



















“Apple” болон “Google” компаниуд “TikTok”-ийг АНУ-ын гар утасны аппликэйшний дэлгүүрүүдэд буцаан оруулснаар технологийн аварга компаниуд болон видео платформын хооронд бараг сарын турш үргэлжилсэн зөрчилдөөн төгсгөл боллоо. “TikTok”-ийг сэргээн тавьснаар “Apple”, “Google” компаниуд хэрэглэгчдэд уг апп-ыг татаж суулгах боломжийг нээж, мөн “TikTok”-д программын шинэчлэл, аюулгүй байдлын засварыг бий болгох боломжийг олгож байна. Эдгээр компаниуд 1-р сарын 19-ний өдөр, Конгрессоор батлагдаж, Дээд шүүхээр дэмжигдсэн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “TikTok”-ийг АПП дэлгүүрээсээ хассан юм.
Хууль ёсоор, “TikTok” нь “ByteDance” гэх Бээжинд төвтэй технологийн компанийн хяналтад байгаагийн улмаас АНУ-д дэмжигдэх ёсгүй гэж Конгресс үзсэн. Гэвч өнгөрсөн Пүрэв гарагт Ерөнхий прокурор (Манайхаар Хууль зүйн сайд) Пам Бонди (Түүний тухай ЭНД дарж уншина уу!) “Apple” болон “Google”-д хандан, Трампын засаг захиргаа эдгээр компаниудыг “TikTok”-ийг дэмжсэн хэргээр яллахгүй гэж мэдэгджээ. Энэхүү баталгаа нь “Apple”, “Google” компаниудад “TikTok”-ийг дахин оруулахад хангалттай үндэслэл болсон гэж асуудалд ойр эх сурвалжууд мэдээлсэн байна.
Гэсэн хэдий ч хуульчдын үзэж байгаагаар, Трампын засаг захиргаанаас яллахгүй гэж амласан ч гэсэн хууль зөрчигдөх эрсдэл хэвээр үлдэж байгаа ажээ.
"Дэлхийн хамгийн том корпорациуд АНУ-ын Хууль зүйн яамны үгэнд итгэж, энэ хуулийг өөрсдийн эсрэг ашиглахгүй гэж найдаж байна" гэж Жоржтаун их сургуулийн эрх зүйн профессор Анупам Чандер хэлсэн байна. "Энэ нь Трампын засаг захиргаатай сайн харилцаатай байх, түүнчлэн “TikTok”-гүйгээс болж эдийн засгийн хохирол амсахаас зайлсхийхэд нь тусалж магадгүй" гэж нэмж тодотгосон.
“Apple”, “Google”, “TikTok” компаниуд энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Вашингтоны хууль тогтоогчид “ByteDance” нь БНХАУ-ын засгийн газарт захирагддаг тул АНУ-ын хэрэглэгчдийн өгөгдөл болон улс төрийн үзэл бодолд аюул учруулж болзошгүй гэж болгоомжилж байгаа юм. “Apple”, “Google” компаниудын “TikTok”-ийг сэргээх шийдвэр нь тодорхой эрсдэл дагуулна. Уг хуулийн дагуу “TikTok”-той хамтран ажиллаж буй компаниуд нэг хэрэглэгч тутамд 5,000 ам.долларын торгууль төлөх ёстой. Энэ нь олон тэрбум ам.долларт хүрэх боломжтой юм.
Ерөнхийлөгч Доналд Трамп ажлын анхны өдөр гаргасан зарлигаараа “TikTok”-той хамтран ажилладаг компаниудад хуулийн хамгаалалт олгохоо амласан. Үндсэндээ энэ нь Хууль зүйн яамыг “TikTok”-ийг дэмжсэн компаниудыг хариуцлага хүлээлгэхгүй байхыг үүрэг болгож байгаа хэрэг аж.
Гэхдээ хуульчдын үзэж байгаагаар, ерөнхийлөгчийн зарлиг Конгрессын баталсан хуулийг хүчингүй болгож чадахгүй. “TikTok”-той ажиллах нь онолын хувьд өндөр торгууль ногдуулах үндэслэл хэвээр үлдэнэ. Энэ торгуулийн хуулийн хүчинтэй байх хугацаа таван жил тул Трампын бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш ч үргэлжилнэ гэж үзэж байгаа юм.
Гэвч уг хуулинд нэг гарц бий: Хэрэв “TikTok”-ийг “ByteDance”-ээс тусгаарлах тохиролцоонд хүрсэн гэдгийг Ерөнхийлөгч Конгресст нотолж чадвал, хоригийг цуцлах боломжтой. Доналд Трамп уг тохиролцооны талаар хэлэлцэж байгаа бөгөөд АНУ уг апп-д 50%-ийн эзэмшилтэй байхыг хүсэж байгаагаа мэдэгдсэн. “NPR” өнгөрсөн сард мэдээлэхдээ, “Oracle”, “Microsoft” болон бусад Америк хөрөнгө оруулагчид Цагаан ордны удирдлага дор “TikTok”-ийн АНУ дахь үйл ажиллагааг худалдан авах санал боловсруулж байгааг дурдсан юм. Энэ хэлэлцээрийн дагуу “ByteDance” цөөн хувийн эзэмшилээ хадгалах боломжтой гэж асуудалд ойр хоёр эх сурвалж мэдээлж байгаа. Өөр нэгэн сонирхогчоор “YouTube”-ын алдарт контент бүтээгч Mr. Beast, Лос Анжелес Доджерс багийн хуучин эзэмшигч Фрэнк МакКорт нар нэрлэгдэж байна.
Зарим технологийн компаниуд “TikTok”-ийг дахин ажиллуулахад хурдан хариу өгсөн. Апп хаагдсаны маргааш Трамп өөрийн нийгмийн сүлжээндээ мэдэгдэл нийтэлж, анхны ажлын өдөртөө гаргах зарлигаар “TikTok”-той хамтран ажиллаж буй компаниудыг хуулийн хариуцлагаас хамгаална гэж амласан юм. Үүний дараа “Oracle”, “Amazon Web Services”, “Akamai” зэрэг компаниуд “TikTok”-ийн серверийн үйл ажиллагааг нэн даруй сэргээсэн байна.
Энэхүү үйл явдал нь билэгдлийн хувьд томоохон ач холбогдолтой бөгөөд Трамп “TikTok”-ийг холбооны хоригоос аварна гэсэн санаачилга нь эдгээр компаниудад хангалттай итгэл төрүүлсэн гэдгийг харуулж байгаа юм.










