БУРХАНЫ НЭР БАРЬСАН П.ЦАГААН БА ОЛИГАРХУУДЫН ДЭЭРЭМ
- 2025-01-03 17:00
Удтал чимээгүй байсан Пунцагийн Цагаан төрд өөрийнхөө эрх ашгийн төлөө ажиллаж байхдаа зурсан ‘’луйврын схем’’-ээ өмөөрч ам нээв. Ер нь хэцүү нэртийн хаалга татах үе ойртсоноо мэдэрмэгцээ хилийн чанадад тэр тусмаа Сингапурт орогнодог жишиг тогтож. Тэрээр Сингапураас өөрийгөө өмөөрөх зөвтгөлүүдээ хийжээ.
П.Цагаан Сингапурт баривчлагдсан нь үнэн. Одоогоор тэрээр гэрийн хорионд байгаа бөгөөд Сингапурын шүүх түүнийг Монголын талд шилжүүлэх үү? үгүй юу? гэдгийг шийднэ. Хэрвээ П.Цагааныг Монголд авчирвал эрхбаригч намын шүүлтэнд орох нь цаг хугацааны асуудал .
Ардчилсан нийгмийн үнэт зүйл бол хувийн өмчийг дээдлэх. Харин үүнийг манай олигархиуд гаргууд сайн ашиглаж, өөрсдийгөө өмөөрөхдөө урдаа барьдаг лоозонгоо болгочихсон. Төрийн эрх барих хугацаандаа мэдээлэлд ойр, албан тушаалын байдлаа ашиглаж, Монгол төрөөс зувчуулсан баялагийг хувийн өмч мэтээр хаацайлахдаа ажлын байр бий болгосон, хэдэн зуун тэрбумын татвар төлсөн, сургууль цэцэрлэг барьсан гэх мэтээр хулгайгаа цагаатгах гэж тэмцэлддэг. Үүргээ биелүүлсэн төдийгөө сайн дурын үйлс мэтээр гоншигонох нь утгагүй. "Төр ошихуй дор татвар буй, татвар буй дор төр оршмой" Монгол Улсын Үндсэн хуулийн 17-р зүйлд -"Албан татвар төлөх нь иргэний үндсэн үүрэг гэж хуульчилсан.
ОВОО БОСГООГҮЙ БОЛ ШААЗГАЙ ХААНААС СУУХ ВЭ?
Хэрэг явдал заавал эх шалтгаантай байдаг гэсэн санаа.
Эрх баригч нам өнгөрөгч оны хавраас Ачит Ихт компанийн асуудлыг дуулиан болгосон нь ч учиртай. Тэдэнд өгөөш болох сул талаа атгуулсан учраас Пунцагийн Цагаанаар оролдож буй хэрэг. Түүнээс биш үеэ өнгөрөөсөн түүгээр оролдоод байх шалтгаан Ц.Элбэгдорж тэдгээрийн гар хөлийг тасдах л биш бол улаан цагаан хувийн өмчид нь халдаж, дээрэмдэх гэж оролдох нь юу л бол. 1990 оноос улстөрд орсон П.Цагаан 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллаж эхэлсэн цаг үеэс 2003 онд байгуулсан Ачит Ихт ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийг яг энэ цаг үед өөрчилж, 2013 онд "Эрдэнэт" үйлдвэртэй анх гэрээ байгуулж овоолго ашиглах нөхцөл нь үүссэн байдаг. Улмаар 2014 онд байгуулсан гэрээгээр 34 хувийг нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ эзэмшихээр тохирсоныг 2015 онд "Эрдэнэт үйлдвэр"-т ашиггүй учраас эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан. Гарсан ч гэж дээ гаргуулсан гэж харагддаг. Хууль ёсны мэт харагдуулахуйц хийгдсэн гэрээг луйвар гэж эрхбаригч нам үзсэн. Тиймдээ ч Ачит Ихт” компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ эзэмших анхны гэрээг хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Ингэхдээ шийдвэр гаргасан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, борлуулалтын тодорхой хувийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ- өгөх, өнгөрсөн найман жилийн хугацаанд аваагүй ногдол ашгаа буцааж нэхэмжлэх, үндсэн овоолгын ордыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 100 хувь эзэмших нь зөв гэж үзсэн.
Шударга ёс бол нийгэм-философийн сэтгэлгээ, ёс суртахуун, эрх зүй, улс төрийн ухамсрын хамгийн чухал ангилал . Эртний Дорнын болон Эртний Грекийн гүн ухаанд шударга ёсыг байгалийн оршихуйн дотоод зарчим, нийгмийн түүхэн явцад бүрэлдэн тусгагдсан ертөнцийн дэг журам гэж үздэг байв. Мөн "үнэн" гэсэн ойлголттой салшгүй уялдаа, холбоотой.
Анх Английн компани Эрдэнэтийн хоёрдугаар овоолгыг ашиглах гэрээ байгуулсан ч ашиггүй гээд уг төслөөс татгалзсан байдаг. Английн энэ компанид П.Цагаан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байхдаа балансын бус овоолго ордыг ашиглах санаагаа хэрэгжүүлсэн гэдэг. Гэхдээ технологийн хөгжил нь манайхаас хэдэн арван жилийн урд алхдаг улсын компани балансын бус овоолгыг ашиггүй гэж гарсан нь ч сонин. Тэгээд бүр ашиггүй гэх төслийг П.Цагаан 24 сая ам.долларын зээл авч хэрэгжүүлээд одоо улсад 500 тэрбум төгрөгийн татвар төлсөн, мөсөн өргөө барьсныгаа баатар мэтээр ойлгуулж яваа. Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй. Эрхбаригчид Луйврын схем зурсан гэж үзэж, үнэнд гүйцэгдэж байгаа нь энэ гэж дүгнэж буй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн улстөрийн хамтрагч П.Цагааны гарт овоолоод хаясан хог мэт үзэгдэх баялаг очсон нь ч хачирхалтай. Улсын баялагийг хувийн болгосон арга зам нь луйврын шинжтэй учраас л одоо булаацалдаж буй нь энэ биз ээ.
Найрын ширээний ард Монголын баялагийг хэдхэн олигархи бус Монголын ирээдүй, иргэдийн эрх ашигт нийцүүлэн хуваарилах ёстой.
Хувийн эрх ашигаа гүйцэлдүүлэх гэж, эзнийхээ үнэнч нохой болох гэж төрд шургалдагийг Монгол төрийн өнгөрсөн дэх бүх түүх гэрчилнэ. Өнөө цагт Монгол төр зүтгэсэн хүндээ халтай биш. Халтай хүмүүс л төрд шургалдаг болжээ хэмээн ахмад депутатууд дүгнэж буй.