



















The Atlantic” Сэтгүүлийн эрхлэгч Жеффри Голдбергийн нийтлэл АНУ-ын Үндэсний Тагнуулын Алба, Холбооны Мөрдөх Товчоо, Батлан Хамгаалах Яам зэрэг хүчний байгууллагуудыг Сенатын сонсголд тайлбар хийхээс өөр аргагүй байдалд оруулаад байна. Жеффри Голдбергийн нийтлэлд “Иран Улсын дэмжлэгтэй Йемений Хусит босогчид руу хийх дайралт, дайралтад ашиглах зэвсэг, техник, дайралтын дараалал” зэргийн талаар дурдсан юм. Өндөр нууцлалтай байх ёстой цэргийн төлөвлөгөөний чат ярианд сэтгүүлч оролцсон талаарх шуугианыг Трампын засаг захиргаа намжаахыг оролдож байгаа ч Ардчилсан намын гишүүд нууцлалтай төлөвлөгөөг алдсан байгууллагуудын дээд албан тушаалтнуудыг огцрохыг шаардсаар байна.
Яагаад өндөр нууцлалтай “ЧАТ” ярианд сэтгүүлч байсан талаар ч асуудал сөхөгдөөд буй. Үндэсний Тагнуулын Албаны захирал Тулси Габбард, Тагнуулын Ерөнхий Газрын захирал Жон Ратклифф нар өчигдөр Сенатын Тагнуулын Хорооны өмнө гэрчлэхдээ “Signal” нэртэй “АПП” дээр болсон чатад ямар нэг нууц мэдээлэл хуваалцаагүй хэмээн мэдэгдсэн.
Гэвч уг мэдээлэлд Ардчилсан намаас сонгогдсон сенаторууд эргэлзэж байгаагаа илэрхийлсээр байна. Тэд уг чат ярианд Батлан Хамгаалахын сайд Пит Хегсет “Йемений Хусит босогчид руу хийх дайралтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулсан” гэж үзэж байгаа юм.
Сенатын сонсгол дээр хурц маргаан өрнөсөөр байна
Сенатын тагнуулын хорооны гишүүд уг асуудлыг нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзсэн бөгөөд Үндэсний Тагнуулын Албаны дарга Габбард, Тагнуулын Ерөнхий Газрын захирал Ратклифф нар ч үүнийг зөвшөөрсөн. Сенат дахь Бүгд Найрамдах намын олонхын бүлгийн дарга Жон Тьюн “Батлан хамгаалах хороогоор уг асуудлыг оруулах нь зүйтэй” гэж үзэж байгаагаа мэдэгдээд байгаа. Мэйн мужаас бие даан нэр дэвшиж сонгогдсон сенатор Ангус Кинг “ Бай, цаг хугацаа, зэвсгийн талаар агуулсан мэдээлэл нууцлалын зэрэглэлтэй байх ёстой” гэж бодож байгаагаа мөн илэрхийлсэн байна.
Сенаторуудын олон асуултад хариулахдаа Габбард энэ асуудлыг Батлан Хамгаалах Яам түүн дундаа сайд Пег Хегсетээс тодруулахыг хүссэн байна. Лхагва гарагт буюу өнөөдөр Төлөөлөгчдийн тэнхимд хийгдэх “Дэлхийн Аюул Занал” сэдэвт сонсголоор уг асуудлыг хэлэлцэхээр болжээ. Аюулгүй байдлаар мэргэшсэн олон мэргэжилтнүүд уг мэдээлэлд цочирдсоноо мэдэгдсээр байна. Хоёр намын сенаторууд олон зүйл дээр санал ихээхэн зөрөлддөг ч уг асуудал дээр бараг л нэгдсэн байр суурьтай байгаа юм. Бүгд Найрамдах намынхан хүртэл “Аюулгүй байдлын маш том алдаа” хэмээн мэдэгдээд байна.
Ерөнхийлөгч Доналд Трамп Батлан Хамгаалахын сайдаа өмөөрөв
Ардчилсан намаас сонгогдсон сенатор Рон Вайден “Аюулгүй байдлын зөвлөх, Батлан хамгаалахын сайд нараас эхлээд буруутай бүх хүн огцрох ёстой” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Гэвч Доналд Трамп “Цагаан Ордон”-д болсон арга хэмжээний үеэр уг асуудлын талаар байр сууриа илэрхийлэхдээ “Үндэсний Аюулгүй Байдлын Албаныхандаа итгэж байгаагаа онцлоод, Аюулгүй Байдлын зөвлөх Майкл Уолц чатыг андуурч илгээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул уучлал гуйх шаардлагагүй” гэж өмөөрөөд буй.
Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөх Майкл Уолц Фокс Ньюсийн "The Ingraham Angle" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагандаа “Би хариуцлага хүлээхэд бэлэн, гэхдээ нууц мэдээлэл илгээгүй” гэсэн юм.
Аюулгүй Байдлын Эрсдэл
Сенатын сонсголын үеэр Ардчилсан намын сенатор Жон Оссофф, Тагнуулын төв газрын захирал Ратклиффт “Огт санахгүй байна” гэсэн хариултыг удаа дараа хэлсэнд нь бухимдаж байгаа илэрхийлжээ. Тэрээр “Ратклифф та энэ асуудалд бэлтгэлтэй орж ирэх ёстой. Та бол АНУ-ын Засгийн Газрын өндөр албан тушаалтан. Энэ мэдээлэл олон нийтэд тархаж, аюулгүй байдалд заналхийлж байхад огт санахгүй байна” гээд сууж байгаа нь үнэхээр хариуцлагагүй байна гэж буруутгасан байна.
Бүгд Найрамдах намын сенаторууд ч энэ асуудалд ихээхэн анхааралтай хандаж байна. Сенатор Тодд Янг “Хуралдааныг хаалттай хийвэл илүү нарийвчлан асуух болно” гэсэн бол АНУ-ын өндөр албан тушаалтан байсан нэгэн “Цэргийн ажиллагааны төлөвлөгөөний нарийн мэдээлэл чанд нууц байх ёстой. Пентагоны эрх мэдэл бүхий цөөн хүн л мэддэг. Ийм мэдээлэл тусгай сүлжээ бүхий хэрэгсэл дээр хадгалагддаг” гэсэн байна.
“Цагаан Ордон” асуудлыг намжаахыг оролдсоор байна
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Брайан Хьюз уг чат үнэн болохыг баталсан. Тиймээс төрийн нууцыг устгаж болдог, устгах функц бүхий арилжааны АПП ашигласан нь хуулийн зөрчил хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт сэтгүүлч Голдберг мэдээллийг дэвэргэж байна гэж буруутгасан бол олон нийтийн харилцааны албаны дарга Стивен Чеун уг асуудлыг "Хуурамч дуулиан" хэмээн тайлбарлажээ. Харин Батлан Хамгаалахын сайд Хегсет "Дайнтай холбоотой ямар ч мэдээлэл чатад бичигдээгүй" гэж мэдэгдээд байгаа.
Дайралтын төлөвлөгөөг аюулгүй байдлын тусгай суваг ашиглан хэлэлцэлгүй арилжааны “Signal” АПП дээр явуулсан нь тодорхойгүй хэвээр байна. Кибер аюулгүй байдлын “iVerify” компаний мэргэжилтэн Роки Коул "Signal АПП өөрөө маш найдвартай. Гэхдээ үндэсний аюулгүй байдлын өндөр нууцлалтай мэдээллийг тэнд ярих нь том эрсдэл. Учир нь сөргөлдөгч улсууд гар утсыг нь хакердаж чадвал “Signal” дээрх бүх чатыг унших боломжтой" гэж анхааруулсан байна.
Бүгд Найрамдах намынхны зүгээс ирэх дарамт нэмэгдэж байна
Төлөөлөгчдийн тэнхимын гишүүн, Бүгд найрамдах намын Дон Бэйкон, тус чатын мэдээлэл нь үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй гэж мэдэгдээд, Батлан хамгаалахын сайд Хегсет хариуцлага хүлээх ёстой гэдгийг онцолсон байна. Мөн тэрээр Хегсет чатыг нууц мэдээлэл агуулсан гэдгийг үгүйсгэж буйг буруушааагаад "Тэд үнэнээ хэлж буруугаа хүлээгээд, уучлал гуйх ёстой" гэж мэдэгдсэн юм.










