Он солигдоход хоёрхон хоног үлдсэн энэ цагт Монголын улс төрийн үйл явдлыг эргэн санъя. Өнгөрсөн 365 хоногт Монголын УИХ болон Засгийн газрын хувьд эрх зүйн шинэчлэл, эдийн засгийн тэлэлт, гадаад харилцааны ахиц нь онцлох эерэг тал байсан бол нийгмийн бодлогын реформын удаашрал, авлигын эсрэг илүү хүчтэй хариуцлага үгүйлэгдсэн нь гол шүүмжлэл байлаа. Ирэх жилүүдэд бодлогын залгамж чанар, бодит хэрэгжилт, илүү үр дүнтэй нийгмийн тэгш оролцоо шаардлагатай байна.
2024 оны Монголын улс төрийн онцлох үйл явдал бол яалтачгүй УИХ, Орон нутгийн сонгууль байлаа. Үндсэн хууль, Сонгуулийн хуулиа шинэчилж аваад, энэ удаагийн УИХ-ын сонгуулиа холимог тогтолцоогоор явуулж, 76 бус 126 гишүүнтэй болох нь олон ч иргэнд итгэл өгч, улс төрийн шинэчлэл авчрах сэвэлзүүр салхи нь байгаасай гэж хүссэн. Гэтэл сөрөг хүчний мөрөөсөл болж байсан парламентын танхимд хоёрын хоёр сөрөг хүчин орж ирсэн ч, эрх баригч намтайгаа Засгийн газраа хамтран байгуулаад, бүлх залгисан мэт болж, Засгийн газрын тэргүүнийхээ утсан хүүхэлдэй нь болоод "унтрав".
Учир нь, олон жил гацсан мега төслүүдийн гацсан шалтгааныг олж, улс төрийн намууд зөвшилцсөний дүнд хамтарсан Засгийн газрыг байгуулаад 100 хонолоо гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ онтой зэрэгцэн мэдэгдэж зогсоно. Албан тушаал нь савлаж, эрх мэдэл нь ганхаж, нэг намын ах нар нь харц буруулж агаарын бохирдол нэмэгдэх болсон шалтгаан нь Л.Оюун-Эрдэнэ гэж шууд биш ч хэлээд авсан нь түүнийг 2025 оны өмнө сэргээв.
Өөрийг нь чиглэсэн улс төрийн дайралт, нийгмийн шүүмжлэлийг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг тараах ажлаар намдаав. Хамгийн хачирхалтай нь тухайн мөнгө яг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн данснаас гарсан эсэхэд бас л хяналт оруулах шаардлага үүсээд үлдсэн. Гэхдээ хэсэгтээ Л.Оюун-Эрдэнийн улс төр дэх орон зайн савалгаа унтарсан юм.
Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар гурван Шадар сайдтай, ерөнхий чиг үүргийн гурав, чиглэлийн 12, яамгүй дөрвөн сайдтайгаар ажиллаж байна. Хамтарсан Засгийн газарт МАН-аас 13 сайд, АН-аас 8, ХҮН намаас хоёр сайд томилсон. Хамтарсан Засгийн газрыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн эдийн засгийн тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх амбицтай байгуулжээ.
Ийнхүү улс төрийн түүхэнд онцгой сонгууль болж, УИХ 4 нам, 1 эвслээс бүрдсэн парламенттай болов. Эцэст нь, УИХ-ын гишүүдийн тоог нэмээд, улс төр дэх иргэдийн дуу хоолой, байр суурь хууль батлах, шийдвэр гаргах түвшинд хүрч чадаж буй эсэхийн эхний сорил нь 2025 оны төсөв байлаа.
Гэтэл 126 гишүүний 65 хувь нь дэмжсэнээр ₮1.9 их наядын алдагдалтай төсвийг батлав. Төрийн ордны гадна, цахим орчинд гээд дуу хоолойгоо хаана хүргэж болох бүх газарт иргэд, олон нийт эдийн засгийн бодит тооцоололгүй төсвийг асар их шүүмжилсэн. Өнөөх ард түмнийхээ дуу хоолой нь болохоор сонгогдсон гишүүд нь "нүдэн балай, чихэн дүлий суув". 11 хоногийн дараа Ерөнхийлөгч баталсан төсөвт нь хориг тавив. Ерөнхийлөгчийн зөв болохыг, олонх нь баталсан 2025 оны алагдалтай төсөв нь буруу болохыг толгой сэгсрэн гайхширцгаав. Үр дүнд нь, намууд санал татахын тулд улс төрд бэлтгэгдээгүй нөхдийг нэр дэвшүүлж, жагсааж парламентад оруулсан болох нь УИХ-ын намрын чуулганы хуралдааны хугацаанд гишүүдийн илэрхийлэх байр суурь, баримтлах бодлогоос харагдаж, нийгэм таньж эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Г.Лувсанжамц нар хөдөөний оюутнууд жорлон ашиглаж чаддагүйг гайхаж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат МҮЭХ-ны ерөнхийлөгчийн хувиар гурван талт хэлэлцээрт орж, БНСУ-д МҮЭХ-ны ерөнхийлөгчийн хувиар айлчлаад авав. Улс төрийн намын жагсаалтынхан ингэж бодит төрхөө таниулах тусам олон нийт цаашид жагсаалтынханд итгэл үнэмшилгүй болох нь цаг хугацааны асуудал боллоо.
Эндээс харахад, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог холимог хэлбэрт шилжүүлэх нь парламентын төлөөллийн чанарыг сайжруулах, засаглалын тогтвортой байдлыг хангахад чиглэж буй алхмууд гэж үзэж болох ч олон нийтийн итгэл хүлээж авах, бодит шинэчлэл болгох нь чухал гэдгийг харуулж байна.
1990 оноос хойш нийт 9 удаагийн УИХ сонгогдоход 2004-2008, 2008-2012, 2012-2016 онуудаас бусад хугацаанд МАН эрх барьж илүүрхсээр байна. Нийслэлд ч, сүүлийн 34 жилийн хугацаанд дөрөвхөн жилд нь буюу 2012-2016 онд Э.Бат-Үүл захирагчтай Ардчилсан нам хотыг удирдаж, үлдсэн 30 жилийн хугацаанд мөн л МАН нийслэлийг захирсан байдаг. Эндээс утаатай, түгжрэлтэй, төлөвлөлтгүй, үертэй өнөөдрийн Улаанбаатар хотыг хэн бүтээсэн нь тодорхой харагдана. Гэсэн ч, нийслэлд дахин МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Тэд дахин зуух тарааж агаарын бохирдолтойгоо, метро барьж авто замын түгжрэлтэйгээ тэмцэхээр хотын татвар төлөгчдийн мөнгийг төсөвлөжээ.
Гадаад харилцааны хувьд, 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан, Туркменистан, Казахстан, Франц, АНУ, Азербайжанд албаны болон төрийн айлчлал хийсэн юм. Харин Монголд Хаан, Хатан, Ерөнхийлөгч, ТНБД, сайд, ОУ-ын байгууллагын Ерөнхийлөгч гээд 12 улс, нэг олон улсын байгууллагын Ерөнхийлөгч зочилсон өндөр жил байлаа. УИХ-ын сонгуультай жил гэх утгаараа сонгуулиас өмнө Герман, Их Британиас л дээд хэмжээний айлчлал хийсэн бол яг сонгуулийн сард Беларусь, Лаосын Ерөнхийлөгч нар ирээд буцав. Харин сонгуулийн дараа дээд хэмжээний айлчлал жинхэнэ утгаараа эрчимжсэн юм. 2024 оны айлчлал дундаас Словени, Швейцар, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны анхны эмэгтэй Ерөнхийлөгч нар Монголд анх удаа айлчлав.
Үүнээс гадна дэлхийн анхаарлыг татсан айлчлал ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиных байлаа. Энэ айлчлал бол гагц гадаад харилцааны түүх бус Монголын Улс төрийн энэ оны хамгийн том, анхаарал татахуйц айлчла байсан гэж дүгнэхэд буруудахгүй биз.
Эдгээр айлчлалуудаас гарсан онцлох үр дүн нь Монгол Улс Европын Холбооны улстай буюу Германтай, Төв Ази буюу Казакстантай анх удаа стратегийн түншлэл байгуулсан явдал байлаа. Ийнхүү дотоодын "хөл толгой нь олдохгүй" улс төрөөс өндийгөөд харвал барууны орнууд Монголыг сонирхож буйгаа айлчлалуудаараа ч харуулсан гэж дүгнэж болохоор байна.