн дүн нь 4 сая 800 мянган төгрөг болсон.
Дээрхээс иргэн Дэлгэр зарсан байрныхаа борлуулалтын орлогоос 2 хувь буюу 4.8 сая төгрөгийн татвар төлөх ёстой, ёсгүй гэсэн маргаан өрнөөд байна.
УИХ -ын гишүүн Ц.Баатархүүгийн хэлж буйгаар орон сууцны нөхцлөө сайжруулахад татвар авдаггүй гэдэг нь ойлголтын зөрүү. Байр зарах, байр худалдан авах гэдэг хоёр өөр ойлголтыг нэгтгэж тайлбарлаад байна. Мөн хуульч Г.Батхүүгийн хэлээд байгаа үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварыг дэмжигчид данц ганц орон сууцад гэж ойлгож байгаа нь мөн л ойлголтын зөрүү. Үл хөдлөх гэдэгт хашаа байшин, орон сууц, хувиараа барьсан авсан оффис, барилга, зочид буудал гээд багтана. Үүнийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, гишүүн асан О.Баасанхүү нар үл хөдлөх хөрөнгө гэдгээр нь ойлгоод байна уу эсвэл дан ганц орон сууц гэдгээр нь асуудалд хандаад байна уу гэдгийг ахин тодруулах ёстой.
Хамгийн энгийн жишээ: Иргэн Оргил 2015 онд 1 тэрбум төгрөгөөр хотын А цэгт 1000 мкв оффисийн барилга худалдаж аваад 2025 онд 10 тэрбум төгрөгөөр зарах боллоо. Хэрвээ үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийн татвар үгүй бол тэрээр оффис зарсан 10 тэрбум төгрөгөөсөө 1 ч төгрөгийн татвар төлөхгүй юм.
Эндээс зөв гаргалгааг гаргах хэрэгтэй. Гаргалгааг энэ тэндээс хайх хэрэггүй. Олон улсын жишгийн дагуу Capital Gains буюу үл хөдлөх хөрөнгө борлуулсны ашгаас 2 хувийн татвараа тооцох аргыг нэвтрүүлэх хэрэгтэй.

Томъёо нь: Capital Gains (Ашиг)=Борлуулалтын үнэ-Худалдан авсан үнэ
Бидний жишээ авсан Дэлгэрийн хувьд 2015 онд 90 сая төгрөгөөр авсан байраа 2025 онд 240 сая төгрөгөөр тооцож өнөөдрийн хуулиар 4.8 сая төгрөг төлсөн.
Харин Capital Gains бодох аргачлалыг татвараа тооцдог болсноор:
Дэлгэрийн Capital Gains ашгаас төлөх татвар нь:
CG=240’000’000-90’000’000=150’000’000 төгрөг үүнээс 2 хувийн татвар төлнө гэвэл 3 сая төгрөг төлнө.
Хуулинд өөрчлөлт оруулахгүйгээр дэлхийн жишгээр буюу БНСУ, АНУ, БНХАУ, Япон зэрэг бүхий л улс орнууд CG буюу Capital Gains аргачлалаар тооцож үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвараа авдаг байна.
Хэрвээ хотын төвд А цэгт 2015 онд авсан жишээг тооцож үзвэл 9 тэрбум төгрөгөөс 180 сая төгрөгийн татвар авах юм.
Дэлхийн жишигт ашиглагддаг Capital Gains аргачлалыг нэвтрүүлбэл
-Татварыг илүү шударгаар тооцож авдаг болно.
-2 хувийн дүнд өөрчлөлт орохгүй.
-Иргэн байраа борлуулсны дараах орлогын татвар ашгийн татвар болж төлөлт нь буурна.
-Иргэн байраа борлуулахдаа бууруулсан дүн хэлж хууль зөрчих шаардлагагүй болно.
-Улсын хувьд үл хөдлөх хөрөнгийн татвараас ордог орлогын хэмжээ ТЭГ болохгүй бага зэрэг буурна. (Төсөвт 2023 онд 56.5 тэрбум төгрөг 2024 онд 75 тэрбум төгрөг үл хөдлөх хөрөнгийн татварын орлогоос бүрдүүлсэн байна. Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар)
-Дэлхийн жишигт нийцнэ.
-Хэн нэг үл хөдлөх хөрөнгийн лоббид автахгүй

УИХ-ын гишүүн иргэн Ц.Баатархүү
Иргэд орон байраа худалдан авахдаа бүгдээрээ банкны зээлээр авдаг. Орон байрныхаа нөхцлийг сайжруулж, байраа томруулахад зориулж борлуулахад нь улс дундаас нь 2 хувийн татвар авдаг нь буруу юмаа. Дэлхийн ихэнх улс оронд орон сууцныхаа нөхцлийг сайжруулах гэж буй бол улс дундаас нь ямар ч татвар авдаггүй. Энэ бол бизнес биш амьдралаа сайжруулж байгаа хэлбэр юм. Хуульч Г.Батхүү уг хуулийг хүчингүй болгох зорилгоор олон нийтийн санаачлагыг өрнүүлсэн. Иргэд олон түмэн олуулаа дэмжиж 100 мянга гаруй цуглажээ. Өнөөдрөөс эхэлж өргөдлийн байнгын хороо, төсвийн байнгын хороогоор хэлэлцэгдэх иргэд өөрийн байраа борлуулаад татвар авдаггүй байх, татварыг хүчингүй болгох энэ хуулийг би хувьдаа дэмжиж байна. Ер нь улс төрийн намууд сонгуульд татварыг бууруулна гэж амалж орсон. Өргөн орноороо хэлэлцэж дэмжин батална гэдэгт итгэж байна. Хуульч Г.Батхүү энэ асуудлыг хөндөж иргэн хүн өөрийн татвар төлсөн орлогоороо авсан байрнаасаа 2 хувийн татвар төлөхгүй гэсэн гомдлыг гаргаж 2025 оны 8 сарын 15-наас D-Parliament өргөдөл гаргаснаар 100 мянган иргэний дэмжлэг авч, 2025 оны Есдүгээр сарын 22-ны өдөр өргөдлийн байнгын хороогоор хэлэлцсэн.

Хуульч иргэн Г.Батхүү
Иргэд наймдугаар сарын 15-ны өдөр иргэд үл хөдлөх хөрөнгөө борлуулахад төлдөг татварын хүчингүй болгох талаар өргөдөл санаачилсан. Өргөдөл нь 20 хоногийн дотор 100 мянган хүний санал авч, парламент руу орлоо гээд санаа амарч болохгүй. Өмнө нь 4-н ч өргөдөл хууль болж батлагдаагүй. Хэн нэг даргын ширээн дор ороод мартагдсан байна. Ийм байгаа тул би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд шаардлага хүргүүлж байгаа. Шаардлагын агуулга нь өнгөрсөн сонгуулиар бүх нам эвсэл татвар бууруулна гэж амласан. Монгол Улсын 100 мянган иргэн өргөдөл санаачилж байгаа үүнийг яаралтай журмаар хэлэлцээчээ, дэмжээчээ хууль болгож гаргачээ гэж хүсэж байгаа юм.
УИХ гишүүн иргэн Б.Пүрэвдорж
Зовж зовж байр авчихаад түүнийгээ зарж байхад төр ямар гавъяа байгуулсан гэж 2 хувийн татвар авдаг юм.

УИХ гишүүн асан иргэн О.Баасанхүү
Хүн өөрийнхөө өмч болох байраа зараад мөнгө болгоход 2% ийн татвар. Татвар төлсөн мөнгөө буцаагаад үл хөдлөх болгоход бас 2% ийн татвар. Байгаа зүйлийнхээ хэлбэрийг өөрчилсний төлөө татвар төлмөөргүй байна.
Хувь хүний орлогын албан татварын хуулийн
10 дугаар зүйл Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого
-10.1.1. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
17 дугаар зүйл Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох
17.1.Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогыг дараах байдлаар тодорхойлно:
17.1.1. энэ хуулийн 10.1.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнгээр;
21 дүгээр зүйл Албан татварын хувь, хэмжээ
21.2.1.энэ хуулийн 17.1.1-д заасан орлогын дүн гэж тус тус заасан байдаг.










