



















Гол санаа: Өнөөдөр нийгэмд маргаан дагуулж талцуулж байгаа 1924 оны 11-р сарын 26-ны өдөр БНМАУ-ын анхдугаар үндсэн хууль батлагдсан өдөр бөгөөд "тусгаар тогтнолтой" огтоос хамаарал үгүй билээ. Гэвч Монголын зузаан түүхийн зурвас үе БНМАУ-ын бахархалт өдөрт 1 1-р сарын 26 болбоос “агуулга нь өөр баяр” юм.
Монгол төр оршин тогтносон “хоёр мянганы түүхийн” өчүүхэн хэлтэрхий болж үсэрсэн “БНМАУ”-ын засаг төр “түүхэн үнэнг баллуурдан” арилгасны уршгаар өнөөгийн бид төөрч хэрэлдэн буй.
Түүхэн цаг тооллын өчүүхэн хэсэг БНМАУ, өөрийн засаглалыг тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсан он жилээс оны тооллыг эхлүүлж гуйвуулсан нь үнэн билээ.
Өдгөө БНМАУ-ын он тооллоор төрийн бүх байгууллагын үүсэл тодорхойлогдож, 100 жилүүдээ бахархан тэмдэглэж байгаа нь Монгол улс Ардчилалд шилжиж, шинэ үндсэн хуулиа баталсан ч оюун санаагаараа “социализмаас”, “БНМАУ”-аас ангижраагүй байгаагийн илрэл юм.
Монголын түүхэн цаг тоолол 20-р зууны эхэн үеэс тоологдож гэмээнэ Богд Чингисийн үлдээсэн их Монголын эзэнт гүрний түүх, Их Засаг хууль хэнийх юм?...
Монголын уудам нутагт оршин тогтносон төрт улсуудын бахархалт түүх бүдгэрч, зөвхөн МАХН-ын үүслээр “тусгаар тогтнол” тооцогдон буй нь үнэн гуйвсны ул мөр ажээ. Өвгөдийн өнө эртний түүхийг арчиж, өөрийгөө ихэд тоосон МАХН-ын өнөөгийн залгамж халаа МАН-ынхан ч 11-р сарын 26-ны энэ өдөр “Тусгаарл тогтнолын баярын мэнд дэвшүүлье” хэмээн мэнд хүргэж, төөрөлдсөөр...
Угтаа 1992 онд Монгол улс Ардчилсан шинэ үндсэн хуулиа батлахдаа агуулгын алдааг энэ үед авч ирэхгүйгээр залруулах ёстой байлаа. Социализмын шокноосоо салаагүй болоод тэр чигт нь орхисон биз...
11-р сарын 26-ны өдөр агуу Д.Пүрэвдоржийн яруу сайхан шүлэг “Тусгаар Тогтнол” өнөөдөр ч уншигдаж байна. Энэ шүлэг урлагийн хувьд бахадмаар боловч үнэндээ Монголын түүхээс үсэрсэн өчүүхэн оч, социалист БНМАУ мэндэлсэн өдрийн билэг тэмдэг болж үлджээ. Харин бүх Монголчуудад энэ өдөр л “Тусгаар тогтнолоо тунхагласан” гэх үзэл бат сууж, ингэж нэрийдсээр дассан байна.
Өнөөдөр нийгэмд маргаан дагуулж талцуулж байгаа 1924 оны 11-р сарын 26-ны өдөр БНМАУ-ын анхдугаар үндсэн хууль батлагдсан өдөр бөгөөд тусгаар тогтнолтой огтоос хамаарал үгүй билээ.
Харин Тусгаар тогтнолын өдөр гэх улс орон бүрд байх үндэсний бахархалт өдөр нь манай 1911 оны 12-р сарын 29 болно. Ялгаа заагийг мэдэхгүй нэгэнд дор өгүүлье
ОЛНОО ӨРГӨГДСӨН МОНГОЛ УЛС
1911 оны 12-р сарын 29-ний билэгт сайн өдөр болбоос Монгол улс түүхийн тавцанд тусгаар тогтнолоо “сэргээн” тунхаглаж, Оройн дээд Очир Дара, Наран Гэрэлт Түмэн Наст Богд Жавзандамба хутагтын хаан ширээнд залсан түүхт өдөр.
Тусгаар тогтнолоо “сэргээн” мандуулж хэмээн тодотгосны учир нь Монголын анхны төрт улс Хүннү гүрэн буй болоод даруй 2233 жил, Ази Европ тивийг тэгнэн орших Их Монголын эзэнт гүрэн байгуулагдаад 818 оныг үдсэний учир билээ. Эртний түүхт Монгол улс, 12-р сарын 29-ны эл өдөр Их эзэн Чингис Хааны шууд угсаа, алтан ургийн их хүмүүн Өндөр Гэгээн Занабазарын наймдугаар дүр, Жавзандамба хутагтын мэлмий дор оюун санааны их нэгдлээ ч бататгасан түүхэн өдөр болой.
Зуун лангийн жороо луусыг
Жуузан дундаа хөлөглөв өө хө
Зуугаас залсан Богд ламыгаа
Зонховын ширээнд залав аа....(Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын төрийн дууллаас)
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС
Тэртээ 1924 оны 11-р сарын 26-ны өдөр болбоос Ардын засаг Анхдугаар үндсэн хуулиа батлан “Бүгд Найрамдах Монгол Ард Улс”-ыг тунхагласан өдөр болой. Хаант засаг халагдаж, Ардын хэмээх нэг намын тогтолцоот Бүгд найрамдах Монгол Ард улс мэндэлсэн нь тэр. Энэ цагаас хойш МАХН-ын түүх бүх цаг үеийн Монголын түүх мэтээр “үзэл сурталжиж” үлдсэн нь харамсалтай.
Түүх бол түүх. Алдаа оноотой ч Монгол улсын оршин тогтносон он тоолол зуунаар биш мянганаар хэмжигдэнэ. МАХН-ын удирдсан БНМАУ ч Монгол төрийн түүх, нэг хэсэг мөнөөсөө мөн. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй ч МАХН өөрөө Монголын түүхийг үгүйсгэж явсан нь үнэн.
Одоо үргэлжлэл болсон МАН өмнөх үеийн алдаагаа түм нугалан давтаж нүглийг нь давхарлан зузаалсаар авай...
МОНГОЛ УЛС
Ардчилсан хувьсгал ялснаар Бүгд найрамдах Монгол Ард Улс нь өнөөгийн Монгол Улсад халаагаа өгчээ.
Өнөө гуч гаруй жил улирч холион бантан болсон түүхт өдрүүд дундаа хөл толгойгүй, эх захгүй, эрхэмлэн дээдлэх үнэт зүйлгүй, оюун санааны эв нэгдэлгүй ард иргэд шинэ үеийн түүхийг бүтээлцэн амьдран сууна.










