



















Энэтхэгийн Шинэ Дели хотын агаарын чанарын индекс өчигдөр /2024.11.18/ өглөөний байдлаар 493 буюу "Онц аюултай+" түвшинд хүрсэн. Мөн Шинэ Дели хотын агаарт дэгдсэн "PM2.5” нарийн ширхэгт тоосонцорын хэмжээ зөвшөөрөгдөх түвшнээс 40 дахин их байна. Жил бүрийн энэ үед тус улсын агаарын бохирдол амь насанд аюултай хэмжээнд хүрдэг. Учир нь Энэтхэгийн тариаланчид талбайгаа цэвэрлэхээр сүрэл, хог шатааж гал тавьдагаас агаарын чанар улам мууддаг байна.
Харин Улаанбаатарын иргэд утаагаар амьсгалаад хэдийнэ эхэлчихэж. Амьсгалах бүрд хоолой хорсож байна. Бид үүнээс ч дор давчдуулсан утаагаар ирэх хавар хүртэл амьсгалж, уушгиа хордуулж, өвчлүүлнэ, хүндэрч хатгалгаа тусна, уушгины хорт хавдраар үхнэ. Гэсэн ч, монголчууд хүлцэнгүйхнээр чимээгүй үхсээр байна...
Сахил хүртэвч шал дордов. Сайжруулсан шахмал түлшийг тав дахь өвөлдөө түлээд ч, өөрчлөлт алга. Улаанбаатарт хурсан энэ их утаанд чухам ямар бодис агуулагдсан нь одоо ч учир битүүлэг. Сайжруулсан юм бол яагаад ийм аймшигтай утаа тэнгэрт хуралдаж, нийслэлчүүд өвөлдөө ханиад томуунаас салдаггүй, хүүхдүүд нь хатгалгаагаар өвчилж, уушгины хорт хавдрын нас баралт нэмэгдэнэ гэж.
Монгол Улсад жилд 400 гаруй хүн уушгины хатгалгаагаар нас барж байна.
Уушгины хорт хавдраар жилд 400 гаруй хүн оношлогдож , тэдгээрийн 92 хувь нь нас бардаг.
Агаарын бохирдол, утаа уушгины хорт хавдар үүсэхэд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл. Утаатай орчинд амьдрахад уушгины хорт хавдраар өвдөх эрсдлийн хугацаа 20 жил.
Түүхий нүүрсийг нийслэлд худалдан борлуулахыг хориглож, хэрэглээнээс халсан 2019 оны өвлөөс хойш сайжруулсан түлшний чанар жил ирэх бүр муудсан тухай нийслэлчүүд ярьдаг. Гэтэл Ухаа худагийн угааж баяжуулсан илчлэг өндөртэй нүүрсийг органик бүтээгдэхүүнээр барьцуулдан үйлдвэрлэдэг гэх. Болоочгүй барьцалдуулагч нь ургамлын гаралтай цардуул юм байх. Тэдний энэ тайлбараар бол эко шахуу нүүрс түлсэн хэрнээ угаартаж нас бараад буй. Сонин л логик.
Урд шөнө Улаанбаатарт -15 хэм хүйтэн хоноход утаа мэдэгдэхүйц нэмэгдэж хоолой хорсгож, гадаа 10 гаруйхан минут алхахад хувцсанд утаа битүү шингэжээ. Харин сар хүрэхгүй хугацааны дараа хүйтний эрч улам чангарна.
Гэхдээ хэдий болтол иргэдээ буруутгаж, сайжруулсан шахмал түлж, зуух утаа буруулна гэж иргэдээ хуурах вэ? Утаа ялгаруулж буй бүхнийг халахгүй л бол сайжруулсан түлш нэртэй үлгэр яриад агаарын бохирдлоосоо салахгүй. Хэдэн дарга нар баяжихаас хэтрэхгүй, Монгол хүний эрүүл мэнд улам бүр дордоно.
Утааны уршгаар эс өөрчлөгдөн хавдар болон хувирч байна
Монгол Улсын Үндсэн хууль 16- зүйл: Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхтэй бөгөөд үүнийгээ баталгаатай эдэлнэ
Европ, АНУ-ын элэгний эсийн хавдартай хүмүүст мутаци байгаагүй бол Монгол хүнд агаарын бохирдолтой холбоотой мутаци байгааг Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлж байсан. Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчид агуулагдаж буй учир битүүлэг, чандад нууцалдаг бодисын улмаас ийм байдал үүссэн нь тодорхойг анагаахын шинжлэх ухааны дээрх баримт нотолжээ. Хүхрийн исэлтэй холбоотой мутаци нь утаатай холбоотой буюу нүүрс шатааснаас болж үүссэн гэх дүгнэлт хоёр жилийн өмнө гарч байв. Монголчуудад элэгний эсийн хавдар үүсгэж буй бусдаас ялгагдах мутаци нь утаанаас үүдэлтэй. Энэ бол таамаг биш анагаахын шинжлэх ухаан нотолчихсон. Нийслэлчүүд олон жил эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч эцэстээ хорт хавдраар өвчилж, нас барж байна. Дарга нар ''үлгэр''-ээ ярьсан хэвээрээ л байвал Монголчуудыг ийм л хувь заяа хүлээнэ.










