Сүүлчийн тэмээний ачаа “хүндэрч” оны төгсгөлд улс орны эрх ашиг хөндөгдсөн чухал сэдвүүд шил дараалан хэлэлцэгдэж байна. Өчигдөр засгийн газрын хуралдаанаар орсон Монгол-Францын хамтарсан ураны төсөл болон Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх асуудлыг их хурал хэлэлцэв.
Арван зургаан жил хий эргэсэн Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төсөл нийт гишүүдийн 70.5 хувийн саналаар дэмжигдлээ. Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хамгийн их нөлөөлөх энэ төслийн бүтээн байгуулалт биднийг дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч Хятадын гол нийлүүлэгч болгоно. Бид нүүрс олборлолтоор дэлхийн топ-10 улсын нэг болно.
Төсөөлөөд үз. Стратегийн хувьд асар өндөр ач холбогдол бүхий энэ төсөл 16 жилийн өмнө хөдөлсөн бол өмнөх төслүүдээ өөрөөлөөс гуйлгүй өөрсдөө санхүүжүүлж чадах байж...
Алдагдсан боломж 16 жилээр, алдсан мөнгө 18 их наядаар хэмжигдсэн ч том төслийн өмнө тээг болж зогсдог, танкны үлгэрт итгэдэг, ууттай элс цоолж шогтдог, “вандалууд”-ын тоо толгой ашгүй цөөрч. Аливаа муу зүйлд сайн тал байдаг нь энэ.
ХОЖИЛ
Хятадын талаас ч “Эрдэнэс Тавантолгой” компанид хувь эзэмшихгүй, эзэмшиж байгаа лицензийг эзэмших санал тавихгүй, алдагдсан боломжийн өртөг 2.1 тэрбум юанын алдагдлыг нэхэхгүй, өргөн нарийн цариг тавихгүй гэж буулт хийсэн нь Монголд бол хожил. 16 жилийн дараа тохироо бүрдэж байгаа нь энэ үү...
Монгол ДНБ- ээ 2 дахин нэмэх, нэг хүнд ногдох ДНБ-ээ 10 мянган ам.доллар давуулах мөрөөдлөө Гашуунсухайт- Ганц мод төслөөр биелүүлэх боломж ойртоод ирлээ. Өнөөдөр Эрдэнэс Тавантолгойн 1 куб метр нүүрс олборлолтын өртөг нь 14 мянган төгрөг. Тэгэхээр ирэх 5 жилийн хугацаанд 27 сая тонн нүүрс худалдах тооцоо байна. Цаашлаад 2030 оноос эхлээд жил бүр 20 сая тонн нүүрс нийлүүлнэ. Өөрөөр хэлбэл манай экспортын орлого эхний таван жилдээ жил болгон ойролцоогоор 2.5 тэрбумаар 2030 оноос 11 тэрбум ам.доллараас давж нэмэгдэнэ гэсэн үг. Эдийн засагт үзүүлэх нөлөө нь эхний таван жил 1.1-1,2 нэгжээр 2030 оноос шууд дабльдаж өсөх тооцоолол гарчээ.
Юутай ч Ганц-мод Гашуунсухайт холбогдвол Шивээхүрэн Ханги Мандал боомтын терминалаа үргэлжлүүлэн нээхээр талууд тохирсон бололтой.
ЦОГЦ ГЭРЭЭ
Энэ онцлог нь цогц гэрээ болсон оршино. Үүнд мэдээж Төмөр замын хил холболтын гэрээ урт хугацаанд нүүрс худалдах, худалдан авах гэрээ, цаашлаад уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлууд тусгагджээ.
2030 оноос олборлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, өөр уурхайн амыг нээх зайлшгүй асуудал үүсэх учраас геологийн урьдчилсан судалгаа хийгдсэн Онч хараа, Бортолгой гэсэн цэг талбай дотроо хоёр амыг нээхээр Хятадын талтай хамтарч ажиллана гэсэн үг.
ЧАЛЬКОГИЙН САВРААС...
Зууны хулгайн замыг тавиад сураггүй одсон Сү.Батболдын Чалькотой хийсэн гэрээний горыг улсаараа үүрч явна. Тавантолгойг Чалькогийн араа шүдний завсарт үлдээсэн Сү.Батболдын балгаар нүүрсээ амны үнээр өгч сууна. Товчхондоо Зүүн Цанхийн нүүрс “Чалько”-гийн савраас 2028 онд суллагдана. Анх гэрээ хийгдсэнээс хойш 32 сая тонн нүүрс 2 тэрбум ам.долларын үнийн гүйцэтгэлтэй байсан бол 2022 оны гуравдугаар сараас гэрээ өөрчлөгдөж 8.2 сая тонн буюу 750 сая тонн нүүрс нийлүүлсэн гүйцэтгэлтэй байна.
Юутай ч Монголчууд минь төмөр замуудаа холбочихвол “жигдрэх юмандаа байгаа байх аа...