



















Аугаа Зевс Кронус эцгээ ялж Тартар руу илгээсний дараа Олимп уулнаа суурьшиж бурхдын хаан суужээ. Бурхдын хаан Зевсийн анхны хайр Метис “эрдэм мэдлэг”, “мэргэн ухааны” охин тэнгэр байсан тул Зевс өөрөөс нь “хүчирхэг” хүү, эхээсээ “ухаалаг” охин мэндэлж Кронус эцэг шигээ төгсөхөөс эмээн хэвлийдээ үр тээсэн Метисийг залгиж орхино. Гэвч эрдэм мэдлэг, мэргэн ухааны охин тэнгэр Метис Зевсийн оюун ухаанд охин Афинаг өсгөж, жад дуулга зэхэн өгнө. Зевсийн оюун санаанд мэндэлж нас бие гүйцсэн Афина Метис эхийнхээ зэхэн өгсөн зэвсгээр Зевсийн толгойг дотроос нь цохин өвтгөснөөр эцэст нь Зевсийн толгойноос мэргэн ухааны бурхан Афина мэндэлжээ...
Эртний Грекийн домогт өгүүлснээр, хүн төрөлхтөнд “цэцэн цэлмэг”, “ухаан эрдэм” ийн иржээ. Эриний эрин, галавын галав цагт эртний хүчирхэг Грек Ромын домгоос, эгэлгүй ариун библиэс, эгнэшгүй хүчит Манзуширын домгоос амилж, агуу Күнз, мэргэн Дао, сэтгэгч Сократ, цэцэн Платон, Афины Арестотелоор хүч нэмэн жигүүрлэж, хүн төрөлхтөнд өвлөгдөн ирсэн “мэргэн ухаан”, “оюун мэдлэг” гээч нь юунд ч үл захирагдах “хүч” хэмээгдсээр дэлхий ертөнцийг үеийн үед захирах гол зэвсэг болж байв. Эрдэм мэдлэг нь хүнээс хүнд өвлөгдсөөр эртний нийгмийг, эгэл оршихуйг, дайн тулааныг ч хувьсган өөрчилсөөр өнөөгийн технологийн ертөнцөд биднийг хөтөлсөн.
Гэвч...Эрдэм мэдлэг гээч нь он цагийн уртад хүнээс хүнд, багшаас шавьд уламжлагдан дамжиж, хөгжин дээшилж, хувьсан өөрчлөгдөх явцдаа “өөрөөсөө” мэдээ мэдээллийг төрүүлж. Хүний ертөнцийн хөгжил дэвшилтэй зэрэгцэн бойжсон “мэдээ” “мэдээлэл” нь эдүгээ цагийн өнгийг тодорхойлж, эрдэм мэдлэгтэй холилдон хутгалдаж хүний ухамсарт суух цаг үе иржээ. Мэдлэгийг хэрхэн тодорхойлсныг Монгол хэлний тайлбар толиос эш татвал, "Мэдлэг нь танин мэдэх үйл ажиллагааны үр дүнд тодорхой мэргэжлээр сурч боловсрол эзэмшсэн түвшин, мэдэц юм". Мэдлэг бол боловсрол дадлага туршлагаар ур чадвар олж авах тодорхой мэдээллийг сайн мэдэж байхыг хэлнэ гэжээ.
Тэгвэл орчин цагийн хязгааргүй урсах зүсэн зүйлийн, үнэн худал нь гүйцэгдэхээ өнгөрсөн мэдээ мэдээллийг, хянаж цензүрдэлгүй тархиндаа чихэж, сонссон нь соргог, мэдсэн нь мэдлэгтэй болох эндүү нийгэмд та бид амьдарч байна. Тэс ондоо хоёр зүйлсийн тунг тааруулж, хэм хэмжээг нь зохист түвшинд баривал тэр орчин цагийн хувьсалд өөрийн хэргийг бүтээх аж.
Ялгааг нь өгүүлбээс,
Мэдлэг, боловсролыг эзэмшиж насан туршид тэр хязгааргүй ай савыг судалсаар явах хүмүүн сүсэг бишрэл, итгэл үнэмшил, гоо сайхан, ёс суртахуун, ёс зүй, танин мэдэхүй, шүүмжлэлт сэтгэлгээ, агуу бүтээл суу билгийн, эзэд “байсан”, “байгаа” “байсаар” ч байх билээ. Тэд шинийг сэтгэсээр, хүний нийгмийг хөгжилд цэцэглэлтэд чимээгүй дагуулсаар ирж, ирээдүйд ч дагуулна.
Харин үнэнг өгүүлэх мэдээ мэдээлэл нь мөн л хүнээс хүнд дамжигдан хөгжихдөө бүрхэг агуулгыг “танин мэдүүлэх” хүмүүн биднийг цаг үетэй зэрэгцүүлэн хөтлөх эрхэм үүргээ гүйцэтгэж яваа
Гэвч мэдээллийн салбар нь хүн төрөлхтнийг цаг үетэй хамт хөгжүүлэхдээ шинжлэх ухааны суурь мэдлэг дорой хэн нэгнийг “маллах” “зэвсэг” болтлоо хөгжсөөр... Энэ цагт шинжлэх ухааны болоод нийгмийн ухааны суурь мэдлэг “ядмаг” байх тусам орчин цагийн мэдээллийн урсгалд хялбар нэрвэгдэж “утсан хүүхэлдэй”, “угаалгасан толгой, “хуниасгүй тархи” “хулхи мэдлэг” болон хувирах аж. Уншиж, танин мэдэж, сэтгэж, боловсрох тусам хүн “болсон тариа” адил бөхийдөг бол хязгааргүй мэдээллээр өөрийг хуяглах тусам “ойворгон, онгироо” нь хэтэрдэг жамтай. Хэт их цензургүй мэдээлэл тухайн хүнээ аз жаргалгүй болгодог судалгаа ч орчин цагт хийгдэх болж. Сократын нэгэн цагт хэлсэн “Зөв сэтгэдэг, хурц ухаантай хүнийг л жаргалтай хэмээн үзэж болно” гэсэн үг энэ цагийн төрхийг өгүүлж.
Манайд бүү хэл дэлхийд ч суурь мэдлэг, цензургүй мэдээллийн ялгаа танигдахаа больж, мэдээлэлтэй нь төрд авирч, түмний толгойд, мэдлэгтэй нь нийгмийн ёроолд амьдрах болж. Мэдээлэлд ойрыг мэдлэгтэй эндүүрэх бэртэгчнүүд болох болохгүйг сэтгэж, төрийн зай завсар руу толгойгоо шургуулж эрээ цээргүй авирласаар явна. Мэдлэг мэдээллийг ялгаж салгадаг үнэт зүйлстэй нийгэм хэзээ бүрэлдэж, зүй тогтлоо хэрхэн зөв бүтээх вэ? Нийгэмд гүйцэтгэх мэдээллийн үүргийг хэвээр нь үлдээж үнэт зүйлсийг нь гажуудуулахгүй үлдээе гэвэл дэс дарааллаа алдаж, дээр доороо орж солигдсон “мэдлэг” “мэдээлэл” хоёрыг эргэцүүлэн тунгаадаг болох л юмсанж.










