“ОРАНО”-ЫН ГЭРЭЭ “ОЮУТОЛГОЙН” ДАРААГИЙН ИХ ТЭСРЭЛТ БОЛОХ УУ?
- 2024-12-25 15:00
Хамтарсан Засгийн газар том төслүүд хөдөлгөх зорилт тавьсан. Том төсөл хөдөлгөхийн тулд “гадаад” “дотоодын” хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого баримтлах нь зүй ёсных. Хөрөнгө оруулалтгүй төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй. Яг одоо дэлхийн уул уурхайн салбарт “шинэ” шилжилтүүд хийгдэж байна. Энэ шилжилтийг дагаж хөрөнгө оруулагчид хүрэн нүүрснээс уран руу, сэргээгдэх, цэвэр эрчим хүчний түүхий эдийн зэс, литийн хайгуул, олборлолт руу шуурч эхэлсэн.
Хайгуулын салбарт хиймэл оюун ухаан, цөмийн реакторууд хүний оролцоогүй технологид шилжинэ. Тиймээс Монгол улс байгалийн нөөцдөө тулгуурлан гадаадын хөрөнгө оруулалыг татаж чадвал уул уурхайн салбарт Оюутолгойгоос хойшхи дараагийн том тэсрэлт болно. Үр дүн нь мэдээж нийгэм, эдийн засгийн салбарт гарч буй тэлэлтээр шууд харагдах юм.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2024.12.25/ танилцууллаа. Энэ хүрээнд “Орона майнинг”-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Гэрээнд Монгол улсад ашигтай онцлох заалтуудыг тодотгоё:
Орона майнинг”-тай хийх гэрээнд Засгийн газар 50+1 зарчмаа баримталж, АМНАТ, давуу эрхийн ногдол ашиг, Ногдол ашгийн суутган татвар, Тогтвортой хөгжлийн арга хэмжээ, дэмжлэгүүд, Гаалийн татвар, тусгай зөвшөөрлийн татвар зэрэг 15 татварыг л үр өгөөжид тооцно.
Харин ус бохирдуулсны төлбөр, ажил олгогчийн нийгмийн даатгал зэргийг үр өгөөжид тооцохгүй..
-Францын талаас 500 сая ам.долларыг эхний ээлжид гаргана
-Францын талаас гаргасан 27 татвар тогтворжуулах саналаас 4-ийг нь тогтворжуулсан.
-Гурван жил тутамд байгаль орчны аудитыг хийлгэж, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг таван жил тутамд хийнэ.
-Хөрөнгө оруулагч тал аймаг, сумын Засаг дарга нартай гурван талт гэрээ байгуулна.
-Уурхай олборлолтын үед нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол иргэн байна. -Монгол ажилчдын таваас дээш хувь нь тухайн сумын иргэн байна.
-Туслан гүйцэтгэгчийн 60 хувиас доошгүй нь Монгол компани байна.
-Цөмийн энергийн хуулиар 20 жилээр гэрээ байгуулна.
Үүнээс хамгийн чухал нь:
Орано майнингтай хийсэн гэрээнд маргаан үүсвэл арбитрд хандахгүй, дотоодын шүүхээр шийдвэрлэнэ гэжээ. Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн татварын маргаанаар арбитрд хандсанаар Рио Тинтогоос ашигтай санал сонссон ч гадаадын хөрөнгө оруулалт дээр гал дуудсан. Өдгөө сунжирсаар буй татварын маргааныг хөрөнгө оруулагчдыг үргээх шалтгаан болсоор байна.
Угтаа Монголын байгалийн баялаг, газрын хэвлийн нөөц гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг хөнддөг ч хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, улстөрчдийн гэнэтийн шийдвэр, популист амлалт, хувийн хэвшлийн орон зайд хэт халддаг нь барьер үүсгэсээр ирсэн.
Тиймээс Оранатой хийх шинэ гэрээний далимд, Оюу толгойн асуудал цаашлаад Эрдэнэт, Монголросцветметийн 49 хувийн маргааныг хөрөнгө оруулагчдыг хохироохгүй шийдэж чадвал дараа дараагийн хөрөнгө оруулалтын зам нээгдэнэ. Гадаадын хөрөнгө оруулагчид улстөрийн шийдвэрт хамгийн их ажиглалт явуулдаг бөгөөд өнгөрсөн 10-р сард болсон Японы парламентын сонгууль. Сүүлийн хагас зуун жил тогтвортой эрх барьсан Либерал Ардчилсан Нам олонхийн суудлаа алдахад л гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж эхэлсэн. Тиймээс Засгийн газар, тогтвортой бодлого улс төрийн орчин гадаадын шууд хөрөнгө оруулалтад хамгийн ихээр нөлөөлнө гэсэн үг.
“Орона Майнинг”-тай хийх гэрээ Оюутолгойгоос хойш хийгдэж байгаа анхны мега хөрөнгө оруулалтын гэрээ. Байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ихтэй манай улсын хувьд Оюутолгойгоос хойш 10 гаруй жил уул уурхайн мега төсөлд гадаадын хөрөнгө оруулалт авч чадаагүй гэдэг чамлалттай үзүүлэлт. Орано Майнингтай хамтрах төслөө эхлүүлж өмнөх алдаануудаа засаад урагшлах боломж байна.