ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн намар манай улсад айлчлахдаа Дулааны 3-р цахилгаан станцыг өргөтгөх зураг төслийг боловсруулах Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тэгвэл энэ хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэнээр, эрчим хүчний хараат байдлаас ангижрах оролдлогууд эхнээсээ нурав.
Дулааны 3-р цахилгаан станцыг нураагаад суурин дээр нь дахин барих балмад төсөл 1.4 тэрбум долларын өртөгтэй. Оросоос импортлох эрчим хүчийг нэмэгдүүлж, хойд зүгээс 100 хувь хараат болгох бохир тохироо эндээс харагдана. Төслийг хэрэгжүүлэх ОХУ-ын “Интер РАО”-ын ТЭЗҮ-д тусгагдсан 1.4 тэрбум ам.долларыг манай Эрчим хүчний яам, дулааны 3-р цахилгаан станц ТӨХК хүлээн зөвшөөрөөгүй өнөөг хүрч. Хэрэв одоо талууд тохиролцоонд хүрвэл одоогийн 48 МВт станцаа нураагаад, оронд нь 250 МВт-ын станц босгох юм гэнэ. Юутай ч зураг төслөө боловсруулах зээлээ эхлээд авч байгаа юм байна.
Эгийн гол, Эрдэнэбүрэн, Шүрэн, Багануурын станцуудыг багалзуурдсан хойд хөршийн хүйтэн савар Дулааны 3-р станц руу шургаж байхад, “их хэмжээний зээл” авсан ч шахаа авахгүйг хичээнэ гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “залж” харагдана.
Түрэмгий дайныг санхүүжүүлэх шахаанд орсон бүлэг наймаачдын эл үйлдлийг УИХ унагах ёстой. Үгүй гэвэл ирээдүйд нүүрлэх эрчим хүчний хямралаас Т.Доржхандын реформ аврахгүй нь лав.
Монгол улсын эрчим хүчний тусгаар тогтнолыг Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэнгээр мануулсан жилүүдэд Оросын тулган шаардалтыг үг дуугүй дагаж мөрдөх муу жишиг тогтлоо. Уг нь муу ч үгүй эрчим хүчний хараат байдал гэдэг чинь тусгаар тогтнол юм гэдгийг эхнээсээ ойлгоцгоож байсан юм даа.
Гэтэл арваад жилийн өмнөөс яригдаж тохироонд хүрэлгүй явсан 3-р станцын өргөтгөл ажил хэрэг болохдоо Монголын халаасыг сэгсэрч Оросын дайныг санхүүжүүлэх тавилантай аж.
Өнөөгийн ханшаар 500-700 саяар хийж болох ДЦС-3-ын өргөтгөлийг Оросын нөхцөлөөр 1.4 тэрбум ам.доллароор хийвэл мөн ч олон хүн шоронд орно доо. Энэ асуудлаар ДЦС-3-ын ТУЗ нэг ч удаа хуралдаагүй. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нэг бол хүчинд автагдсан, нэг бол хумсаа нуусан бололтой.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Оросын технологиор баригдсан станц учир өргөтгөл ч Оросынх байх ёстой" гээд байна лээ. ДЦС-4-ийн зуухны тоос бэлдэх систем бүхэлдээ, турбинуудын тохируулгын систем Японых болсныг мэдэхгүй байх л даа. ДЦС-3 дээр ч барууны технологи их нэвтэрсэн байгаа". Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Г.Ёндонгомбо. "Өдрийн сонин"
Цаашлаад уг гэрээнд Орос хэлийг давуу болгож, Монгол улсын хууль тогтоомжийг “мөрдөхгүй”, төсөл хэрэгжүүлэх компанийн тендерийг Монголд зарлах нөхцөлийг хүлээн авахгүй гэдэг гэх тулгалтыг Оросын талаас тавьсан нь үндсэндээ манайхыг доромжлон дээрэлхэж буй бүдүүлэг авир. Ийм шахаа шаардлагаас мултарч эс чадлаа гэхэд Монголын төр хар хайрцагны бодлогоор эрчим хүчний аюулгүй байдлаа хамгаалах ёстой. Шахаанд орсон ч эрчим хүчний салбарт хувийн хэвлийг оролцох боломжийг нь нээсэн шиг нээж өг. Бөөрөлжүүтийг Бодь группээр бариулснаар Монголд анх удаа, хувийн хэвшлийн нүүрсээр ажиллагдаг цахилгаан станц бий болсон. Эзэн нь Голомтын Д.Баясгалан. Харин дараагийн хувийн хэвшил засгийн газартай хэл амаа ололцоод эрчим хүчний төсөлд орж болно. Бөөрөлжүүттэй ижил төслүүд үргэлжилж байж эрчим хүчний хараат байдлаас ангижрах эхлэл тавигдана. Шахалтад орж гацдаг төр хувийн хэвшилд зай болж өгөх нь өлзийтэй.
Засаг данхайж, эх захгүй томорсны хэрэг юу билээ, эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх компаниудад тээг бөглөөс болохгүй байх дээр анхаарч өгөх хэрэгтэй. Эрчим хүчээр гаднаас, Оросоос хараат байснаас дотоодын компаниудтайгаа хэл амаа ололцох аль ч нөхцөлд амар биз.