Эрчим хүчний реформчид тогны үнэ нэмчхээд таг чиг. Зарим нь замаасаа ухрав. Лааны гэрлээр эхэлсэн эрчим хүчний реформ хамтлаг дуучдыг амьдаар нь дуулуулж, хамт олныг утасны гэрэлд бүжиглүүлж, хүүхдүүдийг харанхуйд хичээллүүлж, томчуудад тогны хязгаарлалтын мэдээ уншуулж, гишүүдийг бүрэнхийд бүтээн байгуулалт яриулав. Оны төгсгөл ийм паянтай. Одоо оны эхлэлд жинхэнэ өвдөлтөө мэдэрнэ дээ Монголчууд минь.
С.Цэнгүүн гишүүнээр ахлуулсан Эрчим хүчний реформ хийх Үндэсний хорооны лобби бүлэг эхлэлээ буруу өрсөн нь энэ. Үнэ чөлөөлөх гэдгийг арай ч үнэ нэмэх гэж ойлгоогүй байлтай. Реформ ярихад нь 24 жил зориглоогүй шинэчлэл 126-ын үед хийгддэг байж гэж хөөрөөд хоёр гараа өргөөд дэмжсэн дэг. Уг нь Үндэсний хорооныхон маань түгээлтээ хувьчилчхаад үнээ чөлөөлөхөөс эхлэх байв.
Өнөөдрийг хүртэл Монгол Улсад эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийг төр дангаараа хариуцдаг тогтолцоог цогцоор нь өөрчилж, салбарын шинэчлэлтийг системтэй хийх ёстой нь үнэн. Гэтэл Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ зангидаж чаддаггүй нь нэг талд хараат байдлаас гарах мөрөөдлөө ярьж байхад, нөгөө талд Оросын зээлээр гуравдугаар цахилгаан станцыг нураагаад суурин дээр нь бариулах хосгүй тэнэг гэрээ ярьж байгаагаас харагдана. Хүнээр бол яг хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй энэ засаг.
Реформчдын ажил зогсоогүй явж байсан бол ийм гэрээг дуу нэгдэн зогсоохоор тэмцэх байв. Гуравдугаар станцыг нураагаад барих явцыг өнгөц харахад л эрчим хүчний хараат хэвээр байх алхам мөнөөс мөн. Ухаад яривал хойноос ирж буй дарамт шахалт, дээрэлхэлт, тулгалт, луйвар юу эс гарах вэ.
Реформ гэдэг нь зөвхөн үнийн өсөлт биш, харин эрчим хүчний салбарыг илүү тогтвортой, үр ашигтай, өрсөлдөөнтэй болгох л цогц шинэчлэл.
Өөрөөр хэлбэл, түгээлтээ хувьчлах буюу эрчим хүчний зах зээлд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, үнэ чөлөөлөх, дэд бүтцийг сайжруулах, цахилгаан станцуудад шаардлагатай орчин үеийн шинэ технологиудыг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийх, цахилгаан түгээх, дамжуулах системийг шинэчлэх, хууль эрхзүйн талаас нь эрчим хүчний тухай хууль дүрэм журамд цаг үедээ нийцүүлэн өөрчлөлт оруулах, өөр эрчим хүчний эх үүсвэрт шилжих явдал. Реформын үйл явц иймэрхүү явна. Яваандаа үр ашиг нь сайжирна. Байгалийн эх үүсвэрээ төрөлжүүлснээр хүлэмжийн хийн ялгарлаа ч бууруулах зорилтоо ахиулах боломжтой.
Гэтэл реформ нэрээр эрчим хүчний үнийг нь нэмж, давхар хязгаарлалтад оруулж хясаж байгааг ямар реформ гэдгийг хэлж аль... Реформчдоо. Хэвлэлд найман тэрбумыг тарааж бамбай хийлгээд үлдсэнээр нь найрлах санааг хэлдэг байж болох уу?
Үнийн өсөлт, хязгаарлалтаас чинь гарах эрсдэлийг иргэд үүрээд дахиад хэдэн жил лаа барих юм. Баярын уур амьсгал дарагдаж, бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл ч хатуу мэдрэгдээд ирнэ.
ААН-үүд цахилгааны зардлаа бүтээгдэхүүндээ шингээнэ. Шингээгээд, эрчим хүчээ хэмнээд ч, татварын дарамтын хажуугаар гарах зардлаа дийлэхгүй дампуурцгаана. Иргэдийн худалдан авах чадвар муудна. Эхнээсээ ч цахилгааны төлбөр хэд гарч байгаагаа цахим орчинд хуваалцаад эхэлж. Цахилгаанаар халдаг айл өрхүүд бүүр элгээрээ хэвтэцгээ, эсвэл нүүрсээ түлцгээ. Нийтээрээ ядуу байхад ямар өвдөлт нэмж мэдрүүлэх гээд байна энэ эрхбаригчид.
Анхдагч хэрэглээг минь үйлдвэрлэж эхэлсэн ААН-үүд дампуурч эхэлбэл, гаалийн татвар чөлөөлж, гаднын улсуудтай чөлөөт худалдаагаа тааваараа хийх боломж чинь бүрдэх үү? Иргэд нь ажилгүй болбол гэрт нь халамж тараагаад гаднын ажилчид квотгүй оруулж ирэх үү? Ер нь яг яах санаатай байна...
Төө явснаа сөөм ухрах юм. Олигтойхон шиг урагшлаад өгөөч... Реформчдоо