Хоёр их гүрний дунд жийргэвч бүс болсон Монголын эдийн засаг солонгорох нь геополитикийн асуудал хэвээр байна. Тиймээс ойрын болон дунд хугацаанд, уул уурхай ашигт малтмалын салбарын том төслүүд хөдөлж, үр өгөөж нь нэмэгдэх, гадаадын хөрөнгө оруулалт сайжрах нь Монгол Улсын эдийн засгийн голлох үзүүлэлт болно.
Энэ долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганаар Францын “Орано Майнинг” компанитай хамтран уран олборлох төслийн суурь болох хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Уран олборлолтын тус гэрээ дан ганц Монголын Улсын эдийн засагт бус “стратеги”-ийн хувьд нэн чухал ач холбогдолтой. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт бол Монгол Улсын гадаад харилцааны тэнцвэрийг хадгалах гол хүчин зүйл.
Ураны салбарт гадаадын хөрөнгө оруулалт татсанаар олборлолтын дүнгээр дэлхийд толгой цохиж буй Казахстан улс эдийн засаг, ДНБ-ийн өсөлтөөс гадна гадаад бодлогынхоо тэнцвэрийг ч хадгалаж чаджээ. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах нь дэлхийн улс орнуудын хувьд маш том өрсөлдөөн болдог. Тиймээс улс төрийн тогтвортой байдал, оновчтой бодлого, хууль эрхзүйн орчин, өмнөх хөрөнгө оруулалт маргаан дагуулахгүй байх нь хөрөнгө оруулалтын орчин сайжрах үндсэн шинж болно.
Тиймээс Монгол Улсын Засгийн газар “Уран олборлолт”, “Газрын ховор элемент”-ын шинэ төсөл хэрэгжүүлэхээс гадна, өмнөх төслүүдийн маргааныг эцэслэн шийдвэрлэж байж хөрөнгө оруулалтын орчин тогтворжино.
Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет зэрэг төрийн өмчит томоохон компаниудын 49%-ийн эзэмшлийн маргаан, “Оюу толгой” ХХК-тай холбоотой үүссэн татварын асуудлуудыг Монгол Улсын Засгийн газар эцэслэх ёстой. Монгол Улсын нүүр царайг тодорхойлох дээрх компаниуд бол гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, уул уурхайн хөгжлийг урагшлуулах бас том үзүүлэлт. Үүнээс гадна төрийн өмчит компаниудын ил тод байдлыг сайжруулах төсвийн орлого нэмэгдүүлэх, хамгийн чухал гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх нэг алхам юм.
Учир нь гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс дэлхийд байхгүйгээс гадна хөрөнгө оруулалтыг тухайн улсын “ноу-хау” дагалдан ирдэг билээ.
"Эрдэнэт" ТӨҮГ, "Монголросцветмет" компаниудын үйл ажиллагааг тогтвортой болгох нь эдийн засгийг төрөлжүүлэх, тогтвортой өсөлтийг хангах юм. "Оюу толгой"-н татварын хэмжээ тодорхой болох тул улсын төсөвт урт хугацаанд тогтвортой ашиг оруулах нөхцөл ч бүрдэж болно.
Ирээдүйн метал зэс, ирээдүйн эрчим хүч ураны нөөц манайд бий. Дэлхийн эрдэс баялагийн зах зээлд эрэлт өндөр байгаа зэсийн ирээдүй өнгөлөг байна. Мөн уул уурхай, ашигт малтмалын салбарт асар том шилжилт ажиглагдаж байгаа энэ цаг үед Монгол улс уул уурхайн салбарын өмнөх маргаануудаа эцэслэн урагшлах ёстой. Үгүй бол шилжилтээс гээгдэнэ.